Ээжээ… та битгий архи уугаарай


Монголчууд хэдийгээр архи идээний дээж хэмээн хүндэлдэг ч сархад савнаасаа бусдыг дийлдгийг та бид хангалттай сайн мэднэ. Үнэндээ монголчууд их, бага гэлтгүй архин далайд хөлчүүрхэн живж байна. Хоёр сая гаруйхан хүн амтай Монголд архи, спиртийн 400 гаруй үйлдвэр, жижиг цех ажилладаг гэх. Үүний 139 нь нийслэлд бий. Өлгийтэй нялхас, өтгөсийг оролцуулаад нэг хүнд жилдээ 19 литр архи, 5-6 литр шар айраг, 3-4 литр спирт ногдохоор үйлдвэрлэл явуулж байна гэхээр үнэхээр сэтгэл сэрдхийм. Хажуугаар нь жил бүр хэдэн сая литрээр нь гаднаас архи, шар айраг импортолдог.

Түүн дээр хувиараа найрка үйлдвэрлэдэг гэхээр энэ тоо аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг гэрчлэнэ. Энэ их архины тоо хэмжээний цаадтай гэр бүл, үр хүүхэд архи гэгч аймшигт уршигын золиос болон гудамжинд гарч, амь насаараа хохирдог. Амьдралын аз жаргал, сайн сайхныг үл мэдрэн, хэрүүл тэмцэл, хүчирхийлэл дор нулимс дуслуулан амьдарч байгаа олон хүний сэтгэлд архи хэмээх шингэнийг үзэн ядах сэтгэл оволздог гээд хэлчихэд буруудахгүй. Ялангуяа сүүлийн үед охид бүсгүйчүүд архинд шунан дурлаж, донтож буй нь туйлаас эмгэнэлтэй.

Гэхдээ итгэл сэтгэл байвал хичнээн донтсон ч эл гашуун ундаанаас татгалзах эр зориг эрхэм хүн таньд бий гэдгийг бүү мартаарай. Архи уухгүй юмсан гэж бодовч хяналтгүйгээр уусаар байгаа зарим нэгэнд хэрэг болох болов уу хэмээн өөрийн танилын талаар бичихээр шийдлээ. Миний танил боломжийн ахуйтай айлын охин, эрх танхи бүсгүй. Арван жилийн сургуулиа төгсөөд л ангийнхаа хүүтэй гэрлэж, аз жаргалтай амьдрал, айл гэрийн гэргий болсон тэрбээр том хүү нь гурван настай, багыгаа хэвлийдээ тээж байхад нь нөхөр нь өвчнөөр нас барсан юм.

Инээд цалгисан аз жаргалтай амьдралынх нь түшиг тулгуур болсон эр нөхөр нь орой унтахаар зэрэгцэж хэвтээд л өглөө нь өөд болчихсон байсан гэдэг. Хатуу хөтүүг үзээгүй найз маань бага хүүгээ гарснаас хойш бор дарстай нөхөрлөн сэтгэлийн уйгаа дундлах болсон.

Нэг үе сураг алдраад хожим уулзахдаа найз минь, “Хүү минь байгаагүй бол би өдийд “бөбөөчин” болох байсан. Тэгээд чамтай тааралдаж найрканы мөнгө шаналгах байсан ч байж магадгүй” гээд гунигтайгаар инээмсэглээд санаа алдсан. Сэтгэлийн зовлонгоо нимгэлэх гэсэн тэрбээр хоёр хүүгээ аав, ээждээ даатгачихаад чухам л шулуудсан мэт шоу цэнгээн хаа байна, тэнд би гэх зарчмаар амьдардаг болжээ.

Дэлгүүрт хүнсээ авах гэж орчихоод өөрийн мэдэлгүй архины тасаг руу очоод хараад зогчихдог болчихсон байсан гэж тэр хэлсэн. Нэг удаа шөнөжингөө архидчихаад өглөө босох тэнхэлгүй хэвтэж байтал дөнгөж сургуульд орсон хүү нь хичээлдээ явахаасаа өмнө хүйтэн ус дөхүүлж өгөхдөө “Ээж ээ, та миний захиаг уншаагүй юм уу. Би таны халаасанд захиа хийсэн шүү дээ” гэж хоолойн зангируулан хэлчихээд эмээдээ хөтлүүлэн сургууль руугаа явж. Найз маань хэсэг хэвтэж байснаа босч дүүгээсээ ганц пивоны “салгачихаад” зуршил ёсоор дэлгүүр оржээ. Тэгээд мөнгөө гаргах санаатай халаасаа тэмтэртэл нэг цаас хамт гараад ирж.

Тэгэхэд л хүү нь захиа бичиж халаасанд нь хийсэн гэж байсныг санаж задалтал “Ээж ээ та битгий архи уугаарай.” гэж их л хичээнгүйлсэн бололтой сарайлган бичсэн байсан аж. Цагаан толгойн үсгээ ч гүйцэд үзэж амжаагүй хүүгийнхээ анхны захиаг бичих шалтгаан нь болсондоо найз маань ихэд эмзэглэж бас ухаарсан гэсэн. Яг тэр өдрөөс хойш дусал ч архи, бас пиво амсаагүй. Хэрвээ тэр үед хүү минь захиа бичээгүй бол би амьдралын балчиг руу хэзээ ч гарахгүйгээр шигдэх байсан. Миний хүү ээждээ дахин төрж, ухаарах боломж олгосон бурханаас заяасан бэлэг шүү хэмээн ярих найзын маань нүдэнд нулимс мэлтэлзэж байж билээ. Өдгөө найз маань мэргэжлээрээ ажиллаж, бүсгүй хүн эр хүнээс дутахгүй амьдралаа авч явдгийн үлгэр жишээг үеийнхэндээ үзүүлдэг галтай дайчин, сайхан ч бүсгүй, сайн ч ээж…
Архи хэмээх хатуу ундаа алдар нэртэй, баян чинээлэг, ядуу хоосон, мэргэжил, боловсролтой гэж ялгалгүй хүн бүхнийг ууж, устгах чадалтай. Гэхдээ архины хар хор, далд хүчинд автсан хэн ч энэ гаж донтолтоос татгалзаж чаддаг гэдэгт би итгэдэг. Тийм ээ, ертөнцийг таних гэж ядаж яваа балчир үрсийнхээ төлөө, тэднийхээ анхны хүсэл, анхны захидалд архины бараан сүүдрийг татуулахгүйн тулд архинаас татгалзаарай… Инээд алдсан балчир үрс ээжийгээ архи уухад хичнээн их шаналдгийг төсөөлөхөд ч бэрх. Амьдрал алдаа онооны дэнсэн дээр өрнөдөг ч архинаас л хол бол “гэрэл” асдаг юм шүү, хүмүүс ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.