Катарчууд хямралд эв нэгтэй хандаж байна

f2a0e715ba5758fc7cc18727ad25ae2e

Катарт дипломат харилцааны хямрал эхлээд  гурав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Эдийн засгийг царцанги байдалд  оруулсан энэ хямралаас Катарын ард иргэд анхандаа айж сандарч байсан ч удалгүй  тайвширч, харин ч эв нэгдэлтэй байж, нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцэж чадах шийдвэр зоригоо харууллаа. Гэвч эргэн тойрны улс орнууд нь тус улсыг бүх талаар  битүүмжилсэн учраас Катарын эдийн засагт асар их гарз хохирол гарч, аж  үйлдвэрийн салбарын хэтийн төлөв эргэлзээтэй байдалд оржээ. Энэ тухай ХОУР-гийн  сэтгүүлч Жао Юаньфаны Доха хотоос ирүүлсэн мэдээллийг  хүргэе.

8 дугаар сард Катарт агаарын температур  өдөртөө 40 хэмд хүрдэг. Хямралд орсон Катарчуудын эх оронч сэтгэл агаар шигээ  халуун байлаа. Хотын том, жижиг бүх гудамжинд эх оронч дуу эгшиглэж, Катарын  төрийн тэргүүн Тамим бин Хамад Эль Танийн хөрөг энд тэндгүй харагдана. Энэ бүхэн  Катарчуудын эв нэгдэл, хатан зоригийг илэрхийлэх мэт…    ХӨТ: Катарчуудын эв нэгдэл, хатан зориг  дуучин Юусуф Эль Блушийн дуулсан, “Бид тантай хамт байх болно, Катар” дууг  санагдуулна. Нутгийн иргэд төдийгүй энд ажиллаж амьдарч буй гадаадууд ч Катарыг  дэмжиж буйгаа илэрхийлж байв. Филиппинээс ирсэн Карин Каромба хэмээх охин ингэж  ярьсан юм.

“Намайг Карин гэдэг. Би Филиппинээс ирсэн. Би  Катарт 7 жил ажилласан. Энэ бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Би  Катарт хайртай. Би өөрийгөө Катар хүн гэж боддог.”   ХӨТ: Иргэдийн сэтгэл санаа тайван байна. Учир  нь санхүүгийн чадвартай Катарын засгийн газар янз бүрийн арга хэмжээ авч,  хүнсний болон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг  баталгаажуулсан юм. Гэтэл зарим ногоо, жимс жимсгэнийн үнэ өссөн нь иргэдийн  амьдралын өртгийг нэмэгдүүлсэн байна. Гуанз рестораны салбарт илүү их хүндрэл  тулгарсан гэнэ. Хятад гуанз ажиллуулдаг нэгэн бизнесмен ингэж ярьсан юм.

“Зардлын хувьд, хамаагүй илүү нэмэгдсэн.  Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль урьд нь 3 риал байсан. Харин одоо 8 риал  боллоо. Ойролцоогоор 2, 3 дахин нэмэгдсэн. Зарим ногооны үнэ 4, 5 дахин өссөн.  ”

Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт  ноцтой гарз хохирол учирч байна. Битүүмжилсний улмаас жуулчдын тоо ихэд  хорогдож, маш олон зочид буудлын өрөөнүүдийн 80 хувь нь хоосон, зарим бага оврын  аяллын компани арга буюу хаалгаа барьжээ. Катарын агаарын тээврийн компани өдөрт  125 удаагийн нислэгээ цуцалж байна. Одоогоор хэвийн явж буй нислэгийн ихэнх нь  тойрч нисэх шаардлагатай болсон бөгөөд шатахууны хэрэглээ, нислэгийн цаг ихээр  нэмэгжээ. Битүүмжлэл нь Qatar Airways-ын энэ оны ашиг орлогыг 30 хувиар  бууруулна гэж зарим тайланд дурдсан юм. Qatar Airways компанийн гүйцэтгэх  захирал Акбар Эль Бакер: Битүүмжлэлээс Катарт учруулсан хямралын үр дагавар урт  хугацаагаар үргэлжилж мэднэ гэжээ.

