МУИС-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар ашиглаж байна

1503979320_dfseagfsagaМонгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээсэн хувийн сургуулийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор МУИС-ийн захиргаа идэвхтэй ажиллаж байна. 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу байгуулагдсан Монгол улсын их сургуулийн хууль ёсны үндэсний статус нь цаг тухай бүр буюу 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  Монгол Улсын Засгийн газрын 72 дугаар тогтоол зэрэг Монгол улсын зохих хууль тогтоомжоор баталгаажсаар иржээ.

Монгол улсын их сургууль өөрийн нэр болон  МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг  Монгол улсын тэргүүлэх үндэсний их сургууль билээ. МУИС-ийн монгол болон англи нэршлийг  андуурагдах байдлаар зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд  төөрөгдөл үүсгэж хохирол учруулж байгаа юм.

Монгол Улсын Их Сургуультай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгах тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газраас МУИС-ийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн хүлээн авч зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ажээ.

Үүний зэрэгцээ МУИС нь англи нэршлийн “Mongolian National University”,”MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулан 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг баталгаажууллаа.

Мөн 2015 оны 7-р сард МУИС нь Улсын бүртгэлийн газарт хандаж,   Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж МУИС-д учруулсан гэм хорыг “Иргэний хууль”-ийн 497 дугаар зүйлд заасан “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлж, “Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “Улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох улсын бүртгэлийн байгууллага хариуцан арилгана” гэж заасны дагуу арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүллээ.

МУИС нь цаашид өөрийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах бөгөөд шаардлагатай бол энэ асуудлаар Монгол улсын шүүхэд хандах болно.

МУИС-ийн Захиргаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих