​Зеро, Энхбаяр

1.
Манай Энхбаяр их сонин хүн юм. Матрёшка хүүхэлдэй шиг онгойлгох тусам дотроос нь олон  янзын хүн гарч ирэх юм. Гарч ирэх тусам улам л жижигрээд байх нь тэр.

1988 оны Энхбаяр,
1992 оны Энхбаяр,
1998 оны Энхбаяр,
2000 оны Энхбаяр,
2004 оны Энхбаяр,
2005 оны Энхбаяр,
2008 оны Энхбаяр,
2009 оны Энхбаяр,
2011 оны Энхбаяр хоорондоо шал өөр шүү. 80, 90-ээд онд төвд ном үздэг, цагаан хоол иддэг,  соёл уламжлалаа биширдэг, сагсан бөмбөг сайхан тоглодог, сахалтай ах Гоголийг орчуулдаг, арай л сахалтай өвөө Толстойг барьж аваагүй байх. Эрдэнэзуу хийдээ хайрлан хамгаалж, мөн  бүр Х.Зандраабайдий зохиолчтой хамтарч “Нутгийг буруу сонговол нүгэл болно” гээд японы  “Говь” төслийг шүүмжилсэн өгүүлэл бичиж явсан. Хорватеншаль хүзүүндээ ороосон гоогоо агаа байсан даа. Юм юманд хошуу дүрсэн сайхан сэхээтэн байна шүү гэж зохиолчид магтаж байсан  үе. Төдөлгүй 90 он гармагц “Орчуулагчдын холбоо” гэдгийг байгуулаад авсан. Тэр холбоо одоо  хаа явдаг юм бүү мэд. “Найман шарга” хэмээн нэрлэгдсэн алдарт бүтээлийнх нь хавтсан дотор  явна уу, үгүй юү бүү мэд.

Горькийн сургууль төгсч ирснээсээ хойш тувт ажилласан Зохиолчдын хороогоо хоёр хуваалцаж, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоог байгуулалцсан. Одоо жинхэнэ хороо оршин  тогтноход ч хэцүү байхад Энхбаярын салгалцсан холбоо яаж шүү яваа нь ойлгомжтой. Соёлын  яам гэж сайхан яамыг 1992 онд УИХ-ын гишүүд асан эдүгээгийн “Үнэн” сонины эрхлэгч байгаад одоо ажилгүй яваа Ц.Ганбат, “Үндэсний шуудан” сониныг, “Зууны мэдээ” сониноо  булаалгуулсны дараа байгуулсан Б.Ганболд, тухайн цагтаа намын залуучуудын дунд нэр  нөлөөтэй асан өдгөө Шведэд яваа Б.Энхмандах гэх залуучууд өвгөн Жасрай, эрдэмтэн Б.Даш-Ёндон нарыг өглөө үдэшгүй шахаж байгаад Энхбаяраар толгойлуулах болсон юм. Залуу  Энхбаяраар Их хурлын дэд дарга тавья гэж Баасанжавын Ганболд баахан гүйж байсан нь ч бий.

59-тэй Жасрай Ерөнхий сайд дургүй шахуу болж байхад 34-тэй Энхбаяр юун Их хурлын дэд дарга, юучив дээ гээд Б.Ганболдын санаа гацна биз дээ. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг сайд энэ онд  төрсөн. (1992 он) Ингэж тэр их улс төрд орж ирлээ. Намын гурван дорж ч түүнийг чамгүй  дэмжсэн. Бямбаадорж, Шараваадорж, Нямаадорж гээд гурван Дорж бий шүү дээ. Гурван яст мэлхийн нуруун дээр дэлхий тогтдог гэж манай монголчууд 100 жилийн өмнө мунхарч байсан  юм гэнэ лээ. Гурван Доржийн нуруун дээр Ардын нам тогтож байсан гэвэл түрүүний домог шиг худлаа. Гэхдээ энэ гурав 1992 оноос хойш намдаа голостой явж, тулах цагтаа тулж, түших цагтаа түшиж явцгаасан билээ. Үүнийг Энхбаяр сайн мэднэ. Хэрвээ тэр энэ намд байсан тухайгаа элдэв амбицгүйгээр дурсвал гурван Доржийн тухай онигоо ч ярина, омогшил ч ярина биз. Намаа тулахын хажуугаар шадар гурван цэрэг шиг Энхбаярыг түшиж явсан, тэд. Гэтэл  өнөөдөр манай Энхбаяр би түүнийг ч гаргасан, энэнийг ч дэвшүүлсэн, тэр ч “хошного долоож  явсан” гэх юм. Түүнийг дэмжиж байсан болгон “хошного долоогч” болбол намын 150 000 гишүүн  бүгд тийм байсан хэрэг үү. За яах вэ, аргаа барсан хүн хүний хошного долоодог байж,  харин хүнээр долоолгож байсан нь даанч дээ гэмээр агуу ихийн өвчин туссан мунхаг амьтан
байж таарна аа даа. Жижигхэн Сталин уу, Садам уу. Үндэсний удирдагч уу. Хяналтгүй л амьтан байх нь. Тэгвэл тэр балар 40, 50-иад онд Ю.Цэдэнбал сурах бичиг дээр зургийг нь гаргалаа гэж ойр орчныхоо улсад уурлаж байсан юм гэнэ лээ.

Угтаа Улсын Бага Хурал гэж байхад Энхбаяр соцдек П.Улаанхүүгийн тоосонд ч байгаагүй нөхөр  шүү дээ. 90-ээд оны улс төр эндээс эхэлсэн. Үүнээс өмнө хувьсгалжсан хүмүүс үнэний эрэлд хатаж байсан. Улс төр гэдэг нь сонгодог утгаараа Улсын Бага Хурлын улаан шугамнаас эхэлсэн.
Энхбаяр бэлэн байсан нам дээр дөрөөлж гарч ирж “Үндэсний удирдагч” гэж зарлуулах хүртлээ  ичмээр амьтан болсноос биш Баабар шиг, халзан Д.Ганболд шиг, Э.Бат-Үүл шиг, М.Энхсайхан  шиг, О.Дашбалбар шиг… ер нь үеийнхэн шигээ нам, холбоо байгуулж гарч ирээгүй өрөм хамагч  шүү дээ. Үеийнхэн нь нам байгуулаад үсэрч гарч ирж байхад манай Энхбаяр маань Д.Сүхбаатарын байгуулалцсан нам дээр гишгэж гарч ирсэн сүйхээтэй эр. Намын ганц хоёр нөхрийг дайрах ч дүүрчээ. Ард түмэн түүнийг Ерөнхийлөгчид залсан. Тэд тэгвэл юу долоож явсан хэрэг вэ. Манай Монголын соёлын хамгийн сүүлчийн сайд ийм байхад гудамжаар дүүрэн: “п…”үсэг зажилж яваа залуучууд аргагүй дээ.

Тэд Энхбаярыг Соёлын сайд байхад соёолж байсан хүүхдүүд шүү дээ. Энхбаярыг улс төрд  хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн улс чинь ангийнх нь Д.Алтай хүүхнээс эхлээд  нэмэх нь Б.Ганболд, Ц.Ганбат, Б.Энхмандах гээд залуучууд нэмэх нь гурван Дорж шүү дээ. Дээр  нь нэмэхнь намынх нь гишүүд, дээр нь нэмэх нь Монголын ард түмэн гэсэн тэлэлттэйгээр  л явсан. Одоо тэр бүгдийнх нь дайсан ч юм шиг, бүгдээс нь сондгойроод ганцаараа ариун хүн болсон ч юм шиг хачин байр суурь дээр хажуулдаж байна. Массын санамж богино гэж андууран далимдуулж дальж бас болохгүй ээ. Б.Энхмандах казиногийн хэрэгт холбогдож ноёны хүүгийн өмнөөс албанд мордох дөхсөн шүү дээ. Угтаа бол Энхбаяр бүгдийн дэмжлэгтэйгээр бүгдийн  толгой дээр гарчихаад хүслээрээ хүн татдаг, хүслээрээ ивээн тэтгэгч болсноос биш толгой дээр гараагүй байхдаа энэ хэдийгээ л царайчлаад явж байсан соёлчхүү. Сөхье гэвэл санамж сэргэнэ, сөхүүлье гэвэл боломж олдоно. Эднүүс байгаагүй бол тэр хэн байх байсан юм? Атлантын далай
дахь жолоодлогогүй завь.

