Б.Азжаргал: Иргэдийн дунд Сервис Центр буюу дэд бүтцийн төвийг байгуулъя, орон сууцтай болъё гэсэн хүлээлт үүссэн

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Энэ хүрээнд иргэдийн газрыг орон сууцаар солих, Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулах ажлууд хийгдэж байна. Энэ талаар тодруулга авахаар Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын тамгын газрын дарга Б.Азжаргалтай ярилцлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт үеийн үед бүрэн шийдвэрлэгдэж чадахгүй асуудал байсаар байна. Харин Нийслэлээс шат дараатай бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэд багагүй хохирч, зарим нь газар ч үгүй, байр ч үгүй асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй гацаатай асуудал болоод байсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газраас дээрхи асуудалд онцгой анхаарч иргэдийн асуудлыг шийдвэрлэж, цаашид дахин иргэдийг хохироохгүй байх гацаатай байсан төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлж явуулах тал дээр  судалж, дүн шинжилгээ хийн тодорхой шийдэл шийдвэрүүдийг гаргаад явж байна.  Урьд нь нэг компанид давуу эрх олгож хэт том газрыг өгөх, тухайн компанийхаа санхүүгийн хүчин чадал чадавхийг сайн тооцоогүйгээс болоод төслүүд  гацсан. Мөн хувь компани дангаараа газрыг чөлөөлсөнөөр иргэд хохирох гол шалтгаан болсон байна гэж үзэж байгаа. Дахин төлөвлөлтийг эхлүүлэхдээ хууль эрх зүйн хувьд ч нарийн зохицуулалтгүй явж байсан байдаг.

Харин одоо нээлттэй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэнээр өмнө нь байсан том газруудыг жижиглэх замаар дахин  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, олон компаниудыг нээлттэйгээр оролцох бололцоог нээж өгсөн. Өөрөөр хэлбэл өмнө нь байсан 24 байршлыг 75 биш, 112 хэсэгчилсэн талбай болгон хуваагаад дахин төсөл хэрэгжүүлэх компаниудыг сонгон шалгаруулана гэсэн үг. Ингэснээр барилга угсралтын ажил хурдасч, иргэдийн асуудлыг түргэн шийдэх боломжтой болно гэж харж байна.

Гэр хорооллыг бүрэн барилгажуулна гэж үзвэл багадаа 60 жилийн хугацаа хэрэгтэй. Энэ бол нэлээд урт хугацаа. Тиймээс бид аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Дэлхийн бусад орны жишгүүдээс харахад дан өндөр давхарын орон сууцнаас гадна амины орон сууц, аялал жуулчлалын бүс, худалдааны бүс зэргээр хэсэгчилэн төлөвлөж байж хугацааг дөтлөх боломжтой байдаг.

Гэр хорооллыг хөгжүүлэхэд 3 түвшинд бүсчилсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

 2020 хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичиг байдаг. Мөн “Орон сууцны дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийг НЗДТГ-т өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн суурьшлын бүсийн гурван хэсэгт хуваасан. Үүнд нэгдүгээр бүс буюу өндөр давхрын орон сууц барих хэсэг. Энэ нь иженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой, байшин хороололтой залгаа гэр хорооллын бүсүүд орж байгаа юм.

Хоёрдугаар бүс буюу нам болон дунд давхрын амины орон сууцны бүс. Энэ бүсэд инженерийн шугам, сүлжээ очих боломжгүй байршлуудад Сервис центр буюу инженерийн дэд бүтэц бүхий төвийг байгуулах юм. Энэ нь 200-300 өрхийн дунд нэг Сервис центр байхаар тооцож байна. Ингэснээр иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо маш чухал юм. Иргэд өөрсдийн газар дээрээ дэд бүтэцтэй болох боломж бүрдэж байгаа юм. Одоогийн байдлаар ТЭЗҮ нь боловсруулагдаад, ажил нь үргэлжилж байна.

