Зургаан настнуудын дүрэмт хувцсанд тавих энгийн бас чухал шаардлага

aalvbpqhjjlbf2f9d6gb22p8c_bУдахгүй есдүгээр сарын 1 болж хичээл эхэл­нэ. Будаг нь ханхал­сан цэвэрхэн анги, дөлгөө­хөн багшийн даруу­хан инээмсэглэл, таних­гүй хүүхдүүд гээд нэг­дүгээр ангид орж буй бяцхан жаалуудад бүх зүйл шинэхэн. Сурагчийн хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд, эрдмийн хаалгаар алхан орж буй хүүхэд бүхэн цэцэг шиг хөөрхөн.

Өнгөрсөн жил су­рагч­дын дүрэмт хув­цас оройтож худал­даанд гарснаас болж, эцэг эх­чүүд нэлээд бухим­дал­тай байсан. Харин энэ жилийн хувьд дүрэмт хувцас арай эрт худал­даанд гарчээ. Одоогоор дүрэмт хувцсыг “Цирк”, Улсын их дэлгүүрийн задгай талбай, “Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” захад борлуулж байна.

Үнийн хувьд анги ахих тусам нэмэгдэнэ. Бага ангийн охидын хувцас 59500 төгрөг, хөвгүүдийнх 81300 төгрөг, дунд ангийнхны хувцас 100300, 97500 төгрөгийн үнэтэй байв. Харин ахлах ангийнхны хувьд охидын хувцас 123700 төгрөг бол хөвгүүдийнх 133600 төгрөгийн ханштай байна. Энэ нь хэдийгээр дундаж үнэ гэх боловч чанартай нь харьцуулаад үзэхэд харьцангуй өндөр байгаа юм. Учир нь нэг дүрэмт хувцас жилийн эдэлгээ даадаггүй. Амархан урагдаж, угаах тусам өнгө алдахаас эхлээд дараа жил нь дахиад солих шаардлагатай болдог.  Үүнээс гадна дүрэмт хувцас анги ахих тусам хийцийн хувьд өөрчлөгддөг. Охид бага ангидаа сарфани өмсдөг бол ахлах ангид дэвшихээрээ хүрэм цамц өмсөх жишээний.  Нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настнуудад ардаа цахилгаантай сарфани өмсгөх нь зөв шийдэл үү. Охид биеийн тамирын хичээлд орохдоо заавал хэн нэгний туслалцаатай хувцсаа солих болно. Үүнээс гадна өглөө хичээлдээ явах, орой гэртээ ирээд өөрөө хувцасаа тайлж, солих ямар ч боломжгүй. Тиймээс бага ангийн дүрэмт хувцасны хийц загварыг эргэн харж, зөв стандарт тогтоож, аль болох хүүхдэд хүндрэлгүй  өөрөө тайлж өмсөхөд амархан болгох шаардлагатай байна.

ОРОС ДҮРЭМТ ХУВЦАС БИЕД ХАМГИЙН ЭВТЭЙХЭН    

Тэгвэл дэлхийн стандарт ямар байдаг вэ. Улс бүхэн өөр өөрийн онцлогоос шалтгаалж дүрэмт хувцасны загвараа гаргадаг. Жишээлбэл, Кени улс улаан өнгийг бэлгэ тэмдэг гэж үздэг учир улаан хүрэм, улаан зангиа, цагаан цамцаар ижилсдэг аж. Харин Япон улсын хувьд цагаан цамц нь далбагар хөх захтай, дэрвэгэр банзалтай. Үүнээс бага ангийн сурагчдад хамгийн эвтэйхэн, тайлж өмсөхөд бэрхшээл учирдаггүй дүрэмт хувцасны загвар нь Оросынх. Шонтгор хамартай жаалууд урдаа товчтой цагаан цамц хар хүрэм, саарал банзал өмсдөг. Харин Англи хүүхдүүд цагаан цамц, улаан богино ханцуйтай хүрэм өмсөнө. Харин Малайз улсын багачууд урдаа товчтой, богино ханцуйтай, хөх сарфанитай хичээлдээ суудаг юм байна. Үүнээс харахад манай бага ангийнхны дүрэмт хувцас шиг ардаа товчтой сарфани өмсдөг улс хараахан алга. Тиймээс энэ загварыг өөрчилж, ядахдаа цахилгааныг нь хажуу талд нь хийчихвэл бяцхан охид маань бусдад төвөг болохгүй хувцаслачихна.

ЭНЭ ЖИЛ 26 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ

Харин Монгол Улс дүрэмт хувцсандаа ямар шаардлага тавьдаг юм бол гэдгийг сонирхлоо. БСШУСЯ-наас материалын хувьд Хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, эрүүл ахуйн шаардлага (агаар нэвтрэх, дулаан хадгалах, арьсанд харшил үүсгэхгүй гэх мэт)-ыг хангасан байх. Биед шууд хүрэлцэх I дүгээр үеийн хувцас буюу цамц нь Европын холбооны стандартын шаардлагыг хангасан байх. Гадуур хувцас нь Монгол Улсын стандартын жишиг шаардлагыг хангасан байх. Цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй, хог татахгүй байх гэсэн шаардлагыг тавьдаг юм байна. Харин загвар хийцийн хувьд Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохирсон байх.  Хүйтний улиралд өмсөхөд зориулсан нэмэлт сонголттой байх. Сонгох боломжийг хангасан үндсэн болон нэмэлт иж бүрдэлтэй байх. Дүрэмт хувцсаар дамжуулан хувцасны асуудлыг шийдэх боломжийг олгосон байх. Хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохгүй загвар, хийцтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг аж. Гэвч эдгээр заалт нь  өнөөдөр худалдаалж байгаа дүрэмт хувцастай төдийлөн нийцдэггүй.  Хэдийгээр энэ дунд хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт хөгжилтөд саад болохгүй байх гэсэн шаардлага бичээстэй байгаа ч бага ангийнхны, ялангуяа охидын дүрэмт хувцас энэ шаардлагыг хараахан хангахгүй байна. Материалын хувьд нимгэн, тоос татдаг, өвдөг, тохойн хэсэг амархан урагддаг, бөөсөрдөг, цахилгаан нь хэврэг тухай эцэг эхчүүд ярьж байна. Тиймээс чанарыг анхаарч, загварыг шинэчилж,  материалыг чанартай болгох зайлшгүй шаардлага байна. Энэ жил  урьдчилсан судалгаагаар 26 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид орно. Үүний тал хувь нь охид. Тэгэхээр хувцсаа тайлж, өмсөх, материалын сайн муу тухай асуудал яригдах нь дамжиггүй юм. Үүнийг БСШУСЯ болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үйлдвэрүүд анхааралдаа авч бага ангийн сурагчдын дүрэмт хувцасны тогтсон, зөв стантартыг нэвтрүүлцгээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.