Төрийн банкийг хэн хувьчилж авах вэ?

“Зоос” банкийг татан буулгаж суурин дээр нь Төрийн банк байгуулаад Монголбанк хоёр жилийн нүүр үзэж байна. Төр хэрхэн бусдын өмч хөрөнгөнд халдаж, өөрийн болгож болдгийн жишээг энэ явдал харуулсан. Одоо Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж эхэллээ. Энэ нь хоёр жилийн өмнө “Зоос” банкийг төр бус хэн нэгэн авахын тулд Сү. Батболдын Засгийн газраар дээрэмдүүлсэн гэдэг нь тодорхой болж байна. Одоо Төрийн банкийг хувьчлах нэрийдлээр жинхэнэ  цаад эзэн нь авах гэж байна. Тэр хүн хэн бэ”хэмээн “Зоос” банкны ТУЗ-ийн гишүүн Б.Цэрэнжав  хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм. Тэрбээр тухайн үед юу болсон тухай товч ярилаа.

“Зоос” банкны 635 хувьцаа эзэмшигчид байдаг бөгөөд нийт хувьцааных нь 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, “Ойн мод”, “Нэгдэлчин” компанийн мэдэлд, 25 хувь нь “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, 20 орчим хувь нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн  нэр дээр гэх боловч “Жаст” группынх . Харин үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байдаг. Дурдагдсан том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. “Зоос” банк  татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Юунаас болж тэд амаа үдүүлээд байна вэ. Тэд  МАН, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран “Зоос” банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр хэмээн онцлов. Түүнчлэн Засгийн газрын 348 дугаар тогтоолоор “Зоос” банкийг татан буулгаж, Төрийн банк байгуулсан. Харин Зоос банкны хувьцаа эзэмшигчдийг үл ойшоосон Засгийн газрын энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн хувьцаа эзэмшигчид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэдний зүгээс цаашид ч төр хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахгүй байсаар байх уу гэдэг асуудлыг гаргаж тавьсаар байх болно. 2009 оны арваннэгдүгээр сарын 15 ны өдөр банкны үйл ажиллагаа хямарсан тухай яриа тархах үед банкуудын хадгаламж эзэмшигч нар мөнгөө татаж эхэлсэн. “Зоос” банкийг “Хадгаламж”, “Монгол шуудан” банктай нэгтгэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө татах  талаар Монголбанк ярилцсан байдаг. Гэтэл 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд С.Батболдын гарын үсэгтэй банк нэгтгэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолд үндэслэн Монголбанкны  ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Зоос” банкийг татан буулгах тушаал  гаргасан. Ингэхдээ Ерөнхий сайдын тогтоол гараад  дөрөвхөн хонож байхад Монголбанк тушаалаа гаргаж байв. Ингээд Төрийн банк байгуулж “Зоос” банкны хөрөнгийг хоёр хувааж, төрийн өмч болгож эхэлсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй 10 гаруй хуулийг зөрчсөн  хууль бус үйлдэл юм. “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг Монголын төр дээрэмдсэн үйл ажиллагаа гэж бид үзэж байна” хэмээв. Мөн Засгийн газар өөрөө УИХ-аас гаргасан хуулийг зөрчиж, иргэдийн өмчид халддаг байдал нь цаашид  давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Анхнаасаа  хувьцаат компани байсан банкийг төрийн болгочихоод одоо буцааж хувьчлах гэж байгаа нь ямар учиртай вэ. “Зоос” болон Олон овоотын лиценз хууль бусаар “Жаст групп”-ын  захирал Ш.Батхүүгийн гарт  хэрхэн орсон тухай УИХ-ын  хэмжээнд яригдаж байна. Үүнээс “Зоос” банк хэрхэн  татан буугдсан Төрийн банкийг яагаад хувьчлах гээд буй  шударга бус асуудлуудын шалтгааныг хайвал улс төрийн хүрээнийхэн хэнийг, ямар хүмүүсийг хөрөнгөжүүлдгийг харах боломжтой. Харин үүнийг сэтгүүлчид гаргаж ирэх хэрэгтэй” хэмээн ярив.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих