ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХОО Ч МЭДЭХГҮЙ ЯВНА, МАНЬ ГИШҮҮД

aecbefff3ceaafd52a3de0f420b1b7d4УИХ-д үнэмлэхүй суудалтай МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн гарын үсэг зурсан. Төрийн тогтвортой байдалд илт халдсан эдгээр нөхөд засаг огцруулах үндэслэлээ тайлбарлахдаа “Хүүхдийн мөнгө олгосон” хэмээсэн нь 2016 оны сонгуульд “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно” гэсэн амлалтаасаа ухарсан хэрэг болж байна. Монгол Улсынхаа ирээдүйд бага ч атугай хөрөнгө оруулалт хийж байгаа Засгийн газраа буруутгах нь зүйд нийцэх үү. Нөгөө нэг зүйл нь гэвэл “Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах” тухай асуудлаар нь хариуцлага тооцож байгаа гэх. Нийслэлийн МАН-ын хорооны удирдлага Д.Сандуй нартай холбоотой асуудал байтал Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцох тухай ярьж байгаа нь учир дутагдалтай. Тэр ч бүү хэл Нийслэлийн МАН-ын хорооны удирдлага Д.Сандуй тэрүүтнүүд өөрсдөө “60 тэрбум төгрөгийн  асуудал бол биднийх, ажлаа өгөөд шалгуулъя” гэж байгаагаас харвал энэ Засгийн газарт түй ч хамаа алга.

            Хэнд хэрхэн хариуцлага тооцохоо мэдэхгүй манарч байгаа 30-н нөхрийн цаана томоохон эрх ашиг нуугдаж байгаа гэж харахаас өөр арга алга. Бас нэг асуудал нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд нартай холбоотой гэх концессийн долоон гэрээ. Үүний ихэнхийг өмнөх буюу Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын үед байгуулагдсан гэрээ. Үүнийг төрийн тогтворгүй байдалд халдаж байгаа 30-н нөхөр мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ийнхүү өчигдрийн явдлыг өнөөдрийн Засгийн газарт нааж байгаагийн цаана У.Хүрэлсүх нарын томоохон эрх ашиг байгааг харж болно.

            Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Улстөрийн тогтвортой байдлыг бий болгож эдийн засгийн хямралыг даван туулна” гэсэн заалт бий. Энэ бол ард түмний хүсэн хүлээдэг зүйлийн нэг мөн үү гэвэл мөн. Гэтэл ямар ч бодит үндэслэлгүйгээр Засгийн газрыг унагаах гээд байгаагийн цаана ахиад л улстөрийн хямрал, тогтворгүй байдал бий болно. Шуудхан хэлэхэд, энэ удаагийн Засгийн газар уналаа ч ямар нэгэн “Топор”-ын Засгийн газар ахиад л унах болно. Үүний эцэст улс орны байдал дордож, ард түмний амьдрал л доройтно. Нөгөө талаас МАН-ын дотоод дайныг гаднаас нь өрдөж буй АН-д ашигтайгаар эргэж хэтдээ 2020 онд МАН ялагдал хүлээхийг үгүйсгэх аргагүй нөхцөл үүссэн байна. МАН-ын олон мянган гишүүд дэмжигчид хэнд найдаж, юунд итгэж үнэмлэхүй ялалт өгсөн болж таарч байна вэ. Засгийг унагаана хэмээн улайрч байгаа шинэхэн 30-н гишүүн маань хэнд хариуцлага тооцохоо ч мэдэхгүй, сонгогч олон руугаа ус цацан төөрч явна.

Д.СҮХ

 


URL:

Сэтгэгдэл бичих