Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс “Хот”-оо нэхэж байна

1503618491599f65bba8949Монгол Улс албан ёсоор ганцхан хоттой. Тэр нь Улаанбаатар хот.  Үндсэн хуулинд “Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн“ гээд заачихсан болохоороо  хот гэж ойлгогдож байгаа юм.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ч “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэжээ. Чухамдаа хуулийн иймэрхүү заалтуудын  улмаас Монгол үндсэндээ албан ёсны  ганцхан хоттой болчихоод байгаа юм. Бараг дэлхийд байхгүй жишиг байх.

Хүн төрөлхтний суурин амьдралын хэв маяг нь үндсэндээ хотжилт. Гэтэл “Хот” гэсэн статус нэршлээсээ XXI зуунд татгалзаад явж байгаа улс орон манайхаас өөр хэр олон байдгийг хэлж мэдэхгүй юм.

Уг нь өмнөх нийгмийн үед хүн амынх нь тоог харгалзан хотын статусыг тогтоож байсан.  Тухайлбал 10 мянгаас дээш хүн амтай, тухайн бүс нутгийн засаг захиргааны төвийг хот  хэмээн нэрлэж байсан санагдах юм. Тэр үед 18 аймгийн төв, тэгээд Дархан Эрдэнэт гээд лав 21 хоттой байв.

Аливаа юм нэрнээсээ эхлээд мөн чанартайгаа дүйж байх ёстой байх. Хуулиар хотынхоо хэм хэмжээг доош нь хийж жижгэрүүлснээрээ олсон нь юу билээ, алдсан нь аль хэр билээ гэдгийг эргэцүүлэх цаг болсон.

Үүний бэрхшээлийг амсч яваа хүмүүс бол орон нутгийн удирдлагууд. Тэд ч энэ талаар санал гомдол нэлээдгүй илгээдэг. Адаглаад гадаад орнуудын ижил төстэй хоттой холбоо харилцаа тогтооё, хамтран ажиллая гэхээр “Өө танайх чинь сум юм байна шүү дээ. Тиймээс та нар тэр жишгээрээ л  сумын хэмжээний суурин газартай хамтран ажилла” гээд гэдийчихдэг гэсэн. Тэгээд буйдхан нэгэн тосгоны нэр хэлээд “эднийхтэй та нар хамтар” гэх жишээний.

Аймгийн төв сум хоёрыг ижил түвшинд авч үзэх нь адуу хонь хоёрыг жишихтэй агаар нэгэнбиз. Эрх зүй, эдийн засгийн чадавхи, зам харилцааны нөхцөл, хүн амын байршил, адаглаад болосвролын түвшин  гээд энд өдөр шөнө шиг ялгаа бий. Хот гэдэг угаасаа тухайн нутаг дэвсгэр дэх удирдлага, хөгжлийн чиг хандлага, нийгмийн бүхий л харилцааны цогцолборыг агуулсан өөрөөр хэлбэл нутаг дэвсгэр, улсын хөгжлийн илэрхийлэл болсон онцгой статус байх ёстой. Ер нь яаж ч бодсон статусаа өргөж баймаажин хөгжих нь тодорхой. Том ярьж том юм хийнэ гэдэг шиг.  Тэгэхээр хот гэдэг нэрнээс халгаад байх хэрэггүй байлтай. Ер нь зиндаархаж байж л хөгжинө шүү дээ.

Энэ талаар ганцхан сумаар жишээлж ярья.

Дэлхийн улсууд аль нэг хотоо чөлөөт бүс хэмээн зарлаж тэнд хөрөнгө оруулагчдыг далладаг. Манайд Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс гээд зарлачихсан. Түүнэс хойш лавтай 7 жил өнгөрч байна. Гэсэн атлаа сумын статустай. Хэрэг дээрээ Замын-Үүд гэхэд Дорноговь аймгийн төсвийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг. 13 мянга гаруй суугуул оршин суугчтай, өдөр бүр 2000-10 000 хүн үүгээр дайран өнгөрдөг.  Хааяа нийлэн байгаа Эрээн гэхэд хотын статустай бөгөөд Хятадын хилийн 13 нээлттэй хотын 5-д нь эрэмблэгддэг гэсэн. Эрдэнэт, Дархан гэсэн хоёр том хоттой байлаа. Одоо тэднийгээ сумын төв болгочихсон.  Гэтэл сум гэдэг нэг нэршлийн дор зарим нь 100 гаруй мянган хүн амтай байхад  Дундговь аймгийн Цагаандэлгэр зэрэг зарим сум ердөө 700  орчим хүн амтай байх жишээний.

Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцаас харахад иргэд орон нутгийн хотын талаар санаа бодлоо түлхүү илэрхийлж байгаа нь ажиглагдаж байна. Иргэд энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхвол:

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн А.Дашдаваа “Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой. Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хот болох хэрэгтэй. Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэжээ.

Монгол Улсын хамгийн том сумын нэг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа нутгийнхан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр сумынх нь статус орон нутгийн чанартай хот болж өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байгаа бол Дархан-Уул аймгийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энд тавигдаж буй гол асуудал нь улсын чанартай хотын статустай болох явдал юм. Тус сум урьд нь Монгол улсын том хотын зэрэглэлтэй байсан.  Олон үндэстэн, ястан оршин суудаг, дөрвөн сум нь өөр өөрий нгэсэн өвөрмөц онцлогтой, Дархан сумын хувьд 10 гаруй том үйлдвэр ажилладаг Монгол Улсын үйлдвэрийн томоохон район  нутгийнхан ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хотоо нэхэж байгаа юм.

Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын иргэн Г.Бумцэрэн “Манай аймаг 1991 онд Чойр хот болж, 1994 онд Говьсүмбэр аймаг болсон. Дархан, Эрдэнэтийг дагаад хотын статустай болсон юм. Говьсүмбэр бол боржигон түмний цөм болсон аймаг. Тиймээс эргэн тойронд байгаа сумдыг Говьсүмбэрт нэгтгэвэл хүн ам олонтой, хөгжих боломжтой хот болж хөгжих боломжтой.Тэр нь зэргэлдээ аймгийн сумдыг шууд тасдаад нийлүүлчихнэ гэсэн ойлголт биш. Гэхдээ харьяалал, газар нутаг, төр захиргааны үйлчилгээ авч байгаа байдлаар нь хилийн цэсийг бодож үзмээр байна”  гэжээ.

Энд дурдагдаж байгаа гээж болохооргүй нэг санаа бол “төр захиргааны үйлчилгээ авч байгаа байдлаар нь хилийн цэсийг бодож үзэх”  явдал.

Энэ долоо хоногт  Налайх дүүрэгт болсон хэлэлцүүлгийн үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй “Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот учраас Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудал шийдвэрлүүлэх шаардлага бий. 2015 онд дагуул хотынхоо захирагчийг сонгосон. Цаашид Налайхыг бие даасан хот болгох талаар иргэд санал их гаргадаг. Эдийн засаг, орон нутгийн төсвөө ч бүрдүүлэх боломжтой. Энэ эрхээ эдлэхийн тулд бие даасан хот болох шаардлагатай. Мөн Налайх дүүрэг, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн алслагдмал дүүргийн нэг. Налайхад хилийн цэсийн маргаан нэлээд бий. Иймд иргэд маань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бие даасан хот болгох саналаа түлхүү өгөх байх гэж бодож байна” гэжээ.

Оршин суугаа сумаа хот болгох иргэдийн амбиц энэ мэтээр илэрч байна. Ер нь орон нутгийн засаг захиргаа, хүн ам төвлөрсөн суурин газрын хот гэсэн статусыг халснаар  ойлгомжгүй байдал, давхардал, зэрэг дэв, удирдах удирдуулах ёсны эрэмбэ дэв алдагдсан гэж үздэг. Түүнчлэн аймгийн  төвийн хот гэсэн статусыг халснаар  хотруу чиглэсэн их нүүдлийг эрчимжүүлсэн хэмээн ярьдаг нь талаар бус.

Хотоо хот гэж нэрлэж, албан ёсны статустай болгох нь бүс нутгийг хөгжүүлэх, удирдлагын  болон хүн амын хэт төвлөрлийг сааруулах нэг боломж гэж ойлгогдож байна. Хоттой баймаажин хөгжлийн өрсөлдөөн өрнөнө. Тэгээд тэдгээр нь төсөв хөрөнгө, эрх зүйн өргөн эрх мэдэлтэй, Засгийн газартайгаа шууд харьцдаг, шат дамжлага багатай байвал бүр сайн.

Одоо яригдаж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд Улсын чанартай хот байгуулах тухай асуудал туссан гэдгийг дурдая.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих