Нярайн цогцсыг гялгар уутанд хийж, хогийн саванд хаясан баaжээ

Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргээс өнгөрсөн даваа, мягмар гарагуудад дараалан нярай хүүхдийн цогцос олдсон тухай сонсоод өөрийн эрхгүй эмтэрлээ.  Эдгээр хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж, хэрэгт холбогдох этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Гэхдээ дээрх хэргийг хэн нь ч үйлдсэн бай хүний сэтгэлээс гарамгүй аймшигт үйлдэл.

Чингэлтэй дүүргийн хүүхдийн байцаагч Д.Ариунжаргал “1990-ээд оны сүүл 2000 оны эхээр нярай хүүхдээ гудамжинд орхих хэрэг тоймоо алдаж байсан” хэмээн ярьж билээ. Харин хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш ийм хэрэг гараагүй гэнэ. Гэтэл хүүхдийн мөнгө олгохоо больсноос хойш хүүхдээ гудамжинд хэнэг ч үгүй “хаядаг” болсон байгаа юм. Чааваас хүүхдийн мөнгө гэж сардаа 3000, улиралд 25 мянган төгрөг өгдөг байсан. Гэтэл энэ мөнгөний төлөө хүүхэд төрүүлж, өсгөдөг байсан байж таарах нь.

Нийгэмд хүлээсэн үүрэг энэ тэрийг ярихаа болъё. Харин чулуу ч эмтэрдэг гэгддэг эхийн сэтгэл хаачаа вэ. Бид сард олгодог байсан 3000 төгрөгт л хэмжигддэг тийм сэтгэлтэй нийгэмд амьдарч байна гэж үү. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах ”Төгс ялгуун” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Н.Хүүхэнгаа “Өнөөдөр би 12 жирэмсэн эхийг ЭХО-гоор харлаа. Тэдний таван эх нь ямар нэгэн байдлаар ургийн гажигтай хүүхэд тээж байна” хэмээн харамсч байсансан.

Тэдгээр эхчүүдийн дийлэнх нь залуу бүсгүйчүүд төдийгүй үртэй болохыг яарсан эмэгтэйчүүд байдаг гэдгийг сонсоод сэтгэл өвтгөж байлаа. Зарим нэг нь үртэй болох гэж ийн будилж явахад, хэсэг хүмүүс надад “хүүхэд хэрэггүй” хэмээн орц, гудамж аль таарсан нүднээс далд газар орхиод явж байдаг. Хүний амьдрал баян түүн дунд юу ч тохиолдсон өөрөөс төрсөн үрээ гээнэ гэдэг бол адгуусанд ч байхгүй шинж. Бид нярай хүүхдийн цогцос олдсон гэх Баянгол дүүргийн долдугаар хорооны 25 дугаар байрны жижүуртэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

25 дугаар байрны орцны жижүүрт гэр бүлийн хоёр хүн суудаг бололтой. Биднийг очих үед тэд хийцтэй цай хийн тухлах аж. Тэднээс хэргийн талаар лавлахад ингэж ярьсан бөгөөд өөрсдийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй юм.

-Танай байрны хогийн бункерээс нярай хүүхдийн цогцос олдсон гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ?
-Манай СӨХ даваа гараг болгон хуралддаг. Тэгээд хуралд орчоод иртэл манай байрны хогийн бункерийг сайн дураараа цэвэрлэж шилийг авдаг нэг ядарсан эмэгтэй байдаг. Тэр ирчихсэн “Хогийнхоо бункерийг онгойлгоод өгөөч” гэсэн юм. Манайх хогийн бункерээ байнга түгждэг юм. Нөгөө эмэгтэй хогийн бункерийг цэвэрлэж байгаад, эгчээ энд нэг хүүхдийн цогцос байна гэсэн. Очоод үзтэл гялгар уутанд нярай хүүхдийн цогцос хйигээд хаясан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн.

-Тэр хог цэвэрлэж байсан эмэгтэй цогцсыг тэнд хийчихсэн юм биш үү?
-Үгүй байх. Тэр эмэгтэй юу ч барьж ирээгүй байсан. Юм барьж ирсэн бол би харах байсан.

-Нярайн цогцос дутуу төрөлтийнх байсан уу, эсвэл cap нь гүйцсэн хүүхдийн цогцос байсан уу?
-Их том хүүхдийнх байсан. Дор хаяж найман сартай хүүхдийн цогцос юм уу гэж харсан. Сүүлд сонсох нь эрэгтэй хүүхэд байсан гэсэн.

-Танай байранд ойрмогхон төрөх эмэгтэй байсан уу?
-Хорооны хүүхдийн байцаагч манай орцонд тийм хүн байхгүй гэж цагдаад мэдэгдэж байсан. Миний мэдэхийн нэг жирэмсэн эмэгтэй бий. Тэр эсэн мэнд сайхан амаржсан төдийгүй одоо хүүхэдтэйгээ байгаа.

-Танай хогийн бункер чинь байнга цоожтой байдаг юм бол гаднаас нь хийх боломжгүй гэсэн үг үү?
-Давхар болгон хогийн бункертэй. Тиймээс хүүхдийг байр руу орж айлуудын хогны бункер руу хийсэн байх. Тийшээ хийсэн хог орцны гаднах бункер руу шууд унадаг юм хэмээн ярьсан юм.

Түүнчлэн хүүхдийн бие гүйцэд хөрөөгүй байсан гэнэ. Тэгэхээр хүүхдийг өглөөгүүр хийсэн байх нь. Ингэж бодоход өөрөөс төрсөн хүүхдээ гялгар уутанд хийж хаях гээд 12 давхар байрны орцоор орсон байгаа юм. Ийм хатуу зүрхтэй эх, эцэг байна гэхэд итгэмгүй.

Хэргийн талаар цагдаагийн хэлтсийн байцаагчтай холбогдож тодруулахад “Хүүхдийг эхлээд олсон эмэгтэйгээс байцаалт авсан. Одоохондоо өөр хүнээс байцаалт аваагүй байна. Хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн цааргалав. Харин Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооноос олдсон нярай хүүхдийн цогцос хөлдсөн байсан гэнэ. Хорооны хэлтсийн төлөөлөгчтэй утсаар холбогдоход мөн л мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Д.СҮХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.