Химийн бодис байсан хуванцар савыг худалдаалж байжээ

Бидний өдөр тутмын ахуйн хэрэгцээнд хуванцар сав голлох үүрэг гүйцэтгэх болсоор 20 жил өнгөрчээ.

Эдгээрээс гэр хорооллын айл өрхүүд бидний нэрлэж заншсан 25-ын гэх тодотголтой өнгө, өнгийн хуванцар саваар ундныхаа усыг зөөдөг.

Гэтэл хуванцар сав хүний эрүүл мэндэд маш хортой болохыг МХЕГ саяхан шалгалтаар тогтоосон байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хархорин” захад худалдаалж буй хуванцар савны дийлэнх нь химийн хорт бодистой болох нь тогтоогджээ. Иймээс ч тус газар зарим аж ахуйн нэгж, байгууллагыг хуванцар сав худалдахгүй байх албан бичгийг хүргүүлсэн байна.

Зарим нь хэмээн тодотгож буйн учир нь Хятад, Япон, Солонгосоос химийн бодистой орж ирсэн хуванцар савыг арьс ширний үйлдвэрүүд ашиглаж дуусаад савыг нь энэ төрлийн наймаа эрхлэгчдэд борлуулдаг юм байна. Уг нь дээрх савыг худалдаж буй аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүнсний зориулалтаар хэрэглэж болно, болохгүй гэдгээр нь ангилан төрөлжүүлж хаяг шошго зүүж өгөх ёстой.

Тухайлбал, будаг хийж байсан бол хүнсэнд хэрэглэж болохгүй. Бохирын ус юм уу, барилга засварын ажилд хэрэглэх ёстой гэх мэтээр хэлнэ гэсэн үг. Нөгөө талаар ингэж зөвлөсөөр байхад иргэд ундны усаа зөөх, сүү цагаан идээгээ хадгалж өөрсдийгөө эрсдэлд өртүүлэх алхам хийдэг нь манайхны хэнэггүй зантай шууд холбоотой.

Гэхдээ хуванцар савыг худалддаг хүн болгон иргэдэд ийм мэдээлэл өгдөг эсэх нь бас эргэлзээтэй. Учир нь, дийлэнх иргэд хуванцар савыг ихэвчлэн хүнсий зүйлд ашигладаг. Уг нь химийн хортой савыг ахуйн нөхцөлд хэрэглэхийг хориглосон хууль байдаг. Дээрх шалгалтын явцад манай улсад хуванцар сав үйлдвэрлэдэг хятад эзэнтэй үйлдвэр байдгийг ч тогтоожээ. Уг үйлдвэр шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хийсний учир үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Учир нь, тэд нууцлаг орчинд, ямар ч хаяг тэмдэггүй сав үйлдвэрлэж байжээ. Манайхан дотооддоо найдвартай үйлдвэрлэгч байхгүйн гачлан ч энэ гэлтэй. Малчдын олонхи 200 литрийн цэнхэр саванд сүү, цагаан идээгээ хадгалахын зэрэгцээ худалдаж борлуулдаг. Гэтэл хамгийн аюул дагуулсан зүйл нь айраг цэгээ мэт исэх чанарын цагаан идээг энэ төрлийн саванд хийхэд шинж чанар нь амархан өөрчлөгддөг байна.

Мөн савны доторх өнгийг өөрчлөн, тухайн саванд байгаа бодисыг өөртөө шингээж авдаг аж. Гэхдээ хуванцар сав болгоныг химийн хортой хэмээн ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн хийж, хадгалах зориулалтаар хийсэн сав хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Харин химийн бодис хадгалж байсан савыг хүнсэнд ашиглавал хүний хараа муудах, толгой өвдөх, удамшил, сэтгэцэд нөлөөлөх гээд хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тиймээс иргэд худалдаж авч буй саваа тухайн зориулалтаар нь ашиглах, хүнсний зориулалтад шаардлага хангасныг нь л хэрэглэх ёстой юм. Ингээд зогсохгүй ундны усаа хуванцар саваар зөөдөг айл өрх 14 хоногт нэг удаа ариутгал хийж, хэрэглэж буй усаа долоо хоногоос хэтрүүлэлгүй ашиглах ёстой гэнэ. Мөн жилдээ нэг удаа усныхаа савыг зайлшгүй солих хэрэгтэй. Гэтэл манайхан цоорч элэгдтэл нь бүр цоорсныг нь хэдэн янзаар нөхөж хэрэглэдэг. Угтаа хуванцар савны дотор өнгөн тал зурагдаж элэгдсэн л бол хэрэглээнээс гаргах ёстой юм байна.

С.Дулам

mongoliin unen


URL:

Сэтгэгдэл бичих