Эцэст нь Гуравдугаар бүс буюу Техник технологийн шийдэл бүхий бүс. Энэ бүсэд дэд бүтцээр хангах боломжгүй алслагдмал болон зуслангийн бүсүүд орно. Байршлын хувьд таруу, нэг газарт төвлөрөөгүй, газарзүйн хувьд хэт өндөр эсвэл хэт намд байрласан байдаг. Тиймээс эдгээр газруудад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал нарны эрчим хүч, салхи зэргийг судалдаг. Мөн бие даасан айл өрхүүдэд бохирын байгууламжийг барьж байгуулах боломжтой.

Өмнөх төсөл хэрэгжүүлэгчийн үед хохирсон иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ? Цаашид энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?

Төрийн ажил залгамж халаатай байдаг учраас өмнөх дахин төлөвлөлтийн ажлыг нээлттэй дахин төлөвлөлт хэлбэрээр үргэлжлүүлэн явуулж, дахин иргэдийг хохироохгүй, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад ч гэсэн барилга угсралтын ажлаа саадгүй хийхэд дөхөм болно. НЗДТГ болон НГХДБГ-ын зүгээс “Түр суурьшуулах сууц”-нд одоогийн байдлаар 200 орчим хохирсон айл өрхүүдийг оруулаад байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад гэрээний дагуу үлдсэн айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг төлж, асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр шаардлага тавиад явж байна.Гол нь иргэдийн асуудлыг түр байдлаар биш барилга угасралтын ажлыг нь түргэвчлүүлэх иргэдийг байранд нь оруулах тал дээр анхаарч шаардаж ажиллаж байна.

123

Иргэд Сервис Центрыг ихээр сонирхож, хүлээлттэй байна. Хамгийн түрүүнд аль хэсгүүдэд хэрэгжиж эхлэх вэ?

Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн гэр хороолол Дэд бүтцийн газрууд саналаа нэгтгэн энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2020 он хүртэл 100 орчим Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулан, 20000 орчим өрхийг хамруулах боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр иргэд одоо эзэмшиж байгаа өөрсдийн газар дээрээ эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах орчин нөхцөл бий болно. Үүнтэй зэрэгцэн 2015 онд батлагдсан “Хот суурин газар дахин хөгжүүлэх” тухай хуулинд заасан газар дахин зохион байгуулах тухай ойлголт яригдана. Одоогийн гэр хорооллын бүсүүдэд гудамжны тохижилт, хаягжилт дутмаг байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шинэчлэн, нэгэн хэвийн амины орон сууц, нам буюу дунд давхарын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Иргэдийн зүгээс маш их хүлээллтэй байна. Ер нь “Сервис центр” гэлтгүй дахин төлөвлөлтийн ажил бол иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явагддаг учраас иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэг, хороо болгон иргэдийн бүлэгтэй болсон. Эдгээр бүлгүүд нь хамгийн багадаа 20, дээд тал нь 200 айл өрхүүд нэгдэн Сервис центр буюу Дэд бүтцийн төвийг байгуулъя, орон сууцтай больё гэсэн хүлээлттэй байгаа. Бидний зүгээс тооцоо судалгааны ажил бүрэн дууссан.

123

Ганданг аялал жуулчлалын бүс болгоно гэж байсан. Энэ ажил хэр явж байна вэ?

Хотын А бүсэд байрлах, агаарын болоод хөрсний бохирдлыг бий болгодог бүс юм. Эдгээр бүсэд хуучны хэв шинжийг агуулсан, шашны болоод аялал жуулчлал хосолсон жишиг гудамж болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Гандангийн Орхоны  гудамнуудын газруудыг чөлөөлж, жишиг гудамж болгохоор ажиллаж байна.

Дахин төлөвлөлт хэрэгжих явцад гарч буй хүндрэл, асуудлууд хэр байна вэ?