Намын ерөнхий болоход нь У.Хүрэлсүх, П.Дэлгэрнаран, М.Энхболд, шоу Батбаяр, У.Уламбаяр  гээд хот хөдөөгийн зуу зуун зүрх зоригтой залуус зүтгэсэн шүү дээ. Төв халхын дуулалт жүжгийн театрын ерөнхий найруулагч Д.Доржсүрэн “Соёлын яамтай бол соёл урлагийн салбар хөгжинө”  гэж байнга ярьж явдаг юм. Дундговийн энэ залуу нэг юм олж харчихаад л яваад байгаа юм.  Саяхан тэрбээр “Зууны мэдээ” сонинд “Цаашид соёл урлагийн яамтай болбол энэ салбар  хөгжинө” хэмээсэн байна.Хөгжлийн эх үүсвэр үнэхээр соёлдоо байгаа юм. Соёлгүй газар хөгжил байддаггүй. Манайд Соёлын яам гэж байлаа. Тэр яам Энхбаярыг улс төрд оруулж өгсөн довжоо бөгөөд түүнийг Ерөнхий сайд болоход ийм яам алга болсон байлаа. Шүдээ угаах соёлоос авахуулаад биеэ засахад хүртэл соёл бий. Одоо гудманд манайхны байшин, хашаа  налуулж байгаад савируулж байгаа нь ХХI зуундаа бол тод үзэгдэл. Энхбаяр соёлын сайд  байхдаа соёлыг маш өргөн хүрээний ойлголт, ганцхан дуулах хөгжимдөхийг соёл гэж ойлгож  болохгүй гэдэг байлаа. Шүршүүрт орохоос эхлээд шинжлэх ухаан судлахад өөрийн соёл  хэрэгтэйг тунхагладаг байсан. Тэр үед тэр маш зөв байр суурь дээр байжээ.

Жишээ нь инженер хүний соёл бол тухайн шинжлэх ухаанаа дээдлэж чаддаг, мэдлэг чадваргүй  бол түүнийхээ өмнө ичиж чаддаг соёл юм. Ийм соёл дутагдаад манай нийгэмд сайн инженерүүд цөөн байдаг юм. 1970, 80-аад онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга В. Кириллин ажиллаж байсан ч өөрийнхөө үндсэн тэнхимээ орхиддоггүй, Москвагийн эрчим хүчний дээд  сургуулийн дулааны техникийн үндэсний тэнхимээ тэр ерөөс орхидоггүй байлаа. Энэ бол наукид үнэнч байх соёлын жишээ. Слесарь ч өөрийн соёлтой, сайд ч соёлтой. Сайд нь манлайлахаас
эхлээд хамт олонтойгоо харилцах соёл гээд дэвшилтэт бүхнийг соёл бүрдүүлнэ. Бидний хөгжил дэвшил олигтой явахгүй байгаагийн гол үндэс соёлгүй байгаа явдал. Хамгийн гол нь ёс  суртахууны соёл алга. Худлаа ярих гэдэг бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.

Худлаа ярьсан хүн бол муу хүн биш, байдаг л нэг хүн гэж үзэгдэнэ. Харилцааны соёл бол бүр  нойл. Бие биеэ гүтгэн доромжлох, үзэн ядах, хулхидах (энэ үйлдэл бол бүр сэргэлэн, золбоотой  хүний ажил мэт үзэгдэнэ) Хамгийн сүүлийн Соёлын сайд Энхбаяр гэхэд харилцааны дээд  соёлгүй амьтан болохоо ганьхуйтай сайхан үзүүлж байна. 1991 онд Соёлын хорооны тэргүүн дэд дарга хэмээгдэн Б.БадарУуганы орлогч болсноос хойш 18 жил тэрбээр Монгол орны нийгэм улс төрийн амьдралтай хутгалджээ. Өнөөдрийн болохгүй бүтэхгүй байгаа муу муухай болгон  түүнтэй холбоотой. М.Энхсайхан алсын бодолтой улстөрчийн хувьд “авлигын загалмайлсан  эцэг” гэж санаандгүй нэрлээгүй билээ. Тэр тусмаа М.Энхсайхан санаандгүй юм гэж байдаггүй гэдэг зарчмыг баримталдаг хүний хувьд. Өнөөдөр Энхбаяр МАН руу, АН руу нийгмийн дийлэнх  хэсэг рүү нулимаад байгаа нь өөрийнхөө төрүүлсэн үр хүүхдийг нулимаад байгаа юм шиг  санагдах юм.

