Ээлжит бус чуулганыг Ерөнхийлөгч санаачлах уу?

4schmdhvbobnn5qmqi51fj6vcm_bУИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж тэд бичигтээ дурджээ. Т.Аюурсайхан гишүүн бичгээ өгчихөөд “… Үндсэн хуульд заасны дагуу асуудлыг 15 хоногт шийдэх ёстой” гэж байв.

Мөн тэдэнтэй нэг өдөр буюу энэ сарын 23-нд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдын нэр дээр ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай 01/32 тоот албан бичиг илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө хууль тогтоомж зөрчин 2017 оны улсын төсөвт төсөвлөөгүй хүүхдийн мөнгийг нөхөн олгосон нь хууль бус үйлдлийг төсөвт тодотгол хийх замаар санал болгосон. Засгийн газар нэгэнт гаргасан шийдвэрээ хадгалж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох эрх зүйн үндэс нь 2017 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх юм. Үүний тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.

Харин энэ хоёр бич­гээс хоёр хоногийн өмнө, энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын ээлжит бус чуулганыг ес­дүгээр сарын эхний до­лоо хоногт багтаан зар­­лан хуралдуулах зар­лиг гаргуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулгад хүргүүлжээ.

О.Баасанхүү гишүүн АН-ын бүлгийн гишүүд­тэй адил хүүхдийн мөнгөний асуудлаар, мөн  ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр “Чингис” бондын эргэн төлөлт болох 500 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн нэг тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах, төсөвт тодотгол хийж, багш нарын зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах гэсэн дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж үзсэн байна.

Ингээд тун ойрын үед ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болох гурван ч шалтгаан бий болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь бие даагч гишүүнээс бусад нь ээлжит бус чуулганыг зарлах санал гаргажээ.

Ээлжит бус чуул­ганыг зарлах гол субьект болох УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байна. Тэрээр намынхаа 30 ги­шүүнийг саналаа өр­гөн барихын өмнөх өдөр гадаг­шаа ниссэн. Мар­гааш нь эх сурвалжууд түү­нийг эрүүл мэндийн шалт­гаанаар гэнэт явсан гэж тайлбарласан. Ингэхдээ УИХ-ын дарга эрхээ хэрэгжүүлэхийг аль нэг дэд даргадаа даалган захирамж гаргаагүй явчих­сан гээд байгаа. Уг нь төрийн албаны тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах үүднээс УИХ-ын дарга хаа нэг тийш явахдаа заавал захирамж гаргаж үлдээдэг номтой ажээ.

УИХ-ын даргын энэхүү гэнэтийн “томилолт”-ын талаар УИХ-ын Тамгын газраас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Мөн энэ талаар УИХ-ын албан ёсны вэбсайтад мэдээлэл алга. Түүнчлэн УИХ-ын вэбсайтад өнөөх 30 гишүүн УИХ-ын дэд даргад санал өргөн барьсан тухай, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан тоот хүргүүлснийг мэдээлээгүй. Харин дээрх мэдээлэл бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүрч байгаа юм.

Энэ бүгдээс харахад УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санаачлагыг гаргахдаа тун хойрго байж мэдэхээр байна. Тэрээр дээр дурдсанаар “…Я.Санжмятавт эрхээ хэрэгжүүлэхийг даалгаагүй” гээд гүрийчихвэл асуудал бас өөрөөр яригдаж магад. Гэхдээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “…Би өөрийн бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн саналыг хүлээж авлаа” гэж мэдэгдсэн.

Нөгөөтэйгүүр заа­вал УИХ-ын даргыг “царайч­лах­гүй­гээр” ээлжит бус чуулганыг хуралдуулж болох гаргалгааны талаар Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар яриад эхэлсэн байна.

Тэр нь юу гэвэл, О.Баасанхүү гишүүн шиг Ерөнхийлөгчид хандахад болох гэнэ. УИХ-ын тухай хуулийн 16.2-т “…Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар хуралдуулна” гэж заажээ.

Энэ дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ээлжит бус чуулганыг зарлуулах хуулийн гаргалгаа бий ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих