Д.Лүндээжанцан Үндсэн хуулийг өөрчлөх хүн биш гэв

10954Эрх баригч нам эрх мэдлийг атгаж буй энэ хугацаандаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шамдаж буй. Сонгуулиас өмнө зөвлөлдөх санал асуулга гэгчийг зохион байгуулсан. Үүнийг нь шүүмжлэгсэд ч цөөнгүй бий.  Хуульч, судлаач Р.Очирбал хэлэхдээ “Монгол Улсад 2017 оны хоёрдугаар сард анх удаа Зөвлөлдөх санал асуулга хэмээх ойлголт гарч ирсэн. Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн зохих байгууллагаас түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах, уг асуудалд иргэд ямар байр сууринаас хандаж байгааг сонсох, тэдний шийдвэрийг тусгахад оршдог. Манай улсад энэхүү шинэ ойлголт бий болоод ердөө гурван сар болж байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэсэн нь оновчтой алхам гэж үзэхгүй байна. Ихэнх судлаачид Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон бусад ажлын хэсгийн гишүүд Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ард түмнээс санал авсан нь зөв алхам гэж тайбарлаж байна. Угтаа Үндсэн хуулийг Зөвлөлдөх санал асуулгын туршилтын талбар болголоо. Хамгийн гол нь, эхлээд нутагшуулж, иргэдэд ойлголт өгч, туршлага суулгаж, санал асуулгад оролцох соёл бүрдсэн тохиолдолд хэрэглэж болохыг үгүйсгэхгүй… Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүхий л шатанд ард түмний оролцоог хангах зарчимтай. Гэтэл энэ зарчмыг хязгаарлаж, Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Асуулгад оролцсон хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. Тиймээс улс төрийн сонирхлоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Гэтэл зарим нь Үндсэн хуулийн болон эрх зүйн мэдлэг, ухамсар, туршлагагүй хүмүүс байна билээ. Ажлын хэсгийнхэн тэдгээр хүмүүст мэдээлэл хүргэж, сурталчилгаа явуулсан гэж ярилаа. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр сууринаас сурталчилвал үр дүн нь ямар гарах нь тодорхой. Энэ мэт дутагдалтай зүйл олон байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх нь зөв гэсэн үр дүн гарсан. Тиймээс есдүгээр сарын 10 хүртэл ард түмний дунд хэлэлцүүлж, санал авна. Шаардлагатай тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал авах, эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг. Гэхдээ МАН хууль тогтоох байгууллагад дийлэнх олонх байгаа үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хангалттай нөхцөл байдал бүрдээд байна” хэмээн ярьсан юм.

Судлаачийн хэлсэнчлэн МАН-д нэгэнтээ эрх мэдэл бий тул  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг гэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байна.  Орон нутгийн иргэдтэй ингэж уулзаж, тэгж ярилцлаа гэсэн албан мэдээллүүдийг  УИХ-ын хэвлэлийн албанаас өдөр бүр  л мэдээлж байна. Өчигдрийн тухайд гэхэд хэлэлцүүлэг Архангай аймгийн Өндөр-Улаан суманд болжээ. Тус уулзалтад оролцсон Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн эрхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэхдээ “Ерөнхийлөгчид олгосон Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхээс татгалзсанаар дэлхийн сонгодог парламентын засагтай улс орны жишигт илүү ойртоно. Засгийн газар, Ерөнхий сайдын бие даан ажиллах, хуулиар аль алинд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах үүрэг, хариуцлага сайжирна. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч ч тэргүүлээд байгаа юм шиг, Засгийн газар ч толгойлоод байгаа юм шиг олон түмэнд ойлгомжгүй байдал арилж, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага нь Засгийн газар байх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал нэг мөр хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Ерөнхийлөгчөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх явдал гарахгүй. Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа үр дүнгээр нэг мөр ажлаа хариуцаж парламентын өмнө хариуцлага хүлээдэг зарчим тууштай хэрэгжихэд томоохон алхам болно. Улсын Их Хуралд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулиудын төсөл дээр түлхүү ажиллах цаг хугацааны орон зай нэмэгдэнэ” гэж байгаа юм.

