АМГТГ-ЫН СЕРВЕР ГАЦААД БАЙДГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ

olloo_mn_1503375126_Untitled-2Дэлхийн хөгжилтэй хөл нийлэх гэж монголчууд бид мачийж л байна. Заримдаа нийлээд, заримдаа салаад л… Өөрөөр хэлбэл, хөгжлийг хуулж болдог болдоггүй юм гэж байдаг бололтой.

Сүүлийн үед манай төр боломжтой болгоныг цахимаар бүртгэдэг болсон. Цэцэрлэгийн хүүхэд, өмчлөлийн газар гээд явж өгнө.

Эдний нэг нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох бүртгэлийн дугаарыг цахимаар олгодог болсон явдал юм.

Харамсалтай нь энэ ажил ердөө хэвийн явагдаж чаддаггүй. Энэ жилийн дугаар олгох ажил нь бас л бүтээгүй байна.

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг 2017 оны наймдугаар сарын 11-ний баасан гарагийн 9:00 цагт цахимаар олгох тухай” тушаалыг 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр гаргажээ.

Энэ тушаалд заахдаа бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэсэн байна. Өөрөөр хэлбэл хай гуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд энэ сарын 11-ний өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрхтэйгээр өгөх бололцоотой болох байсан юм.

Даргын тушаалын дагуу өргөдлийн дугаар олгох цахим бүртгэлийн ажил 11-ний өглөө эхэлжээ. Бүртгэлд 5,000 шахам аж ахуйн нэгж оролцсон байна. Гэвч бүтэлгүйтжээ.

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байна.

Ингэхдээ “ … хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан” 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна гэжээ.

Энэ талаар AMГТГ-ын албан ёсны мэдээллийн сайтад “…Техникийн саатлын улмаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосныг мэдэгдье.

Жич: Дахин дугаар олголт явуулах огноог байгууллагын цахим хаягаар зарлах болно” гэсэн зар байршуулжээ.

Харин бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд үүнийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна. Тэд энэ бүртгэл хэн нэгний санаснаар болоогүй учраас “техникийн саатал” нэрийн дор үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдийг зохих байдлаар хохироолоо гэж үзэж буй гэнэ.

Бүртгэл ингэж гацаад байдаг нь анх удаагийнх биш гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, 2015 оны есдүгээр сард, АМГ-аас зүүн аймгуудын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажил эхлээд л сервер нь гацсан. Шалтгааныг тодорхойлж чадаагүй байтал энэ сарын 21-нд дахин гацжээ.

Үүний учир шалтгааныг олохоор ТЕГ, хөгжүүлэгч компани зэрэг олон байгууллагын төлөөлөл нэгдэж ажлын хэсэг томилж ажиллуулсан тухай дараахан нь мэдээлж байв. Гэсэн ч яагаад, юунаас болов гэдгийг тэд олж чадаагүй бололтой.

Ингэж байтал 2015 оны есдүгээр сарын 21-нд сервер дахин гацаж ажлын хэсгийнхэн дахиад ажилтай болсон юм. Тэд хэдэнтээ хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Ингэж ингэж АМГ-аас мөн оны есдүгээр сарын 30-ны өдөр “…Энэ сарын 21 -ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харьяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоожээ.

Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд кодод алдаа гарсан учраас системийн II сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэдгийг тогтоосон байна” гэж мэдэгдсэн байдаг.

Харин энэ удаад ямар нэг хяналт шалгалт хийсэн эсэх, хариу дүн гарсан эсэх талаар ямар ч мэдээлэл алга. Харин бүртгэлд оролцсон 5,000 аж ахуйн нэгж гомдолтой байгаа тухай л мэдээлэл бий.

Уг нь энэ ажил цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлээс ч илүү ноцтой асуудал юм. Монгол орны байгалийн баялаг, газрын доорх эрдэнэсийг хэн гэгч эзэмших вэ, захиран зарцуулах вэ гэдгийг тодорхойлох Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбогдож болох ажиллагаа юм. Гэтэл МАН-ын сандал ширээний хэрүүлийн дуулианд дарагдан чимээ сураггүй өнгөрч магадгүй байна. Холбогдох хууль, хяналтын байгууллага нь анхаарал тавьж байгаа гэдэгт найдъя.

Зууны мэдээ
Б.Очир


URL:

Сэтгэгдэл бичих