Иргэдийн буруу ойлголт, цуу ярианд итгэх зэргээс үүдэн иргэдийн шийдвэр гаргалт өөр өөр байдаг. Жишээ нь 100 айлын газрыг чөлөөлөхөөр явж байхад 99 нь зөвшөөрөөд нэг нь зөвшөөрөхгүй байх гэх мэт ажил удаашрах тохиолдол нэлээдгүй байдаг.  Дахин төлөвлөлтийн асуудлыг улс төржүүлэх тохиолдол байдаг. Энэ нь иргэдэд зөв буруу мэдээ, мэдээлллийг өгч, иргэдийн амьдрал дээшлэх, зөв шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг тал бий. Тиймээс дахин төлөвлөлт дээр иргэдтэй нягт уялдаатай ойлголцож, санаа нийлж ажиллах нь хамгийн том ажил байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах нь чухал байна.

Өмнөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үед компаниудын хариуцлагагүй байдлаас болж олон иргэд хохирсон гэдэг. Энэ удаагийн дахин төлөвлөлтийн ажил дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ

Дахин төлөвлөлтийн ажил гадны хөрөнгө оруулалттай байж хурдацтай явагддаг нэг онцлог бий. Дотоодын эдийн засгийн нөөц бололцоо, барилгын компаниудын хүчин чадал зэргийг харгалзан үзэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Одоогийн гүйцэтгэгч компаниудын дийлэнх нь дотоодын компаниуд байгаа. Өмнөх дахин төлөвлөлтийн асуудлыг дан ганц аж ахуйн нэгж гэлтгүй бодлого, туршлага дутсан, хэт хөөсрөлттэй байсан зэрэг асуудлууд байдаг. Одоо аль болох гацаанд орсон байдлаас хурдан гарах ажлыг л хийж байна. Аль болох өмнөх компаниудыг дахин ажиллуулах тал дээр анхаарч байна.

Иргэдийн дахин төлөвлөлтөнд хамрагдах хандлага хэр байна вэ?

Өмнөх дахин төлөвлөлтөнд хохирсон иргэд нэлээдгүй асуудалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд энэ асуудалд няхуур, болгоомжтой хандаж, итгэхгүй байгаагаа илэрхийлэх тохиолдол байна. Тийм учраас бид алдаа гаргах эрхгүй. Олон төсөл хэрэгжүүлэхдээ гол биш одоо хэрэгжиж байгаа төслүүдээ чанартай сайн хэрэгжүүлж, иргэдэд боломж байгаа гэдгийг харуулахыг зорьж байна.

Нөгөө талаар иргэд газрын үнэлгээтэй холбоотой асуудалд бодитой хандах хэрэгтэй. Иргэд өөрсдөдөө тулгамдаж байгаа бодит хэрэгцээгээ хангах ёстой болохоос биш ямар нэгэн байдлаар зарах, ашиг олох гэсэн үзэл маань эргээд бидний ажилд саад болж байна. Тиймээс иргэд маш зөв ойлголттой байх хэрэгтэй. Мөн шинээр хэрэгжүүлж байгаа бас нэгэн ажил бол газраа урьдчилгаа болгон ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Ийм хүсэлтэй иргэдийн бүртгэл явагдаж байна.

Иргэд хашаа, газраа байрны урьдчилгаа болгож болно гэсэн үг үү?

Нийслэлийн засаг даргын  А/449 тоот журманд 0,04 га-аас дээш газартай иргэд 70 мкв хүртэлх талбайтай байрыг сонгож, гэр хорооллын хөгжлийн сангаас байрны урьдчилгаа төлбөрөө гаргуулж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Үүнд хамрагдахад агаарын чанарын нэг, хоёрдугаар бүсэд амьдарч буй иргэд хамрагдах бүрэн боломжтой юм.

Цаг зав гаргаж дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын үнэн сонин


URL:

Нэр: araa Огноо: 3 September 2017

ene chin unenuu huu mini

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.