Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн ч төсвийн алдагдал тээг болж байна

olloo_mn_1504148043_olloo_mn_1498104414_b1f714_e1_x974Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь асуудал дагуулсаар байна. Дэлхийн жишигтэй харьцуулбал хэтэрхий өндөр байгаа зээлийн хүүг манайхан тайлбарлахдаа төгрөгийн ханшийг ам. долларын өсөлтөөс хамгаалахын тулд зориуд, зохиомлоор өндөр байлгаж байна гэдэг. Энэ нь эргээд эдийн засгаа хорлохоос хэтрэхгүй хэмээн тайлбарласаар өдий хүрсэн. Зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засагт ямар том чөдөр болж байгааг бүгд мэддэг хэрнээ шийдвэртэй алхам хийж чадахгүй өдий хүрлээ. Энэ нь эдийн засгийн чадавх сул, тэнцвэр алдагдсаныг л харуулж байгаа хэрэг.

Харин ойрын өдрүүдэд Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги боловсруулан УИХ, Засгийн газар, Монголбанк гээд шийдвэр гаргах түвшинд хүргүүлээд байгаа билээ. Тэдний боловсруулсан стратегээр бол даруй долоон жилийн дараа л одоогийн 19 хувьтай байгаа зээлийн хүү 10 хувиар буурч есөн хувь болох юм. Өөрөөр хэлбэл, 2024 он гэхэд өнөөдрийн зээлийн хүү 19 хувийг бууруулж ес буюу нэг оронтой тоонд хүртэл буулгана гэсэн үг. Тэгвэл одоо инфляци 4-5 хувь байгаа энэ тохиолдолд 12 хувьтай бодлогын хүүг нэг оронтой тоонд хүртэл буулгавал зээлийн хүү буурах боломж бүрдсэн талаар эдийн засагчид хэлж байна. Инфляци нэг оронтой тоон дээр байна гэдэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж дотоодын зах зээлээ дэмжих, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн бүтцийг өөрчлөхийн тулд бодлогын шинэ тэнцвэрт суурилсан алхмуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, долоон жилийг хүлээж суулгүйгээр банкны хүү буурах боломж эдийн засгийн орчин өнөөдөр бүрдсэн гэж хэлж болохоор байгаа юм.

Харин Монголбанк бодлогын хүүгээ буулгах тухайд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна. Өнгөрсөн зургадугаар сард Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж 14 хувьтай байсан бодлогын хүүг хоёр функтаар бууруулсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс хойш нэг улирал л өнгөрч байна. Харин хоёр функтээр буурсан нь зээлийн хүүгийн бууралтад хумсын чинээ ч нөлөөлөөгүй. Нөлөөлөхөөр ч хангалттай хугацаа болоогүй гэх. Түүнчлэн энэ жилийн төсөв нэг их наяд төгрөгөөр алдагдалтай батлагдсан учраас бууруулах боломж байсан ч тэд 12 хувь дээр тогтоон барьсаар байгаа нь алдагдлыг нөхөх арга гэж үзэхээс өөр байдлаар тайлбарлах боломжгүй юм. Дээр нь шинэ тэнцвэр гэж онцолсны цаана төсвөө алдагдалгүй баталчих, тэгвэл зээлийн хүү буурах боломжтой гэсэн санааг төсөв батлах үеэр Монголбанкныхан цухалзуулж байсан нь ийм учиртай. Тэгэхээр алдагдалтай төсвийг нөхөхөөс нааш бодлогын хүү буурах боломжгүй бөгөөд бодлогын хүү буурахгүй учраас зээлийн хүү буурахгүй. Гэхдээ Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ирэх есдүгээр сард хуралдах аж. Энэ хурлаас нааштай шийдвэр гарах уу гэдэг бас л эргэлзээтэй. Учир нь зээлийн хүүг бууруулахад төр тэтгэвэр, хөрөнгийн зах зээлийн реформыг хийж, гадаад валют, төсөв, мөнгөний бодлогодоо тодорхой уялдаа холбоотой ажлуудыг хийж байж л зээлийн хүү буурна. Нэг хоёр алхмуудыг нь үлдээвэл хүү буурах нөхцөл бүрдэхгүй гэж эдийн засагч Ө.Ганзориг хэлсэн.

Тэгэхээр төсөв нь алдагдалтай, хадгаламжийн хүү өндөр хэвээр байгаа тохиолдолд инфляци нэг оронтой тоон дээр ирлээ ч зээлийн хүүг буулгахгүй хүчээр барьж байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Инфляци нэг оронтой тоон дээр ирчихээд байхад яагаад бодлогын хүүг буулгахгүй байгаа нь ийм л учиртай. Монголбанк олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг сэргэх гэрэл ассан гэж байгаа хэрнээ бодлогын хүүгээ буулгахгүй таг барьчихаад байгаагийн шалтгааныг эдийн засагчид, энэ жилийн төсвийн алдагдлыг арилжааны банкуудын гаргаж буй зээлийн өндөр хүүгээс төлж дуусгах хүртэл бодлогын хүү буурахгүй байх магадлалтай гэх таамаг дэвшүүлж буй юм.

Зууны мэдээ
Ц.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.