ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ

olloo_mn_1502934343_83bfd12235ae71c5fee66357a8e9eb01_1200Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон. Гэхдээ эхний удаагийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй. Улмаар долдугаар сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалт болж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгч болсон.

Тэгвэл долдугаар сарын 1-ний өдөр АН-ын зүгээс нэр дэвшигчид хэрвээ Ерөнхийлөгч болбол монголчуудыг зээлнээс нь салгаж өгөх санал хүргүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ асуудал “хэрүүлийн алим” хэвээр байсаар байна. Ерөн­хийлөгч тангаргаа өргөөд удаагүй байхад л зарим нэг хүн хэвлэ­лийн хурал зарлаж, өр дарж өгөөрэй хэмээн “омогдож” байлаа.

Зарим нэг эдийн засаг гадарладаг гэж өөрийгөө дөвийлгөдөг хүмүүс “Хэрвээ зээл дарж өгнө гэвэл Монгол Улс зургаан сар л тэснэ” энэ тэр гэж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч багаа бүрдүүлж, Тамгын газрынхан нь ажлаа эхэлсэн даруйдаа гурван төрлийн зээлийг тэглэх боломжийг судалж, ажлын хэсэг хүртэл байгуулчихаад байгаа.

УИХ-ын З.Нарантуяагаар ахлуулсан ажлын нэлээд идэвхтэй ажиллаж, Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгийг АН-ын бүлгийн зүгээс хүртэл мэдээлчихээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч гэсэн иргэдийн зээлийг тэглэх боломж, гаргалгааг ярьж байна. Тэр нь Тавантолгой. Үндсэндээ Тавантолгойн нүүрсийг урд хөрш рүү зарахдаа дундаас цавчдаг байдлыг алга болгож чадвал монголчуудын цалин, тэтгэвэр, малчны зээлийг нэг удаа тэглэж болно гээд байгаа юм. Ерөнхийлөгч Үндэсний телевизээр ярилцлагад орохдоо ч З.Энхболд даргын энэ хувилбарын талаар зухас дурьдсан. Ер нь бол газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан.

Гэтэл яг начир дээрээ газрын доорх баялаг лиценз эзэмшиж байгаа хүний л мэдлийнх болчихоод байгаа. Бүр нарийн ярьвал ялсан намынхны өмч. Аль нам ялна, тэр нь хүнээ даргаа тавиад, “иддэг” гэдгийг учир начрыг мэдэх хүмүүс нь хэлээд байгаа. Тавантолгой өнөөдөр яг тийм байдалтай л байна. Үүнийг З.Энхболд дарга маш нарийн схемтэй ярьсан.  Тийм болохоор ард түмэн хүчээ нэмж байгаад Тавантолгойг “цавчаачид”-ын гараас салгаж, өр зээлээ тэглээд авчихъя л даа, энэ чинь. Малчны, цалингийн, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэчихвэл аятай юу, энэ чинь.

Энэ оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн аж.

Энэ нь төгрөгөөр бол  2.9 их наяд  гэсэн үг.  Ийм хэмжээний зээлийг бол 2-3 жилийн хугацаанд хаачих боломж байгаа юм байна. Яаж вэ гэдэг гарцыг одоо тайлбарлая.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ боломжийг тайлбарлаад байгаа юм.  Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий.

Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа. Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм” хэмээн ярьсан байсан.  Гэхдээ одоо аман дээрээсээ 71 ам.доллараар зарагдаж байгаа нүүрс хилийн цаана гараад л 210 ам.долларын үнэ хүрдэг.

Энэ дунд ердөө л зуучлагч нэртэй манай болоод Хятадын нөлөө бүхий хүмүүсийн цавчаа орж байгаатай холбоотой гээд байгаа. Үүнийг ч гэсэн З.Энхболд дарга бүр тамга тэмдэгтэй бичиг сачигтай нь гаргаж тавьсан. Хэн гэдэг албан тушаалтан гарын үсэг зурж, яаж цавчиж байгааг ч ярьсныг уншигчид санаж буй байх. Тэр хүмүүсийн цавчааны дамжлагыг болиулаад, Тавантолгойгоос шууд Бугатын гангийн үйлдвэр рүү зарчихвал Монгол Улсад асар их ашиг орж ирэх нь тодорхой.

Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа хууль тэр цавчаа хийгээд байгаа хүмүүсийн гараас Тавантолгойг салгаж авахад чиглэж байгаа юм билээ. Гол нь тэр хуулийг л яаж ийж байгаад батлуулчих хэрэгтэй байна. Тэгвэл монголчууд бид дээр дурьдсан гурван төрлийн зээлээс нэг удаа чөлөөлөгдөж болж байгаа юм. Цаашлаад улсын эдийн засагт ч том нөөлөтэй. Өнөөх олон жил ярьсан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаар ч ярьж болно. Бугатын гангийн үйлдвэр бол Хятадын төрийн өмчит компани.

Тавантолгой бас төрийн өмчит компани. Одоохондоо 80 хувь нь төрийн өмчинд байгаа. Тэгвэл манай Засгийн газар өмнөд хөршийнхөө төр засгийнхантай тохиролцоод л шууд Бугат руу нүүрсээ ачиж болно шүү дээ. Дунд нь зуучлагч нэртэй элдэв “цавчаачид”-ын гарыг дүрүүлэхгүйгээр. Ийм боломж угаасаа байгаа.

Гол нь хууль батлах тал дээр УИХ-ыг ард түмэн шахаж өгөх хэрэгтэй байна. Өр тэглэх боломжийн талаар яриад эхлэхээр боломжгүй мэтээр харлуулах хүмүүс цөөнгүй гарч ирж байгаа. Худлаа ярилаа гэх мэтээр харлуулж байна. Ердөө л дээрх гаргалгааг харахад, иргэдийн зээлийг тэглэж болохгүй юм алга.

Бид 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ 210-аар биш юмаа гэхэд ядаж л 150-аар борлуулъя. Тэгэхэд л жилдээ хэчнээн сая ам.доллар орж ирэх боломжтой байна. Ингээд тооцвол 2, 3-хан жилийн дотор цалин, тэтгэвэр, малчны зээлийг тэглэх боломж байгаа нь харагдана. Нэг хэсэгхэн эрх мэдэлтэн, “цавчаачин” баяжиж байгааг л таслан зогсооход иргэдийн нуруу нэг хэсэгтээ л тэнийх боломж байна шүү дээ. Тийм байхад эсэргүүцэж байгаа хүн байвал ёстой тэнэг л байна. Харин түүний оронд 65-ын бүлгийг шахаад, шаардаад, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулах талаас нь бид бүгдээрээ тэмцэх хэрэгтэй юм биш үү.
Монголын мэдээ
Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.