Хэмжээлшгүй эрхт гэмээр, энэ эрхээр далимдуулж юуг ч хийж болохоор боломжийг 2000 оны сонгуулийн дүн өгсөн. Бод доо, өнөөдөр Сү.Батболд эхнэрээ Тагнуулын газрын зөвлөхөөр  тавьж чадах уу. Нэгдүгээрт, чадахгүй. Хоёрдугаарт, Сү.Батболд ийм балай юм хийхгүй. Нийгэм  хамаагүй соёлжиж, нээлттэй болжээ. Энхбаяраас хойш. Эргэж харахад Энхбаярын  байгуулалцсан холбоо, хороо ч сураг алга, толгойлсон яам тамгын газар нь ч сураггүй. Толгойлж, өндөрлөгт өргөсөн нам нь тасархай. “Эвтэй бол хүчтэй” хаа явна вэ? Эрхбиш Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар Үндсэн хуульд заалттай тулдаа л үлдсэн байна. Эвтэй бол хүчтэй гэж энгэр заамаа ярж хашгирсан болгон эвийг эрхэмлэгч биш. Угаасаа хагалган бутаргах натуртай хүн бол хуваах, хагалах, таслах, булаах хувь зохиолтой л байдаг  байна. Нэг иймэрхүү.

2.
Цагтаа мань эр МАХН-ын Хувьсгалт гэдэг үгнээс мангас лүгээ айж байсныг нь МАН-ынхан  төдийгүй хажууд нь хань болж явсан залуучууд мэднэ. “Гадаад орчин хүлээж авахгүй байна.  Америкуудын өмнө юу гэж тайлбарлах вэ. Барууныхан коммунист гээд байна. Ардчилсан орны  намынхантай уулзахад ичмээр юм. Орост коммунист нам татан буугдлаа. Биднийг   коммунистуудтай андуураад байна” гээд л ам ангайвал ярьж явдаг байлаа. Энхбаярыг  МАХН-ын индэрт гарч ирэхээс ч, түүнээс өмнө ч энэ үгээс зугтаахын түүс болцгоож байсан. Хүзүү хэмээгдэх С.Дашдаваа агсны үед МАХН-ыг Монголын социалист нам болгоё гэсэн санаа ч хүчтэй явж байсан. Энхбаяр энэ үгийг эсэргүүцэгчийн эхний эгнээнд байсан. Тэгээд 2011 онд  Энхбаярынхаа хүсэлтийг харгалзаад Хувьсгалт гэдэг үгийг хуй татаж хаялаа, нам нь. Одоо  тэгээд юу нь болохгүй байна. Гэтэл манай ах Энхбаяр тэгэхээс тэгэх гэсэн аятай энэ намаасаа зугтаалаа. Өнөө хувьсгалт намаа байгуулаад хуйтай сэлмээ агсаад ирлээ.

Түүнийг намын дарга  болгоогүйд л хэргийн учир байна. Хэрэв МАН-ын даргаар Энхбаярыг “томилсон” бол  ингэхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Одоо тэр үзэн яддаг байсан Хувьсгалт гэдэг  үгийнхээ хормойд нь нуугдаж амь хоохойлохоор болов. Хүний мөн чанарыг мэдье гэвэл хязгааргүй их эрх мэдэл, хязгааргүй их мөнгө өг гэдэг. Энхбаярт Д.Сүхбаатарын нам авъя гэсэн болгоныг нь өгсөн байх аа. Одоо Энхбаяр маань өөрийнхнийгөө мартаад бусдын байшин тоолдог л хүн болж. 1996 онд XI хорооллын Брежневийн үеийн есөн давхар байшингийн найман давхарт гурван өрөө байранд л байсан хүн дээ. Түүнээс хойш авгай нь бизнес хийсэн үү, үр хүүхдүүд нь хийсэн үү, алдарт бизнесмэн ах дүү нар нь бэлэглэсэн үү, овоо л юмтай болсон дуулдах юм. Энэ хүнд Монголын бүх нууц бий. Өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  гишүүнээр гурван албан тушаал дамжин байсан. Эхнэр нь Тагнуулын ерөнхий газрын зөвлөх  асан. Энэ хүн ямар ч бизнес хийсэн яаж ч баяжиж чадах хүн. Нэг иймэрхүү.

