Цаг агаарын дулаарал энэ өвөл хатуу болохын дохиог илгээсэн хэрэг

Цаг уурын мэргэжилтнүүд ийн өгүүлж байна. Ойрын хэд хоног тэнгэр хангай дулаахан, нар ээсэн өдрүүд болж байна. Энэ өвөл ойрын хэдэн жилдээ болж байгаагүй хүйтэн болно гээд байсан чинь худлаа юм биш үү гэсэн яриа энэ тэрүүгээр тэнүүчлэх болж. Гэхдээ энэ бол биднийг хуурч байгаа хэрэг гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Түүхийг эргэн сөхөхийн учир
2010 оны нэгдүгээр cap. 450 гаруй бог малтай нутагтаа л тов хийсэн амьдралтай байсан айл ердөө л саах гурван ямаатай үлдэж “амьд яваа насандаа хотоо ингэж харлуулах гэж байх аа” хэмээн толгойгоо шаан уйлах малчин эмэгтэйг хараад ихэнх монгол хүний сэтгэл шимширч байсансан.

Өнгөрсөн жил ганц манай улсад бус дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр хүйтэрч, цас ихээр унасан. Хэдэн малаас өөр орлогогүй малчид яах ч аргагүй байгалийн хүнд нөхцөлд өвдөг сөхрөхдөө тулж, үүдээр нь өнгөрөх хэдэн ченжийг ороод гараасай хэмээн залбирч суудаг тэдний хувьд хөрөнгийн ганц эх үүсвэр болсон малаа зуданд алдана гэдэг нийслэлчүүд бидний хөрөнгөө хурааж хураачихаад хулгайд алдчихтай агаар нэгэн бөлгөө.

Бүр хэдэн мал хорогдоод байгааг хэлэх ч боломжгүй байсан билээ. Тал хээр, уулын бэлээс хамааран цасан бүрхүүл 35-50 см-ийн зузаантай тогтож, хамгийн гол нь газрын хөрсөн дээр мөстөлт бий болсон нь байдлыг улам ч хүндрүүлж байсан. Хот орон нутгийн мань мэт ч яахав дулаан гэрт нэгнээ түшин амьдардаг давуу талтай. Гэхдээ энэ байдал зөвхөн хөдөө орон нутагт ч байгаагүй бөгөөд нийслэлийг мөн дайрсан билээ. Өвлийн бэлтгэлээ муухан хийсэн дулааны шугам сүлжээнийхэн зарим байрны иргэдийг гэрт нь осгоох дээрээ тулж байлаа. Ерөөс 2010 оны нэгдүгээр сард цасны дундаж зузаан уулархаг нутгаар 40-45, хунгарласан газраа 60-80 см хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байсан хэмээн цаг уурын мэргэжилтнүүд онцолж хэлдэг юм билээ.

Өнгөрсөн 2010 оны зудын түүхийг ийн эргэн сөхөхийн учир гэвээс энэ өвөл ч мөн хатуухан өвөл болох талаар мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Хэдийгээр өвлийн эхэн cap гарсан ч цас орж, хүйтрэхгүй, харьцангуй дулаан байсан нь хот хөдөөгүй налгар тайван байдлыг бий болгоод байна. Өнгөрсөн долоо хоногт бага зэргийн цас орсны эс тооцврл цаг агаар тун тогтуун байгаа юм. Харин өнөөдрөөс эхлэн баруун болон төвийн аймгуудад цас нэмэн орж, цасан шуурга шуурах бөгөөд нийт нутгаар салхи секундэд 12-14 метр секунд хүрч, уулархаг газруудаар цас их хэмҗээгээр орно хэмээн цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

12 дугаар сараас эхлэн хүйтэрч цас их орно
Энэ өвөл тэнгэр хангай ямар байх талаар Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээллэх секторын эрхлэгч н.Цогтоос зарим асуулт хариулт авсан юм.

-Энэ өвөл хамгийн хүйтэн өвөл болно гээд байгаа ч одоо гадаа дулаахан сайхан байна шүү дээ. Тэгэхээр малчид, хөдөө орон нутгийн иргэд цагаа дагаад налайгаад эхэллээ?
-Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 30 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Долоо хоногийн өмнө нийт нутгийн 20 хувь нь цасан бүрхүүлтэй байсан бол өнөөдөр нийт нутгийн 30 хувь болно гэдэг тийм сайхан өвөл болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл цас ороогүй аймаг бий. Баруун аймгийн урд хэсгээр, Өмнөговь, Дорноговь аймаг гэх мэт газруудад цас огт ороогүй байна. Ер нь өнгөрсөн өвлийн өдийд нийт нутгаар цасгүй шахам байсан шүү дээ. Өвөлжөөндөө буух гэсэн айлууд цасгүй болохоор өвөлжөө рүүгээ нүүж чадахгүй хүлээж байлаа. Өнөөдөр гэхэд л говийн нутгаар нэмэх 10 градус дулаан байна. Гэхдээ дулаан байна гэж тайвширч огт болохгүй. 10,11 дүгээр cap гэдэг чинь хүйтний улирал биш. Харин Монгол орны хүйтний улирал одоо л эхэлнэ. Тодруулбал,12, нэгдүгээр сард байдаг юм. Тийм болохоор өвөл эхлэх болоогүй байна гэж хэлж болно.

-Тэгэхээр энэ өвөл хамгийн хүйтэн өвөл болно гэдэг үнэн болох нь гэж ойлголоо?
-Тийм ээ. 12 дугаар сард нутгийнхаа баруун хэсгээр, нэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр ер нь л нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн болж хур тунадас мөн олон жилийн дунджаас их орно. Гэхдээ 2009-2010 оны зуднаас манай малчид, иргэд сургамж билээ. Өнгөрсөн өвөл цас ихтэй нутгаараа 26-30 градус хүйтэн байсан бол энэ жил тэр дундаа өнөөдөр, маргааш гэхэд л хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 27-32 гардус, өдөртөө 15-20 градус хүртэл хүйтрэх мэдээ гарсан.

-Энэ өвөл харын зуд нүүрлэж, цас бага орно гэсэн яриа бас хөдөө орон нутагт гарсан байна билээ. Харын зуд гэдэг бас хэцүү эд шүү дээ?
-Тийм зүйл байхгүй. Дээр хэлсэн шүү дээ, одоогоор гэхэд нийт нутгийн 30 хувь цасан бүрхүүлтэй байна. Өнөөдөр гэхэд нутгийн баруун хэсгээр цас орж байна.

Хэдий хугацаагаар үргэлжлэн орохыг хэлэх аргагүй. Цаашид нийт нутгаар цас орох мэдээтэй байна. Энэ өвөл тийм ч сайхан өвөл болохгүй л болов уу. Ингэж их дулаан байна гэдэг чинь хаа нэг газарт нь цас орж байна гэсэн үг шүү дээ. Зүүн аймгуудад одооноос шөнөдөө их хүйтэн хонож байна. Гэтэл зүүн аймгууд өнгөрсөн зун тийм ч сайхан зуншаагүй гээд асуудал хүндрэх магадлал их бий хэмээн ярилаа.

Өвөлжилтийн бэлтгэл сайн байгаа, гэхдээ…
Өнгөрсөн зун манай орны нийт нутгаар зуншлага сайхан болохоор хадлан тэжээлээ тун сайн бэлтгэж авсан таатай мэдээг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үилдвэрийн саид мэгдэж байсан. Гэхдээ энэ тоо хэр бодитой тоо вэ гэдэгт эргэлзэх хүн олон байгаа юм. Ялангуяа мэргэжилтнүүд. Хадлан тэжээлийн мэдээллийг авсан хөдөө орон нутгийнхан хийгээд иргэдийн сэтгэл зүйд энэ өвөл ямарч байсан дажгүй давчихна гэсэн ойлголт тархинд нь байгаад байх шиг. Гэтэл говийн аймгуудад өвөлжилт хүндрэх магадлал тун өндөр. Учир нь бэлчээрийн даац хийгээд зуншлага тааруухан байсан гээд л… Асуудал их бий. Цаг дулаан байхад өвөлдөө бэлтгэхгүй, тэгсэн хэрнээ цас зуданд нэрвэгдэж хэдэн малаа барьж хотоо харлуулах дээрээ тулахаараа “Авраач ээ, туслаач ээ” гээд л хаа холоос хашгираад байдаг нь нууц биш. Туслуулахаа хүрэхээр ёстой нөгөө есөн шидийн арга хэрэглэж туслуулчихаад эргээд онд мэнд оруулж, тарга тэвээрэг сайн авсан малаа махлаад хот орон нутаг руу ачиж авчраад зарах болохоороо ганц ч төгрөг татахгүй бас буулгахгүй гээд гүрийчихдэг хачин янзын зан бас малчдад байдаг гэдгийг сануулахад илүүдэх юун.

Гэхдээ зовлонгоор нь зоолох гэсэн хэрэг бас биш л дээ. Хамгийн гол нь зун нь архи айраг, найр наадам хэсч давхичихаад өвөл нь гэнэт малчин гэдгээ мэддэг хачин жигтэй зан өнөөгийн монголчуудын нийтлэг төрөх. Үүнийг сонсчихоороо бухимдаад бачимдаад байх хэрэг үгүй биз, энэ малчид. Дээхнэ үед мал малчин хоёрын амардаг цаг 10,11 дүгээр cap байсан гэдэг. Харин одоо цагт эсрэгээрээ малчдын амрах цаг зун намар болчихжээ. Хот газрын хүмүүст бол цас орсны дараа дулаарч цас мөс нь хайлж үгүй болно гэдэг бөөн аз. Харин малд бол энэ нь бөөн аюул. Учир нь орсон цас дулаарахаар улам нягтарч доошоо сууж бас мөс болж мөсөн бүрхүүл тогтож цаг хүндрэхэд ёстой нэг там болдог гэдэг.

Тэгэхээр цас ихээр ороогүй байгаа энэ үед татаж аваагүй өвс тэжээлээ нөөцөлж бас нөөцөө бэлдэх хэрэгтэй байна. 2009-2010 оны өвлийн тэр хэцүү цагт малчдыг шүүмжлэн, тэдэнтэй “барьцах” зүйл олон байсан ч гэлээ тэр хэцүү цагт яллах нь тийм ч ухаалаг хэрэг биш байсан юм. Харин энэ зун зуншлага сайхан байсан бас одоо ч цаг сайхан байгаа болохоор хадлан тэжээлээ татан авч өвөлдөө сайн бэлдсэн гэж найдаж байна. Жаахан цас ороод цаг хүндрээд ирэхээр “зуд болчихлоо” хэмээн уйлан дуугарч элдэв тусламж энэ тэрээг нэхэж дээшээ доошоо гүйхгүй байгаасай билээ, энэ малчид.

Арванхоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Увсын ихэнх нутаг, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн, Төв, Сүхбаатарын зүүн хойд, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Увсын баруун, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн хойд болон зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатарын баруун хойд, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу ба зөвхөн Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн хил залгаа нутгаар дунджаас бага цас орно.

Нэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Хэнтийн ихэнх нутаг, Ховд, Булганы баруун хойд, Завхан, Өвөрхангайн хойд, Төв, Сэлэнгийн зүүн, Өмнөговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар хүйтэн байна. Энэ сард Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Архангайн зүүн хойд, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Хөвсгөлийн баруун хойд ба зүүн өмнөд, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно.

Хоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж Ховдын баруун, Увс, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд болон зүүн өмнөд, Дундговийн зүүн хойд, Булган, Хэнтийн баруун өмнөд, Дорноговь, Говь-Сүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Архангайн өмнөд, Увсын зүүн, Баянхонгор, Булган, Дундговийн хойд, Баянхонгорын өмнөд, Өтнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын нууруудын хөндийгөөр болон Өтнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно.

Гуравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгорын баруун хойд, Ховдын зүүн хойд, Завханы баруун өмнөд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг, Увсын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, харин Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын хойд, Завхан, Говь-Алтай, Сүхбаатарын зүүн, Өвөрхангайн өмнөд, Увс, Сэлэнгийн баруун, Дорнодын баруун өмнөд, Өмнөговийн зарит нутгаар олон жилийн дунджийн орчим буюу зөвхөн Говь-Алтайн өмнөд, Өтнөговь, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Б.Анар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.