“Стандартад нийцээгүй” М.Сарнай

30a1eb_maxresdefault_x974-768x432Сүүлийн үед М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ гэх хоёр бүсгүйн өөр хоорондын маргаан олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээгээд байна. Өнгөц харахад тэдний маргаан хоёр хүний асуудал мэт боловч олон хүүхдийн хувь заяатай холбоотой тул ийнхүү массын анхаарлыг татсан хэрэг.

Иргэд гэлтгүй хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хоёр хувааж чадсан энэхүү үйл явцад сая нэг албаныхан байр сууриа илэрхийлж эхэлсэн нь сайшаалтай ч асуудлыг шийдэх гарц гэхээсээ илүүтэй төрийн бодлого хийгээд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль, Эрх зүйн дутагдлыг нь харуулсан, бас сануулсан тайлбар байв.

Үүнийг саяхан хэд хоногийн өмнө Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаагийн хэвлэлд өгсөн тайлбараас харж болно.

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Хүний, өөрийн олон хүүхдийг гэртээ байлгаж, асран хамгаалж байгаа М.Сарнай гэдэг эмэгтэй хандив цуглуулж байна гэх мэдээллийг энэ оны эхээр хүлээж авсан. Тэр даруй бид М.Сарнайгийн гэрт нь очиж газар дээр нь танилцсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр очиж, уулзсан байдаг. Тухайн үед биднийг очиход тэдний гэрт нь 10 орчим хүүхэд, тэнд ажилладаг хэдэн эмэгтэй байсан.

Тэдний ярьж байгаагаар хогийн цэг дээр амьдардаг, ажилладаг хүмүүсийн болон М.Сарнайгийн ойр орчим байдаг эцэг, эхчүүд хүүхдүүдээ түүнээр харуулдаг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нийт 18 хүүхдийг хардаг болохыг нь тогтоосон. Харин М.Сарнайгийн яриагаар бол ойролцоогоор 30-аад хүүхдийг харж, асардаг гэсэн. Хамгийн гол нь бид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” гэх албан ёсны мессеж, зүй ёсны тайлбарыг өгчээ.

Харин ярилцлагынхаа төгсгөлд “Бид өнгөрсөн баасан гарагт М.Сарнайгийнд очсон. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд нүүж ирэхэд нь зургаан хүүхэд хамт ирсэн байна. Харин бусад есөн хүүхдийн тав нь өөрийнх нь болон эгчийнх нь, хүүхдийнх нь хүүхэд байсан. Харин үлдсэн дөрөв нь түүн дээр шинээр ирсэн хүүхэд байсан.

 

Гэвч М.Сарнайгийн хувьд хүүхэд харж, асрах яг албан ёсны зөвшөөрөл аваагүй. Уг нь, түүний энэхүү байдал халамжийн хуулиараа Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэг хэлбэр байх боломжтой. Үүнээс өөрөөр хүүхэд харах, хүүхэд тэжээн тэтгэх албан ёсны үйлчилгээ огт биш” гэдгийг тодотгожээ.

Тэгвэл хууль, журмаараа төрөлжсөн асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, гурав бай түүнээс дээш ихэр хүүхдийг хүлээн авна гэж заасан байдаг аж.

Харин энэхүү үйлчилгээг эрхлэх гэж буй хувь хүн болон албан байгууллагын хамт олон найман шаардлага, шалгуурыг давж байж сая нэг зөвшөөрлөө гардаж авдаг байна.

Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Манайхтай гэрээтэй хувийн хоёр л Төрөлжсөн асрамжийн газар байдаг. Бусад байгууллагатай нь гэрээтэй биш хувийн журмаараа л харьцдаг. Хөдөө орон нутагт яг энэ чиглэлээр дагнасан найман газар бий.

Сүүлийн үед яригдаад байгаа М.Сарнайгийн хувьд бол хүүхдийн асрамжийн газар байгуулах сонирхолтой байгаа юм билээ. Хэрэв тийм бол Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу л тухайн газраа байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/97 тоот тогтоол гэж бий.

Үүнд Төрөлжсөн асрамжийн газар байгуулах тухай тодорхой зааж өгсөн. Үүний дагуу бичиг баримтаа бүрдүүлж, шаардлагыг нь хангавал эрхээ авдаг” гэх тайлбарыг өгөв.

Дээрх бүх тайлбараас дүгнэхэд М.Сарнай гэх эмэгтэй өнөөдөр хүний, өөрийн тэдгээр хүүхдийг үргэлжлүүлэн асрахын тулд хууль журмынх нь дагуу тусгаж өгсөн тэрхүү шаардлага, стандартыг нь мөрдөх ёстой болж таарах нь.

Нөгөө талаараа хэрэв тэр тэрхүү шаардлага, стандартад нь үл нийцэх аваас түүний өнөөг хүртэл хүний төлөө хийж байсан ажил нь цаашид үргэлжлэх боломжгүй болно гэсэн үг. Наад зах нь, мань эмэгтэй стандартын шаардлагад нийцсэн барилга, байшинтай байхаас эхлүүлээд түүнийг нь магадлан итгэмжлэгдсэн эсэх, боловсон хүчин зэрэг олон шаардлага, шалгуурыг давах ёстой болж таарч байна.

Гэтэл үнэндээ М.Сарнай гэх эмэгтэй хэвлэл мэдээллийнхэн хийгээд иргэдийн амны “бай” болохоосоо өмнө тэрхүү хүүхдүүдийг харж, асраад болж л байсан. Тэр төр засгаас болон ард иргэдээс нэг ч төгрөг гуйгаагүй, зөвхөн хүний төлөө гэсэн сэтгэлээр бусдын хүүхдүүдийг харж, асарч ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр тэр хэдийгээр бусдын хүүхдийг харж, хандах сэтгэлтэй байгаад ч хууль, журмынх нь дагуу, түүнд тавьсан шаардлага, стандартад нийцэхээс эхлүүлээд олон бэрхшээлтэй нүүр тулж сууна.

Зүгээр энгийнээр ойлгоход иймэрхүү төрлийн ажлыг хэн дуртай нь хийхгүй нь тодорхой. Гагцхүү бусдыг гэсэн сэтгэлтэй, нэг үгээр өөрийн амьдралаа үл тоож, хүний төлөө явдаг хүмүүс л хийхийг зорьдог нь харагддаг.

Харин төрийг төлөөлж суугаа холбогдох албаныхан утга учиргүй олон хууль, журам ярьж суухын оронд иймэрхүү хүнийг дэмжиж, тэтгээд нэг ч гэсэн хүүхдийг ирээдүйд нь хөтөлбөл сайн сан.

Өглөөний сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 August 2017

хөөрхий дөө зовж байгаа хүүхдүүдэд тус болсон биш одоо бүүр яланд унах гээд байна уу даа. энэ нийгэмд хүн хүнээ гэх сэтгэл байхгүй хүний сайхан сэтгэл шороотой холилдож зөвхөн нэр төр мөнгө гол байр эзэлдэг болсон нь харагдаж байна. ийм л болоод монгол ядуу хөгжихгүй авилгал хээл хахуульд идэгдэж яг л яс булаалдаж буй ноход шиг амьдардаг амьдралтай болжээ. энэ монголын минь ирээдүй болсон үр хүүхдүүд минь нар гарахыыг хүлээсээр ……

Сэтгэгдэл бичих