Амьдралаа төвхнүүлж амжаагүй залуус албан тушаалд очоод сүйрч байна

6e72ac90437d177b6a90824c35e1bbbcМанай улсын улс төрийн амьдралд нам гүм байна гэдэг ойлголт алга. Ямар ч цаг үед, юу ч болж байсан яаж ийж байгаад л улстөржүүлдэг. Зөвхөн улс төрийн хүрээнийхэн биш жирийн иргэд нь хүртэл улс төр яриад л явж байх юм. Бид ингэж улс төрд хэтэрхий их ач холбогдол өгдгөөс болоод нийгмээрээ буруу зүг рүү ханарчих гээд байна.

Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэс эхэлсэн хар пиар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Бие биенийхээ дээр гарахаар улайрч буй улстөрчид болон тэдний гар хөл болсон хүмүүсийн нийгэмд тарьж буй балгийг өнөөдөр тооцох аргагүй. Ямартай ч нийгмийг бүхэлд нь хар бараан болгочихлоо. Хүмүүс бие биедээ итгэхээ больчихсон байна, нэгийгээ нүх рүү түлхэж унагахдаа огтхон ч санаа зовохоо больчихож.

Өөрийн санаархсан муу үйлийг юугаа ч мэдэхгүй залуусаар гүйцэтгүүлж ард нь нэр цэвэр үлддэг жишигтэй болчихлоо. Тиймээс залуус улс төр рүү хошуурахаа хазаарламаар санагдах юм. Улс төрд орвол, нам дагавал томордог гэх сэтгэхүй залуусын толгойд байдаг. Хоёр жилийн өмнө дөнгөж гучин нас шүргэж яваа залуу “Мань нь намын гишүүн болсон. Одоо баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гэж байсан. Бүр түүндээ итгээд хамаг байдгаа зориулна гэчихсэн тууж явна лээ. Энэ мэтээр залуус ид хийж бүтээх насандаа амьдралаа дээшлүүлье гэх харалган бодлоор намд элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог болжээ. Зарим нь ч намд элсэхгүй бол бизнес урагшлахгүй байна гэдэг юм билээ. Ингэж намд элссэн залуус голдуу хэн нэгэн ахыг дагах хэрэгтэй болдог. Ах нар эхэндээ нөмөр нөөлөгтөө авч байгаа мэт заахдаа заагаад зөвлөх үедээ зөвлөөд явна. Болж өгвөл өөрсдийн ирээдүйд хэрэгтэй албан тушаалд томилчихдог.

Ингэхдээ мэдээж хэрэг залуу үеэ дэмжих хэрэгтэй, шинэ үеийнхнийг төрд ажиллуулъя гээд гоё, гоё зүйл ярьдаг. Томилогдож буй залуус ч гадаад, дотоодгүй сургууль соёлд сурч чамгүй хэмжээнд боловсорсон байх юм. Гэвч тэдэнд нэг том дутагдал бий. Юу вэ гэвэл яруу найрагч Ц.Хулангийн хэлдгээр тэдний амны салиа арилаагүй байдаг. Нэг үгээр хэлбэл амьдралаа ч олигтой тохинуулж амжаагүй залуус гэнэтхэн улс төрд орж ирээд түүгээр зогсохгүй төрийн өндөр албан тушаал хашихаар барьц алдах нь мэдээж. Өөрт нь эрх мэдэл байгааг харуулах гэж том ах нарынхаа гуйсан төсөл, хөтөлбөрт гарын үсэг зурснаас болж авлигатай холбогдож сүйрдэг.

Тийм жишээ ч захаас аваад өчнөөн бий. Өнгөрсөн хэдэн жилд үеийнхнээ манлайлан нийгэмд нэр төртэй ажил хийж байсан залуус ташраараа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан гэхэд хилсдэхгүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба гэхчлэн нийгмийн сор болсон залууст АТГ ширүүн төрхөө харуулж төмөр торны цаана суулгалаа. Тэдний шоронд орох болсон шалтгаан нь албан тушаалаа урвуулан ашигласан, эсхүл авлига авсан гэх зүйл ангитай байдаг. Тэд ингэж хэрэгт холбогдоод хайран сайхан залуу насаа төмөр торны цаана өнгөрүүлж байгаа нь ерөөсөө л үзэл бодол нь төлөвшөөгүйтэй холбоотой.