Ер нь бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумисны нөгөө талд гүйцэтгэх эрх мэдлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх заалтуудыг Үндсэн хуульд тусгахаар яригдаж буй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан “Үндэсний шуудан” сонинд ярихдаа “Хамгийн их шүүмжлэлд өртөөд байгаа сэдэв бол гүйцэтгэх эрх мэдэл хүчгүй болж тарамдсан явдал. Гүйцэтгэх эрх мэдэл рүү Ерөнхийлөгч, УИХ давхардаж ордог, үүнээс болж хариуцлага хүлээх эзэнгүй болдог. Ерөнхий сайд өөрийн танхимын гишүүдийг хэн байх вэ гэдгийг бие даан шийдэж чаддаггүйгээс л энэ эхэлдэг. Сайдыг томилуулах, огцруулахдаа заавал УИХ-аас нэг бүрчлэн зөвшөөрөл авдаг. Ерөнхий сайд үүнээс болоод сонгуулиар иргэдийн олонхын дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэх гэхээсээ УИХ-ын олонх гишүүдэд таалагдах хүнийг сайдад нэр дэвшүүлдэг. Энэ төслөөр үүнийг шийдэхийг зорьсон нь харагдаж байна.Ерөнхий сайд танхимын гишүүдээ хэн байх вэ гэдгийг харьцангуйгаар мэдэж шийдвэрлэх заалтууд орсон байна. Түүнчлэн, манай улсын Засгийн газар маш тогтворгүй явж ирсэн. Германы Ерөнхий сайдын бүрэн эрхийн дундаж хугацаа 8.1 жил, Английнх 6.1 жил байдаг. Манайх болохоороо 2 жил хүрдэггүй учраас нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлого тогтвортой хэрэгжиж чаддаггүй, их савладаг. Үүнийг шийдвэрлэх чухал заалт орсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавивал хэлэлцэнэ, УИХ-ын нийт гишүүдийн олонх огцруулахаар шийдвэрлэсэн бол дараагийн Ерөнхий сайдыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж төсөлд бичжээ. Нийт гишүүдийн олонх гэхээр 39-өөс дээш гишүүдийн саналаар огцруулдаг болж байгаа юм. Энэ бол олон улсад байдаг сайн жишиг. Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тухайн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор шийддэг байсан. Тийм учраас, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 36-хан гишүүний саналаар огцруулж байсан жишээтэй. Парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсыг судалж үзэхэд дийлэнхэд нь хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор үүнийг шийдэхээс татгалзаж нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэх, конструктив санал хураах зэрэг илүү өндөр босго тавьдаг. Энэ нь засгийн газрын тогтвортой байдлыг хангах зорилготой. Нөгөө талаас шинэ Ерөнхий сайдыг тодорхой хугацаанд багтаан томилохыг УИХ-д үүрэгжүүлсэн шинэ заалт байна. Хэрвээ УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах ийм заалт орсон байна. УИХ-ын анхдугаар чуулган эхлээд Ерөнхий сайдаа томилж чадахгүй удахаас, мөн, УИХ Ерөнхий сайдыг дураараа огцруулчхаад дараагийнхыг нь сонгож чаддаггүй явдал гарахаас тус тус сэргийлнэ. 1998 онд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй байснаас болж хуучин Ерөнхий сайд нь 8 сар үүрэг гүйцэтгэгч хийж байсан” гэсэн байдаг юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Нэмэлт өөрчлөлт гэдэг шал худал зүйл. Энэ тухай олон жил ярилаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль ч бас нэг дэмий юм. Хуулийг хуулиар чагталдаг механизмд оруулчихсан, ийм байж болохгүй.  Д.Лүндээжанцан Үндсэн хуулийг өөрчлөх хүн биш. Харин ч 1992 оноос хуулийг баллаж ирсэн нөхөр. Юм бол ажлын хэсэг ахлуулдаг, гол ажлыг бариулдаг, махлуулдаг. Өөрсдийгөө нээх мундаг хашир туршлагатай парламентач, хатуу самар,  зангарагтай хуульч гэж өргөмжлөөд  тарьсан гайг нь Монголын ард түмэн үүрч даахгүй байна. Үндсэн хуулийг яаж өөрчлөх юм бэ гэвэл  уг нь гайгүй юм. Хууль руу бүтэн орох ч шаардлагагүй. Удирдлагын тогтолцоо, механизмд өөрчлөлт хийх хэдхэн асуудал л бий. 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт” хийж алсан хүмүүс бүгд амьд сэрүүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух хэрэгтэй. Тэдний хүсэл зориг, эрх ашигт нийцсэн байдлаар өөрчлөлт хийх учиртай. Миний хувьд  цахим хуудастаа өөрийн санаа бодлыг бичээд байгаа. Хамгийн гол нь улсаа нэг л удирдлагатай болгоё. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт биш, сайн тодотгол хийе. Сонгууль болгоноор луйвар хийдэг байдлыг зогсооё. Өнөөдөр хийгээд байгаа зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг гээч огт худал. Ард түмэн оролцохгүй байна,  сонгогдсон хэсэг хүн, гар хөл болсон хүмүүс л байна” хэмээн ярьж буй юм.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.