”ЖИ-ТАЙМ”-ын Хохирогчдыг дансаа тулгаж, мэдүүлэг өгөхийг Цагдаагийн байгууллагаас уриаллаа

11219

-Элссэн хүмүүс байр, машин ул хөдлөх, хөрөнгө гэх зэргийг зарах болон барьцаалан зээл авах, мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө зээлж энэхүү сүлжээний бизнест элсэн орж байсан түүхтэй юм. Ингэхдээ иргэд 140 мянган төгрөгөөс эхлэн 2 сая 200 мянган төгрөг хүртэлх сонголтоор төлж элсэн орж байв-

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан Жи-Тайм корпорациас бараа худалдан авч, гишүүнээр элссэн олон мянган хүн эдийн засаг болон сэтгэл санааны хүнд дарамтад орж хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдүүлэхээр болж байсан. Уг иргэдийг олноороо дээрх сүлжээнд элсэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос  сэрэмжлүүлэг, анхааруулгыг олонтоо явуулж байсан ч хохирогчид энэ бүхнийг тоогоогүй.

Учир нь тэд амар хялбар аргаар мөнгө олохын тулд бүх эрсдэлийг тооцоолоогүйн улмаас өнөөдөр хохирогч болсон хэрэг. Хохирогчдын асуудлыг шийдэхийн тулд цагдаагийн байгууллагаас бүтэн найман cap гаруйн хугацаанд дээрх хэргийг шалгасны эцэст “хохирогчдыг мэдүүлэг өгөхийг өчигдрөөс эхэлж уриаллаа. Тус газраас “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт элсэж, урамшуулал авсан нэр бүхий хүмүүсийг мөнгө хүлээн авсан дансны дугаараа тодруулан, мэдүүлэг өгөхийг олон нийтэд зарласан.

Тус сүлжээний бизнес дампуурах болсон шалтгаан нь гэвэл компанийн удирдлагууд нь бусдын мөнгийг дундаас нь луйвардсанаас энэ бизнес зогсоход хүрсэн тухай хохирогчид бидэнд хэлж байсан юм. Түүнчлэн тэд хүмүүсийн нэрийг шивэхдээ өөрийн хүмүүсийг урдуур нь оруулсан зэрэг хууль бус олон үйлдлээс болж ийнхүү сүлжээний бизнес нь зогсоход хүрчээ. Анх тус корпораци нь 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд манай улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр албан ёсны гэрчилгээгээ авснаар олон хүн элсэж эхэлжээ.

Гурван сарын хугацаанд 12 мянган хүн өөрийн сайн дураар элсэн оржээ. Үүнээс эхний ээлжинд орсон хүмүүс урамшууллын 8,000 мянган ам.долларыг авсан гэнэ. Гэхдээ яг эцсийн байдлаар хэдэн хүн дээрх урамшууллыг авсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Ингэхдээ элссэн хүмүүс байр, машин үл хөдлөх хөрөнгө гэх зэргээ зарах болон барьцаалан зээл авах, мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө зээлж сүлжээний бизнест элсжээ. Ингэхдээ иргэд 140 мянган төгрөгөөс эхлэн 2 сая 200 мянган төгрөг хүртлэх сонголтоор төлж элсэн орсон тухай хохирогчид хэлж байна.

Ингээд хохирогчид энэ үйл явдал болсны дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст гомдол гаргаснаар Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Маратад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, түүнийг Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг одоог хүртэл явуулсан хэвээр байгаа юм.

Хэрвээ түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан бол тэрбээр энэ оны хоёрдугаар 11-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч оргон зайлах гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан түүний Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд прокурорын зөвшөөрлөөр хориг тавьсны хүчинд тухайн өдөр Чингис Хаан нисэх онгоцны буудлаас саатуулж байсан.

Түүнчлэн М.Маратын хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал Монгол Улсын иргэн О нарыг мөн зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон холбогдуулан шалгаж байгаа. Тухайн үед цагдаагийнхан М.Маратыг баривчлах үеэр дансанд нь зургаан тэрбум гаруй төгрөг байсан гэдгийг хохирогчид мэдээлж байсан. Түүнчлэн тус компанийн дансанд байсан мөнгийг битүүмжилсэн төдийгүй шилдэг лидерүүдэд олгосон таван ширхэг автомашин, чингэлэг дүүрэн бүтээгдэхүүнийг хурааж битүүмжилсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байв.

Тиймээс л хууль хяналтынхан хэчнээн иргэнийг санхүүгийн пирамидын луйврын аргаар хохироосон бэ гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж, хохирогчдыг дансаа тулгаж мэдүүлэг өгөхийг уриалж буй юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд энэ сүлжээний бизнест 12,000 орчим иргэн хамрагдсанаас 1,500 гаруй хүн 20 сая төгрөгийг авчээ.

Р.САРУУЛ


URL:

Нэр: зочин Огноо: 2 September 2017

Санхүүгийн зохицуулах хороо Цагдаагаас сүүлд дугарсан байх шүү

Сэтгэгдэл бичих