“Бухимдлаас үүссэн бухимдал” Үнэн зөв бичсэн МУСГЗ Го.Бадарч

11092

Миний бие Го.Бадарч нь анх удаа мэдээллийн сайтад хандаж байна. Мэдээллийн сайтаар намайг яаж гутааж, доромжилж байсан ч би дуугардаггүй байсан билээ. 2017 оны 6, 7, 8 дугаар саруудад миний бие нэлээд чилээрхүү байна. Зургадугаар сард 1 дүгээр эмнэлэгт хорт хавдрын хагалгаанд орж, буянтай эмч, сувилагч нарын буянаар хагалгаа амжилттай болсон ч тун удалгүй хоёрдугаар эмнэлгийн зүрхний тасагт хэвтэн МУ-ын гавьяат эмч Сэлэнгэ болон түүний удирдлагад ажилладаг эмч сувилагч нарын ачаар хагас дутуу эдгэрч гараад наймдугаар сард дахин 1 дүгээр эмнэлэгт дурангийн хагалгаанд ороод гарлаа.

Энэ их өвчин зовлонг тоочоод байгаагийн учир нь ядарсан зүдэрсэн олон түмнээсээ хандив тусламж гуйх санаа өвөрлөөгүй юм шүү. Би өнөөдөр ядарсан ард түмний үхэл зовлонгоор бизнес хийж байгаа хүмүүсийг мэддэгийн учир энэ бүхнийг чин сэтгэлээсээ бичиж сууна. Миний хоёр хүүхэд улсдаа хөдөлмөр хийж байгаа учир ядарсан ард түмнээ зовоолгүй намайг оршуулчихна гэдэгт би гүнээ итгэж байна. Хамгийн гол нь намайг өвчин аваад яваасай “……харин хорон муут санаатнуудын гарт би болоод миний ач нар бэр, хүргэн төрсөн 2 хүүхэд минь бүү өртөөсэй гэсэндээ үүнийг би бичиж сууна. Намайг болон миний 2 хүүхдийг /Го үйлийн үр гэж байдаг юм шүү. 2 хүүхдийг чинь танина шүү/ гэж заналхийлж байсан хүн байгааг би мартаагүй. Ийм л зүйлүүдээс бухимдал үүсч, өвдөж шаналж бухимдаж явна даа.
Энэ бухимдлууд дээр минь бухимдал нэмж Херо Баатар 2017-05-26-нд Батзоригийн хамт ирж бидэнд Миеэгомбын Энхболдын эсрэг 20 минутын нэвтрүүлэг хийж өгөөч гэсэн хүсэлтийг нь би огтхон ч хүлээж аваагүй ээ.
Би 2017 оны 6 дугаар сарын 11-нээс эхлэн эмнэлэг дамжин хэвтсээр байгаад 2017-08-08-нд гэртээ гарч ирэн гэрээр эмчлүүлж байтал 2017-08-10-нд Херо Баатар надруу өөрийн утаснаас залгаж “…..ах бие сайн уу. Та нэг ирээд уулзаач. Би ажил ихтэй болохоор 2-3 удаа эмнэлэгт хэвтэхэд чинь эргэж чадсангүй. Дүү нь ахдаа эм тарианы хэдэн төгрөг өгье” гэхээр нь миний бие наймдугаар сарын 14-ны өдрийн 12 цагийн орчим Херо Баатар надад санхүүгээсээ 300000 мянган төгрөг өгч, баримтан дээр гарын үсэг зуруулсан, би ч маш их баярласан авсан. Тэгэхэд Херо Баатар “…..Го, ахаа нэг гуйлт байна. Та надад хэдэн үг хэлээд бичлэгт ороод өгөөч гэсэн. Би “….Юу гэсэн утгатай юм яриулах гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яриулах гээд байсан зүйлийг чинь ярихгүй шүү” гэхэд Херо Баатар “… Үгүй ээ ах. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарыг эрлийз хурлийз гэж мэдэхгүй. Ep эрлийз, хурлийзууд төрийн өндөрлөг рүү бүү шуна” гэсэн утгатай юм хэлээд өгөөч гэсэн. Тэр өдөр тэдний уран бүтээлчид зурагтай би ч эмнэлэг рүү яараад тэгс хийгээд салцгаасан.
Би дараа завтай үедээ өөрийнхөө санаж бодож явааг ярьж өгье гэж тохирсон. 2017-08-16-ны лхагва гарагт би тэдний ажил дээр очоод Баатарыг байхгүйд хоёр уран бүтээлч, дадлагын нэг охин одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Батзориг нартай хамт гуравдугаар хорооллын нэгэн эмнэлгийн гадаа Херо Баатарын хэлсний дагуу ярилцлага өгөөд дуустал Ерөнхийлөгчийн зөвлөх Батзориг “…..буруу байна. Ингэ тэг” гээд байхаар нь би уурлаад юу ч яриагүй тэр өдрийн зураг дууссан. Гэтэл 2017-08-18-ны баасан гаригт 14.30 цагийн үед Херо Баатар над руу утасдаж, 16.30 цагт уулзъя гэж болзсон боловч тэрээр 18.40 цагийн үед над дээр ирж тэндээсээ Баянгол зочид буудлын А корпусын 12 дугаар давхрын нэгэн өрөөнд надаас өөрсдөө “хүн ямар ч байдлаар эцэг эхээ сонгодоггүй. Харин эрлийз, хурлийз байж төрийн өндөрлөг рүү зүтгээд байдгаа боль. Би эрлийз намайг төр үнэлсэн, Хүн чаддаг юмаа л хийх ёстой. Олон дуучин, олон бүжигчин урлаг соёлд овог нэрээ нуусан ч тэднийг төр үнэлж байна. Төр ард түмнээсээ алдар гавьяа, алдар цолыг харамладаггүй гэсэн үгийг зааж өгч байгаад ярилцлага авсан. Намайг тэдний санаснаар ярилцлага өгвөл тэд надад ажил олж өгч, намайг ажилтай болгоно гэсэн болохоор би хүссэнээр нь ярилцлага өгсөн. Гэтэл 08 дугаар сарын 18-нд надаас авсан 5 орчим минутын ярилцлагыг яаж эвлүүлсэн, яагаад одоо болтол энэ ярилцлага гарахгүй байгаад би бухимдаж бухимдлаас бухимдал үүссэн энэ зүйлийг бичлээ.
Хeро Баатар хэнийг ч өөрийнхөө талд өөрийнх нь хүссэнээр буруу ашиглаж чаддагийг Монголын үзэгч түмэн мэддэг, ойлгодог болсон гэдэгт би итгэдэг. Түүний тод жишээ нь, МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч түүний гэргий нарыг юу хэлүүлж, яаж үзэгчдэд үзүүлж чадаж байлаа. МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгнийг яаж ашиглаж байсныг ард түмэн мэднэ. Монголдоо л мэргэжил мэдлэгээрээ хэнд ч гологдохгүй Анужинг яалаа. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход тэд надад зааж өгсөн үг, өгүүлбэрээ хэрхэн эвлүүлж ямар байдлаар ард түмнийг хагалан бутаргах гэж байгаа бол гэж бухимдлаас бухимдал үүдэн энэ бүхнийг үнэн зөв бичлээ. Энэ бичсэн зүйлийн эсрэг тэд юу ч хийж чадна. Иймд манай гэр бүлийнхнийг эх орон, ард түмэн хамгаална гэдэгт итгэж байна.
 ”Бухимдлаас үүссэн бухимдлаа” үнэн зөв бичсэн МУСГ3 ГоБадарч 2017.08.23

URL:

Сэтгэгдэл бичих