“Битүүмжлэл үнэхээр сөрөг нөлөө учрууллаа.  Энэ хямрал бидэнд гүнзгий сорви үлдээсэн. Үүнийг богино хугацаанд даван туулах  бололцоо огт алга. Ялангуяа олон гэр бүлд хохирол учруулж, үүний улмаас хүүхдүүд  хичээл сургууль завсардан, олон эхнэр нөхөр, гэр бүл салж сарнисан юм шүү.  Үүнийг Катарчууд бид мартах ёсгүй.”

Үүнээс гадна, 2022 оны хөл бөмбөгийн  ДАШТ-ийг зохион байгуулах гэж буй цэнгэлдэх хүрээлэн, метро, төмөр зам зэрэг дэд  бүтцийн бүтээн байгуулалт олны анхаарлыг татаж байна. Катарын албаны талаас,  “Битүүмжлэлийн дараа Катарын тал ачаа бараа оруулах шинэ суваг, агаарын тээврийн  шугамыг тэр даруй орлуулж нээсэн. Тиймээс хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл ажилд нөлөөлөхгүй” гэж мэдэгдсэн. Хэдий тийм боловч ханган нийлүүлэх холбоосыг  өөрчилсний улмаас зардал нэмэгдэж, барилгын компаниудын ашиг орлого хумигдах нь  зайлшгүй.

Персийн булангийн бүс нутгийн эдийн  засгийн үйл ажиллагааг олон жил анхаарч, дагнаж ажилласан судлаач Николас  Бремер: Хэрэв хямрал цаашид даамжирч, зардлыг хүндрүүлбэл, маш олон барилгын  компаний орлого зарлагын баланс алдагдаж мэднэ гэжээ.

“Битүүмжилсний улмаас, хямрал эхэлсэн даруйд  хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад  хамгийн их саад бэрхшээл тулгарсан. Маш олон тоног төхөөрөмж, түүхий эдийг  Катарт оруулж ирэх аргагүй боллоо. Катарын хувьд заавал шинэ ханган нийлүүлэх  холбоос гаргах шаардлагатай тулгарсан. Гэвч энэ нь олон салбарын хөрөнгө  санхүүгийн дарамтыг нэмэгдүүлсэн.”

8-р сарын 5-ны өдөр, хямрал эхлээд яг  хоёр сар боллоо. Хямралын эхний сарын дотор Катарын эдийн засгийн хохирол 30  тэрбум ам.долларт хүрсэн гэж шинжээчид үзэж байна. Катарын төв банкны гадаад  валютын нөөц 6-р сард 10.4 тэрбум ам.доллараар багасаж, сүүлийн таван жилийн  хамгийн доод түвшинд хүрчээ. Урт хугацааны битүүмжлэл нь хөрөнгийн зах зээлээс  Катарт тавьсан итгэлийг ноцтой унагана гэж олон хүн төсөөлж байна. Битүүмжлэл  хэзээ цуцлагдах, ирээдүйн төлөв байдал ямар болох нь тодорхойгүй хэвээр байна.  Катарын Доха институтийн Олон улсын улс төр судлалын газрын профессор Самер  Шехата: Одоо хоёр тал харилцан найр тавибал, хямралын зохицуулалтыг урагш ахиулж  чадна гэжээ.

“Катар улс байр сууриа бага ч гэсэн  өөрчилснөө харуулах шаардлага бий. Гэхдээ ямар нэг бодит үйл ажиллагаа явуулах  шаардлагагүй ч байж мэднэ. Саудын Араб зэрэг орныг нэр төртэй байлгаж чадвал  болчих юм. Энэ бол харьцангуй тохиромжтой арга. Талууд бүхнийг хүлээн авах эсвэл  бүхнээс татгалзахын хооронд учраа ололцож болох юм.”

  Уртнасан.

 ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.