3.
1992 онд Б.Даш-Ёндон намаа удирдаж УИХ-ын сонгуульд 72 суудал авсан хэр нь өвгөн   П.Жасрайг Ерөнхий сайд болгочихоод, өрлөг Н.Багабандийгаа Их хурлын даргаар томилуулаад өөрөө өрөөгөө сахиад үлдэж байсан. Номтой хүнээс эр зориг гардаг байна. Намтай хүнд ёс  суртахуун байдаг байна. Ц.Элбэгдорж 1996 онд Эвслийнхээ хамгийн том намын дарга байсан  хэрнээ “Би Ерөнхий сайд болно оо” гэж Баянхонгороос хашгираагүй. Сонгуульд ялалт    байгуулахад тусалсан нөхдөө дайлж цайлаад сууж байжээ. Тухайн үедээ Монгол орны эдийн засаг, аж ахуйг бүхэлд нь харчихаж чадах нь эвсэл дотроо М.Энхсайхан гэдэг чадварлаг залуу байсан юм. М.Энхсайхан бол ардчиллыг анх бий болголцсон хүн. Энхбаяраасаа шал өөр хүн.  Хийсэн юмтай, хэлэх үгтэй. Тэр бол жинхэнэ утгаар нь сонгуулийн ялалтуудыг авчирч байсан.

АН-ынхан түүнд талархаж татаж авах ёстой хүн дээ. Ухаан нь алсдаад байдаг юм уу, уяа нь уртдаад байдаг юм уу, бүү мэд. Сөүлийн дарга Солонгосын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох нь элбэг. Манайд ч Л.Энэбиш, Ж.Наранцацралт, М.Энхболд нар хотын дарга байгаад хожим нь  УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод түүртэлгүй хийсэн. Уг нь 2000 онд сонгуулийн дараа эдийн засаг аж ахуйн туршлага, мэдлэгтэйгээр Л.Энэбиш л Ерөнхий сайд болох болов уу гэсэн хүлээлт намын нөхдөд байсан. Харамсалтай нь, Зохиолчдын хороо, Орчуулагчдын холбоо, Монголын  Үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Соёлын хороо, Соёлын яамаар дамжсан нэг нөхөр энэ  эгзэгтэй үед эдийн засаг хамаандлах болсон юм. Нэг иймэрхүү.

4.
2004 он. Хөгжилтэй. Улаанбаатар хотыг фото зургийн үзэсгэлэн болгож, Энхбаярын фото  Улаанбаатарын айлуудын цонхноос олон болсон байсан. Баруун жигүүрээс Т.Бадамжунай,  Н.Болормаагийн хөргөөс эхлээд зүүн жигүүрт Т.Ганди гээд дуусч байв. Цул фото. Хэн ч бодож олсон юм. Хүний дургүй хүрмээр. Ямар ч фотогеничный хүний зураг нүд эрээлжлүүлээд ирэхээр бургас шиг харагдаж эхэлдэг юм билээ.

За ингээд фотогеничный хүмүүс алуулах дөхлөө. Арай гэж 37 ч бил үү суудал авлаа. Эндээс  манай Энхбаяр амь зулбахын эрхэнд өөрөө УИХ-ын дарга болж Элбэгээд Ерөнхий сайдын  сэнтийг өгсөн. ХААН сонголт гэдэг үг ХААН банкны салбаруудын тооноос олон сонсдох болов. Ардын нам, Ардчилсан эвсэл хоёр эндээс эхэлж нэг хөнжилд оров. Энхбаяр эвтэй бол хүчтэй  гэж өөрөө балрахаараа МАНАН-гийн эхлэлийг тавив. Хэн ч Энхбаярыг намын даргаас унагая гэж ил хашгирсангүй. Түрүүчийн дөрвөн жилийн айдас арилаагүй хэрэг. Энэ утгаараа МАНАН  бол яах аргагүй Энхбаярын “Монголчууд эвтэй бол хүчтэй”-гийн үр хөврөл. Одоо бол мань хүн хөхөө шиг хүний үүрэнд үр хүүхдээ хаяж явчихаад хөндлөнгөөс шоолж сууна. “Тэр ямар муухай нугасны дэгдээхэй вэ?” л гэнэ. Би шал өөр хүн. Нэг команд болж байгааг үй юм шиг өнөө  У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд, Ц.Нямдорж, бүр сүүлдээ Т.Билэгтээ хүртэл юманд барьж өгөх нь үү дээ. МАНАН болоод МАНАН-д байгаа бүх хүн Энхбаярын бүтээл. Монгол оронд юу  болохгүй байна, юу болж байна 2000 оноос хойш энэ бүхэн манай Энхбаярын бүтээл.

Монголчууд эвтэй бол хүчтэй гэж 2004 онд Энхбаяр ахын сценариар эвлэлдэн нэгдсэн. Ц.Нямдоржийг муу сценарист гэж Энхбаяр хэлсэн. Хүн багшийгаа гүйцдэггүй юм гэнэ лээ. Атлантын далай хүртэл хэмжээтэй байхад алд биетэй хүн хэмжээтэй баймаар. Элгийг чинь  тэвэрч явсан зуу зуу, мянга мянган нөхдөө манан будангаар нь дуудаад яах вэ. Эд бүгд уг нь манай Энхбаярт хоёрын хоёр удаа саналаа шууд өгцгөөсөн хүмүүс шүү дээ. У.Хүрэлсүхээс  авахуулаад Хүрмэн сумын Хүрээт гуай хүртэл, Ц.Нямдоржоос эхлээд Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголон зах Захиалга авах утас: 70119000, 99020745, 99020746 Сайн чанарын вакум  цонх, тагтны хаалт хийж нийлүүлнэ Номгон сумын Норов гуай хүртэл МАН-ын 200000 гишүүд, дэмжигч бүгд Энхбаярт эхнэр, нөхөртэйгээ хэлцэж хэрэлдэж байгаад, үр хүүхдээ аргадаж загнаж байгаад, хамаатан саднаа ухуулж урхидаж байгаад зөвхөн Энхбаярын төлөө хоёр удаа шууд  санал өгсөн. Өгсөн улс мартаагүй байх, авсан хүн мартжээ. Та нөхөд МАНАН-гийн нэг хэсэг  болсон. Уг нь цөлжиж ядарсан Монгол оронд усан манан шиг чухал юм алга. МАН ба АН тийм манан болох боломж бий. Ердөө л энэ.

5.
Улс орны хөгжилд нэгдмэл цул улс төрийн хүч маш чухал. Ийм хүч л хөгжилд хөтөлж хүргэнэ. Орос улсад “Нэгдcэн Орос” хэмээх том нам байна. Нарийндаа 2004 оноос хойш аягүй бол 2012 оныг дуустал хамтрах нь. Үнэхээр улс орны хөгжилд тогтвортой байдал хэрэгтэй, нэгдмэл цул  байдал хөгжлийг авчирна гэвэл МАН, АН хоёр эвсэл болж сонгуульд орвол 76 тойргийг цөмийг  нь авна. Гомдогсдын амбицийг л дарах хэрэгтэй. Ийм тохиолдолд ямар ч завсар байхгүй. Гадаад харилцаа тэлж байгаа өнөө үед хэдэн элчин сайдын яам, консулын газар нэмж байгуулaхад төрд ч хэрэгтэй, амбицитай хэдэн нөхөрт ч орох оронтой, ажил төрөлтэй болно. Энэ тохиолдолд Энхбаяр ч зеро, бусад нь ч зеро. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй хоёр том  хэсэг болж хуваагдсан. МАН, АН. Нэгэнт тэнцсэн хоёр хүч ойрын 3-4 сонгуульд бас л тэнцэнэ.

Яагаад гэвэл Монголын нийгмийн нийт гишүүд том утгаараа хоёр л хуваагдсан шүү дээ. Шинэ сонгогчид бүрэлдэн тогттол 12-16 жил хэрэгтэй. 16 жилийн дараа шинэ сонгогчид маань АН,  МАН хоёрын эсрэг өгөх үү гэдэг маш том асуултын тэмдэг. Хэрэв энэ хоёр аварга “би ардчилсан,  чи ардчилсан бус” гэх мэт хий хоосон тольхилцолгүй нэгдэж чадвал “Нэгдмэл Орос”  намын нэг хувилбар Монголд бий болно. Монголд үнэхээр хөгжил хэрэгтэй юу, хийрхэл  хэрэгтэй юу гэдгийг бодох цаг ирлээ, бодох цэг нь байна. Нийгэм нэгдмэл цул байж л хөгжил  цэцэглэлтийг авчирна. Төр нь тогтвортой, түмэн олон нь жаргалтай. Өөр юу хэрэгтэй вэ?

Монголын улс төрийн элит, дээд мандалд байдаг 200-300 хүн та нар бүгд 50-60 нас хүрлээ. 50  хүрцгээсэн бол тавьтиртай байх, 60 хүрцгээсэн бол жаргалтай байх цаг. Зөвхөн тогтвортой  байдал хөгжлийг авчирна. Сүүлийн үед Ерөнхийлөгч байсан хүн хувьсгал ярьж эхлэв. Магнай, “Хувьсгалаас өөр гарц олж харахгүй байна” гэнэ. Энэ худлаа. Бид хувьсгал хийвэл Киргиз, Гүрж энэ тэрийн хувь заяаг л давтах болно. Тэнд ямар ч хожил байхгүй, ёстой ЗЕРО шүү. Долдугаар  сарын 1 гээд л хөөрцөглөж байна. Энэ чинь муу юм шүү дээ. Хүний амь үрэгдэнэ гэдэг ямар ч  шударга ёсыг хайцайлах эд биш шүү дээ. Капиталын нийгэм байгуулна гэсэн атлаа өмч хөрөнгө сүйтгэнэ гэдэг үндсэн зарчмаасаа ухарч байгаагийн л нэр. Нарийндаа хувьсгал гэдэг гэмт хэрэг  шүү дээ. Хувьсгалт гэдэг үг улс төрийн яармаг дээр үнэд орсныг далимдуулж хувьсгалд  уриалан дуудах нь гэмт хэрэг. Аливаа хувьсгалд ард түмэн хохирч хэдхэн хатуу сэтгэлтэй хүн л хождог. 90 онд хамгийн тайван хувьсгал хийхэд л хямрал туйлдаа хүрч, хот суурин газраар өлсгөлөн нүүрлэх алдсан биз дээ.

Одоогийн хувьсгал өнгө мөнгөний төлөө болох юм бол улс  орныг сэгсрээд хаяна. Долдугаар сарын 1-ний хямралыг гурваар үржүүлэхэд л улс орон   туйлдана. МАХН-ын нэр зургаан хувьд хүрлээ. Энэ бол зөвхөн нэрийн л хувь. “Адидас” гэдэг нэр өөртөө хувьтай шүү дээ. Тийм л хувь.  Түүнээс Энхбаяр, Молор-Эрдэнэ нарт өгсөн хувь биш. Түүнээс Хамгаас гашуун хувь заяа гэдэг  нам байгуулаад ард талд нь Энхбаяр байсан бол зургаа гэдэг хувь байхгүй. Өнөө л ЗЕРО.  Эцэстээ Энхбаяр жилийн өмнө, 10 жилийн өмнө найз нөхөд байсан, загалмайлсан эцэг байхдаа  залж байсан хүмүүс рүүгээ нулимах тусам түүний нэр төр зеро болно. Одоо ч гэсэн ТВ-ээр түүний аашилж, аяглаж байгааг харахад “Бид чинь ямар амьтныг орой дээрээ залж байж вэ?
“гэж өөрийн эрхгүй гутармаар болж байна. Энхбаяр жирийн иргэн байхдаа эх орондоо, ард  түмэндээ илүү хайртай болдог юм байна. Энэ хайрыг нь түүнд хадгалж байх үүднээс түүнийг  депутат, гишүүн, Ерөнхийлөгч болгох хэрэг байна уу. Эх орондоо, ядууруулсан ард түмэндээ тэр хайртай боллоо. Авлигын загалмайлсан эцэг эргэж ирлээ. Нэг хийж чадаагүй хүн хоёрдохио хийнэ гэж байдаггүй юм. Реформ, шинэчлэлийг тэр зүүнд хатгуулсан юм шиг гэнэт ойлгосон бол нам дотроо л байж хийх боломж байсан. Дарга болгосонгүй гэж ингэж хорсолдоо хөтлөгдөн  үймүүлж байгаа бол төгсгөл нь ойлгомжтой. Тэр бол ЗЕРО.

Х.БҮРЭНТОГТОХ

URL:

Сэтгэгдэл бичих