Сүбээдэйтэй эн зэрэгцэх Чингисийн цорын ганц жанжин

HT-IHNIXEO-CR5JZFD-HQV6LMA-48Жалайрын Мухулай Чингис хааны хамтран зүтгэгч нараас хамгийн өндөр байр сууринд гарч ирсэн цэргийн нэрт зүтгэлтэн, алдарт жанжин юм. Мухулайн харьяалагдах Жалайр аймаг нь сурвалжит Монгол аймгуудын нэг бөгөөд Боржигон аймгийн унаган боол нь байжээ. Мухулайн өвөг дээдэс үе улиран Онон мөрний хөвөөнөө нутаглаж байсан ба Мухулай 1171 онд мэндэлжээ. Тэрээр 15 настайдаа Чингис хааны албанд зүтгэж эхэлжээ. Харин зарим эх сурвалжид Мухулай 27 настай байхдаа Чингис хаанд дагаар орсон гэж бичсэн байна. Мухулайн эцэг бол үнэнч шударга хүн байсан бөгөөд Чингис хаанд хүчин зүтгэж явжээ. Чингис хаан Мухулай нарын нөхөрлөсөн үе нь Монголчууд тарж бутарсан олон овог аймгууд нэгдэн нийлэх гэж буй тэмцлийн ид үе байсан юм.

Хүнд цагт Чингис хаантай нөхөрлөсөн Мухулайн цэргийн эрдэм, үнэнч шударга зангаараа эхнээсээ л үлгэр дуурайлал болж байв. Төрөлхийн авхаалжтай, хичээнгүй Мухулай нь Боорчи, Зэлмэ зэрэг хатуу жанждын гараар хүмүүжиж, 20 хүрэх насандаа Чингис хааны 4 хөлөг баатрын нэг болж, 30 насны босгон дээр 9 өрлөгийн нэгд багтжээ.

Түүнээс хойш бараг дараалан тушаал дэвшсээр хааны дараа орох улсын ван болсон юм. 1199 онд Мухулай Найманы Буюруг ханы эсрэг хийсэн тулалдааны үед шалгарч, Байдраг голын хөвөөнд Найманы Хөгсү Сабрага баатрын цэрэгтэй тулалдаж явжээ. 1200 онд Онон мөрний хөвөөнд Тайчуудтай байлдахад оролцож, мөн оны намар 11 овог аймгийн цэрэгтэй тулгаран дарж, 1201 онд Гүр хаан Жамухын эсрэг байлдан 1202 онд Найман-Мэргидийн холбоотны цэргийг Хүйтэн уулын дэргэд тосон байлдсан, 1202 онд Татарыг мөхөөсөн тулалдаан, 1203 оны хавар Мау өндрийн байлдаанд оролцож байжээ. 1197-1206 оны хооронд явагдсан хамгийн томоохон гэж хэлж болох тулгаралтуудад бүгдэд оролцож явжээ.

1206 онд Чингис хаан Монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэж, Их Монгол улсыг байгуулсны дараа Мухулайг гоо ван болгон өргөмжилж, зүүн түмний захирагч болгожээ. Хаант төрийн 88 гавьяатны гурав дахь, 95 мянгатын 3 дахь мянганы ноёноор тус тус өргөмжилжээ. Тэр үед Мухулай ван 38 нас хүрч байсан бололтой. Өдгөө судлаачид гоо ван цолыг ерөнхий сайд, шадар сайд гэсэн цолтой дүйнэ гэж тайлбарладаг. Энэ утгаар Мухулай ванг Монгол улсын анхны ерөнхий сайд байсан гэж үзэх түүхчид бий. Гадаад элчтэй харилцах дээд эрхийг хаан өөрөө барих тул гадаадад явах бичгийг 2 хэл дээр үйлдэх, элчийг хүлээн авч тохирох зиндаанд нь хамааруулах хүндэтгэх, дайн, найрамдлын асуудлыг их хуралдайд бэлтгэн оруулах ажлыг Мухулай ван голдуу эрхэлж байв.

Мухулай бол амьдралынхаа 50 жилийг цэргийн майханд өнгөрөөж, аян дайныхаа хажуугаар гэрлэж, үр хүүхдээ өсгөж явсан гайхамшигт жанжин юм. Тэрээр Чингис хаанд олон ялалт бэлэглэсэн билээ. Түүнчлэн Мухулай ван Монгол цэрэг эрсийн зориг хийморийг тэтгэх зорилгоор бүх цэргийн хар тугийг шинээр бүтээн залах үйлийг Чингис хаанд сануулсан бөгөөд амжилттай гүйцэтгэсэн учраас бүх цэргийн тугчаар томилогдсон байна. Түүнээс хойш Хар сүлдийг дайн байлдаанд залах, авч явах, тахих, догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд гагцхүү Мухулайн үр удмынхан гардан гүйцэтгэх болжээ.

