Эрх мэдлийн тэмцэл эдийн засагт нөлөөлөв

150457927359ae0ec989ebbЧуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн боловч дэмжлэг хүлээж чадаагүй юм. Ингэснээр дээрх асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн даруйд Монголоор овоглосон бондуудын ханш буурсан юм. Тухайлбал, Засгийн газрын тав, арван жилийн хугацаатай “Чингис”, энэ оны эхээр олон улсын зах зээлд босгосон долоон жилийн хугацаатай “Хуралдай” бондын ханш уруудсан. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлт хийх хугацаа хаяанд тулсан байгааг ч Сангийн яамнаас мэдээлсэн. Монгол Улс ирэх оны нэгдүгээр сард таван жилийн хугацаатай “Чингис” бондын эхний эргэн төлөлтийг хийх хуваарьтай. Таван жилийн өмнө олон улсын зах зээл дээрээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд барагдуулах ёстой юм. Үүнээс гадна ирэх онд “Дим сан” бонд буюу нэг тэрбум юанийн зээлийн хүүд 160 сая ам.доллар төлөх хуваарьтай. Гэвч эдгээр төлбөрийн эх үүсвэр хуримтлагдаагүй байгаа бөгөөд Засгийн газраас шинэ бонд гаргах бэлтгэл ажил хийж байсан гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа дуулгасан. Тэрбээр “Бид байгаа боломжоо шавхаад энэ төлбөрүүдийг дотооддоо хийх юм бол эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байх магадлалтай” гэв.
Ийнхүү эрх баригч хүчин эрх мэдлийн хуваарилалтаа дахин хийхээр тэмцэл өрнүүлж байх хооронд улс орны эдийн засгийн нөхцөл уруудаж байна. Угтаа бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН 65 суудал авч, Засгийн газраа хамгийн богино хугацаанд эмхлэн байгуулсан юм. Эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй байсан үед улс төрийн нэг хүчин үнэмлэхүй ялалт байгуулсныг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид олзуурхан хүлээн авсан. Гэвч жилийн дараа Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөж, Засгийн газрын тогтвортой байдал ганхаж эхэлсэнд хөрөнгө оруулагчид эмзэг хандаж байна.
 Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: УЛСТӨРЖИХИЙН ОРОНД ТӨСВИЙН БОДЛОГОО БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Би намаа шинэчлэх санаачилгыг дэвшүүлж, голлох үүрэгтэй оролцож явсан хүний нэг. “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүрийн дэд зохицуулагчаар ажиллаж байлаа. Намын шинэчлэлийн талаар байнга ярьж байх ёстой гэж үздэг. Гэхдээ би үүссэн асуудлыг ирэх аравдугаар сард намын Их хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Намын Удирдах зөвлөлийнхөн үүссэн асуудлыг Их хурлаараа шийдвэрлэнэ гээд тохирчихсон. Улстөржихийн оронд төсвийн бодлогоо сайтар боловсруулах хэрэгтэй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зөв шийдвэр гаргаж ажиллаж байгаа гэж боддог. Үүгээрээ бусад Засгийн газраас илүү байх. Жилийн хугацаанд үүнээс илүү гоц гойд ажилласан Засгийн газрыг мэдэхгүй юм.
Г.ТЭМҮҮЛЭН: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
-Нэг нам доторх дотоод зөрчил, хэрүүл маргаан нь даамжраад одоо байтлаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд очоод байх шиг байна. Бид ер нь аливаа асуудалд нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчмаа баримтлан нухацтай хандах хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэсэг хүмүүс хөндөж эхэллээ. Хэрэв намын дотоод зөрчлөөр далимдуулан сандал, ширээ хөөцөлдөж байгаа бол энэ нь нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн асуудал биш болж таарч байна. Эдийн засгийн эерэг үр дүн гарч байгаа энэ үед ард түмэн ч тэр, гадаадын хөрөнгө оруулагчид төр засгийн тогтвортой байдлыг юу юунаас илүү чухалчилж байна. Тийм ч учраас би л лав хувьдаа нийтлэг эрх ашгийн төлөө энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурахгүй.
 
Л.МӨНХБААТАР: УДИРДЛАГА МУУ БАЙГАА БОЛ СОЛИХ ХЭРЭГТЭЙ
-Засгийн газраа огцруулснаар өнөөгийн нөхцөл байдал дээрдэх үү, эсвэл бүр дордох уу. Алдаа байгаа бол энэ нь хүнээсээ болоод байна уу, бодлого нь буруу байна уу, нөхцөл байдлаасаа шалтгаалаад байна уу гэдгээ ялгаж салгах ёстой гэж бодож байна. Удирдлага муу байгаа бол солих хэрэгтэй. Үүнд бол эргэлзэх юмгүй. Харин бодлого нь буруу гэж байгаа бол Засгийн газрын бодлогыг УИХ баталж өгдөг. Тиймээс дан ганц засгаа буруутгах асуудал биш л дээ. Алдсан бол хамт л алдсан гэсэн үг. Нөхцөл байдал муу байгаа бол тэр нь хүнээс, бодлогоос тэр бүр хамаарахгүй. Тийм бол нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ гэдгээ бас л хамтаараа бодох, шийдэх естой.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.