Тариаланчдын урамшууллыг ирэх сараас олгоно

Тэртээ 2007 онд Засгийн газраас улаан буудайн үйлдвэрлэлтийг дэмжих, тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэнийг урамшуулах зорилгоор “Тариаланг дэмжих сан”, улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Энэ ажил хэдийнэ биелэлээ олж жил бүрийн өдийд урамшууллаа авах гэсэн тариаланчид салбарын яамныхаа хаалгыг сахидаг болоод хэдийнэ таван өвлийг угтжээ.

Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил Монгол Улс хүнсний ногоо, гурилын буудайн хувьд өлдөж, өлсөхгүй, өндөр үнэд хүлүүлэхгүй байх хэмжээний ургац, улаан буудай хурааж авсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хурааж авсан улаан буудайгаа зарж, борлуулах тухайд нэлээд бэрхшээлтэй тулсны эцэст асуудалгүй болсондоо салбарынхан баяртай байна.

Энэ жилийн хүнс, ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо бүрэн хангах боломжтой тухай энэ намрыг дуустал дээр дооргүй ярьсан. Арга ч үгүй биз ээ. Энэ онд манай улс 448.1 мянган тонн үр тариа, үүнээс 437.9 мянган тонн буудай, 199.2 мянган тонн төмс, 105.2 мянган тонн ногоо, 4.5 мянган тонн арвай, 4.3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4.5 мянган тонн тосны ургамал, 34.3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Ургацын энэ мэдээг өмнөх онтой харьцуулбал үр тариа 81.8 мянган тонн, төмс 30.2 мянган тонн, хүнсний ногоо 14.9 мянган тонноор илүү байгаа нь энэ өвөл, хаврыг ажирахгүй давна байх гэх итгэл төрүүлээд байгаа юм.

Бид үүнийхээ үр шимийг зөв хуваарилаад, үр ашгийг нь хүртэж чадвал хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байгаа аж. Сайхан мэдээ… Тариалан эрхлэгчдэд зориулсан өөр нэг сайхан мэдээ ч байна.

Нэлийсэн их цас орж, хүйтний эрч улам бүр чангарч байгаа энэ үед тариаланчид хэдийнэ улаан буудайгаа борлуулж дууссан мэдээг салбарынхан бидэнд өглөө. Тэдний мэдээлснээр тариаланчдын гар дээрх улаан буудай эзнээ олжээ.

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д гэхэд 100 гаруй мянган тонн ургац хүрчээ. Ингэхдээ нэг тонныг нь 350 мянган төгрөгөөр тооцож худалдан авсан гэнэ. Мөн улсын нөөцөд тодорхой хэмжээний улаан буудайг тонныг нь 350 мянган төгрөгөөр, үлдсэнийг нь аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид хоорондоо зохицоод зах зээлийнхээ ханшаар зарж борлуулсан гэдгийг хэллээ.

Тариаланчдын дунд нэлээд өндөр үнэлгээтэй яваа Засгийн газрын уг шийдвэр жил бүр иргэн, аж ахуй нэгжид үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Гэвч өнөөдрийг хүртэл уг урамшуулалыг нөхөн олговор гэж андуурдаг байдал иргэд, тариаланчдын дунд нэлээд байдаг гэв. Энэ нь газар тариаланчдаа дэмжиж буй төрийн хайр хишиг, урамшуулал гэдгийг салбарынхан онцолж байлаа.

Ирэх сарын 10-наас олгогдож эхлэх урамшуулалыг Засгийн газраас гаргасан журмын дагуу өгч эхлэх гэнэ. Урамшуулалд хамрагдах тариаланчдын материалыг энэ сарын 1-нээс эхлэн авч эхэлжээ.

Ингэхдээ хураасан тарианыхаа хэмжээ, эрүүл ахуйн шаардлага хангасан бичиг, оршин суугаа харьяа газрынхаа тодорхойлолт, татвар төлсөн баримт зэргээ бүрдүүлээд энэ сарын 20-ны дотор салбарын яамандаа өгөх шаардлагатайг ч тэд хэлсэн.

Тариаланчдын ирүүлсэн материалыг яамнаас хянаад Сангийн яаманд ирэх сарын 1-ний өдөр өгдөг байна. Сангийн яамнаас хүсэлтийг хянаж, шалгаад ирэх арванхоёрдугаар сарын 10-наас урамшууллыг олгодог журамтай аж.

Уг журмын дагуу өнгөрсөн жил 36 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалыг олгож байжээ. Харин энэ жилийн хувьд хэдэн төгрөгийн санхүүжилт гарах тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа аж.

М.Мөнхтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.