1211 онд Чингис хаан Алтан улстай дайтах үед Зэв, Мухулай нарын удирдсан цэрэг цохилтын үзүүр болон хөдөлж, Алтан улсын цэрэгт хэд хэдэн удаа хүчтэй цохилт өгчээ. 1213 онд Мухулай ван стратегийн чухал ач холбогдол бүхий Цавчаал боомтыг довтолсон боловч авч чадаагүй байна. Үүний дараа Мухулай ван Ляодуны хойгт амжилттай давшин, хойд Хятадын нутгийг бүрэн эрхшээлдээ оруулсан байна. Чингис хаан нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлэхдээ Хятадыг байлдан дагуулах ажлыг Мухулайд даалгасан нь ямар их итгэл хүлээлгэж байсныг харуулж байгаа юм. Мухулай ван ойролцоогоор 2,5 түмэн Монгол цэрэг, 2 түмэн Кидан цэрэг нийт 4,5 түмэн цэргийн хүчээр Алтан улсыг эзлэх дайнд орсон бөгөөд Алтан улсын дотоод зөрчлийг ашиглах, цэрэг-дипломатын аргыг хослуулан хэрэглэх, морины хурдаар давших зэрэг аргуудыг хослуулан хэрэглэж, Алтан улсын төрийг шахаанд оруулж байв. Байлдааны ажиллагааг амжилттай болгохын тулд Мухулай ван Хятадуудын өөрсдийн аргыг хэрэглэх шаардлагатай гэдгийг сайн ойлгож байлаа. Үүний дүнд ч Хятад цэргээс бүрдсэн явган цэргийн анги байгуулж байв. Мухулайн удирдан явуулсан байлдааны ажиллагааны үед буюу 1217-1223 оны хооронд Хятадын хойд хэсгийн асар их нутаг Монголчуудын гарт орсон боловч түүнийг эсэргүүцэх орон нутгийн иргэдийн тэмцэл бас байжээ. 6 жилийн дотор Мухулай ван 45000 цэргийн хүчээр нийтдээ 1500 км өргөн фронтоор байлдааны ажиллагаа явуулж, 500 км газар давшжээ.

Тэрээр Сүн улстай дипломат харилцаа тогтоон, холбоотны хувиар Алтан улсыг ганцаардуулах бодлого барьж байв. Энэ талаас нь аваад үзвэл Мухулай ван чадварлаг, алсын хараатай улс төрийн бодлоготон байжээ. Харамсалтай нь Мухулай ван өвчний улмаас 1223 оны 3-р сард нас баржээ. Алтан улсын эсрэг давшилт эрчимжиж байх тэр үед Мухулай ван нас барсан нь хүнд гарз байсан юм.

Хожмоо Чингис хаан Бяньжиныг байлдаж явахдаа бүх цэргүүд, жанжиддаа хандан “Мухулай маань амьд байсан бол би яалаа гэж ингэж явахав” хэмээн шүүрс алдсан гэдэг. Учир нь Монголчууд Алтан улсын эсрэг 1211-1234 он хүртэл даруй 23 жилийн турш үргэлжилсэн дайныг хийж байсан бөгөөд энэхүү аян дайн нь хамгийн их хүн хүч, цаг хугацаа шаардсан дайн байсан юм. 1211-1223 оны хооронд буюу 12 жилийн турш Мухулай вангийн удирдан явуулсан байлдааны ажиллагаа үнэхээр амжилттай байсан юм. Монголын цэрэг Мухулайн удирдлага дор 1217-1223 онд томоохон, шийдвэрлэх ялалтуудыг удаа дараалан байгуулж, хожмоо явагдах байлдааны ажиллагааны үндэс суурь нь болж өгчээ.

Мухулай бол Монгол жанжны авьяас билэг, арга ухан ямар ч нөхцөл байдалд уран чадварлаг, түргэн шаламгай шинж чанараа төвөггүй дасан зохицож чаддаг гайхамшигтай өрлөг жанжин байсан юм. Тиймдээ ч Монголын төрийн төлөө тасралтгүй 26 жил зүтгэсэн Мухулай жанжин монгол цэргийн үлгэр жишээ жанжин болон мөнхөрсөн юм.

Б.Батмөнх

И. Чинбат. “Чингис хааны 9 өрлөг: Сүбээдэй баатар”
Т. Мандир. “21 хөрөг: Сүбээдэй баатар”
Ш. Насанбат. “Монголын түүхэнд тодорсон 33 жанжин”

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.