Нэг ёсондоо тэд том ах нарынхаа олз болоод байна. “Чамайг хэн ч биш байхад улс төр рүү оруулсан. Мянга хөдөлмөрлөөд хүрч чадахгүй албан тушаалд томилж зузаан олбогон дээр суулгасан юм чинь хариугаа барь” гэхчлэн шахалт үзүүлдэг болохоор тэд эсэргүүцэж чаддаггүй байх. Тиймдээ өөрт нь түй ч наалдахгүй гэрээнд гарын үсэг зурж тамга дарснаар өөрийгөө АТГ-т бариад өгчихөж байгаа юм. Хэрэгт холбогдсон залуусын намтар, мэдлэг боловсролыг анзаарах нь ээ, бүгд л тэргүүний гэж хэлж болохоор залуус. Тэгвэл тэд хэрэгт холбогдож байгаа нь ямар учиртай вэ гэвэл улс төр дэх сайн ах нартай холбоотой. Гол учир нь ердөө л том улстөрчдийн гар хөл болж байснаас улбаатай байгаа юм. Халуун тогоонд олон жил буцалсан хашир улстөрчид өөрсдийнхөө өмнөөс ажлаа хийж яваа жирийн сайхан залуусыг түлхчихдэг. Яг л нохойд барьдаг мод мэт залуусыг өмнөө барьж байна. Өнөөдүүл нь нөмөр нөөлөгтэй том ахын хэлсэн үг өөрт нь гай тарихгүй байх гэж боддог биз.

Дээрээс нь залуу хүний дэврүүн, хөнгөн зан ч нөлөөлдөг байх. Тиймээс төрд ажиллаж буй, намд элссэн залуус хэн нэгэн ахынхаа гар хөл болохоос зайлсхийж баймаар байна. Улс төрд орохдоо хэт нэг хүнд найдахаа болих хэрэгтэй. Хэн нэгнийг бурхан мэт тахин шүтэх хэрэггүй. Ах нартаа хэтэрхий их найдсанаас болж хэлсэн үг бүрийг нь биелүүлэх гэж хичээгээд байна. Гаднаас нь харахад, өнгөц бодоход учиргүй дэмжээд яваад байгаа мэт ч үнэн хэрэгтээ болохгүй бүхнээ хийлгэж байгаа. Ер нь тэгээд хууль шүүхтэй улс оронд л амьдарч байгаа хойно хуулиа сайн мэддэг баймаар байна. Асуудал бишдэлээ гэхэд ах нар нь биш, хууль өөрийг нь хамгаална, яллана гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв хуулиа яв цав мэдэж байвал “Хоёулаа шоронд орно, тиймээс болохгүй” гээд зогсож байдаг болмоор юм. Тэгэхгүй бол өөрийн чинь өмнөөс хэн ч сайн дураараа шоронд суухгүй. Хэн ч гэр бүлээс чинь илүү санаа зовж, шаналахгүй. Тэгдэггүй жишээ бидэнд бэлээхэн байгаа шүү дээ. Чамайг сайд болгосон юм чинь одоо намаа санхүүжүүл гэсээр баахан мөнгө төгрөг олсон хойно нь шорон руу яаж үддэгийг бид харсан. Энийг санаж “Үгүй” гэж хэлж чаддаг бие хүн болсон хойноо төрийн албанд оч л доо. Тэгэхгүй өөрийгөө өртэй мэт сэтгэж ач хариулах гэж зүтгэвэл шоронгийн хаалга дэргэд чинь байгаа гэдгийг санаж явууштай. Залуусыг шорон руу түлхдэг ах нар нь ч бас энийг би хоолонд хүргэсэн юм чинь гээд хариу нэхдэгээ зогсоо. 70, 80-аад оны хулигаануудын сэтгэлгээгээр хандаад хайран залуусыг яайран амьдрал руу хөтлөөд байх юм.

Тэр үеийн хулигаанууд хэрэг хийчихээд өөрийнхөө өмнөөс өөд муутай нэгнээ шоронд явуулдаг байсан. Яг тэрэн шиг зүйл өнөөгийн улс төрд болж байна. Ийм явуургүй, өөрийгөө хайрлаж өрөөлийг түлхдэг муухай зангаас болоод эгэл жирийн гэр бүл ард нь хохироод үлдэж байна. Эхнэр нь нөхрөө, хүүхдүүд нь эцгээ, аав ээж нь хүүгээ шоронд суулгачихаад яаж уужим амьсгалах билээ дээ. Энийг улс төрд зүтгэж буй хөгшин, залуу хүн бүр санахгүй бол хэдий болтол залуучуудаараа туг тахиад явах вэ. Дээр нь залуу хүмүүс улс төр рүү улайран зүтгэхээ болимоор байгаа юм.

Эцэг эхийнхээ хамаг хөрөнгийг үрэн таран хийн байж сургууль соёлд сурсан мэдсэнээ улс төрөөс өөр зүйлд зориул л даа. Улс төрд л орчихвол болоод явчих нь тэр гэх сэтгэхүйгээс салж өөрөөр сэтгээд үз. Тэгэхгүйгээр бүрэн төлөвшиж амжаагүй байхдаа бусдын гар хөл болж нэг насны сайхан амьдралаа үрэх хэрэггүй.

Тэгээд ч ер нь улс төрд нас заадаг болохыг ард түмэн дэмжмээр байна. Одоо хэлэлцүүлгийн шатанд яваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд насны хязгаар тавиад өгчих. Тэгэхгүй бол амны салиа нь бүрэн арилаагүй залуус томчуудын тоглоом болж шоронгийн хаалга татаад дуусах нь ээ.

СҮХБААТАРЫН АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих