Хэрээс хэтэрсэн цамаан зан

3_sie“Эдийн засаг хэцүүдлээ. Улс орон мөнгө төгрөггүй боллоо. Бүгдээрээ бүсээ чангалах хэрэгтэй боллоо”. Ингэж орилолдох мөртлөө манайхан найгүй цамаархах юм аа. Хэрээс хэтэрсэн цамаан зан энэ улс орныг туйлдуулж сульдааж дуусах нь. Шинэ сайд ирээд албатай юм шиг унаагаа томсгон цоо шинийг худалдаж авдаг номтой.

Мөнгө нь улсаас гарч байгаа юм чинь гээд хамгийн үнэтэй гоёыг нь авч тансаглана. Өрөөгөө томсгоно. Орон тоогоо нэмнэ гээд хэрэггүй зүйлд даанч их зарлага гаргах юм.

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг дөрвөн тэрбум төгрөгөөр шинээр хэвлэж байгаа талаар мэдээллээ. Өнөө жил дунд сургуульд нийт 140 гаруй төрлийн сурах бичиг ашиглахаас бага ангийн сурах бичгийг хэвлэж тараажээ. Дунд ахлах ангийн шинэчлэх шаардлагатай 45 нэр төрлийн сурах бичгийг есдүгээр сард хэвлэж тараах нь. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

Жилийн жилд л сурах бичиг хэвлэхэд төрөөс ийм хэмжээний мөнгө гардаг. Энэ бол бидний үрэлгэн цамаан зангийн нэг илрэл нь юм. Хавар хүүхдүүдээс хуучин сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг энгийн нэг журам тогтооход л овоо их мөнгө хэмнэнэ. Урагдаж элэгдсэнийг нь сэлбэлээ гэж бодоход бүх номын 10-20 хувийг л хэвлэнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд нэг их ажил өрнөж, явдал суудал болохгүй. Хавар багш нар нь ном авахдаа нарийн тэмдэглэл хөтөлнө. Хүүхдүүд заавал номоо хураалгах ёстой.

Намар бас өөрсдөө дээд ангийнхнаасаа ном авна. Ийм энгийн нэг тойрог үүсгэчихэд хэдэн тэрбумаар тоологддог сурах бичгийн хэвлэлтийн зардлыг хэмнэж болох юм. Нэг номыг 5-6 удаа дамжуулан хэрэглэх ёстой гээд тогтоосон ч болохгүй юмгүй. Бид бүү хэл дэлхийн хүмүүс жишээ болгон даган дуурайдаг Америкийн дунд сургуулиуд ч яг ингэж номоо дамжуулдаг. Тэнд номоо ариг гамтай сайхан хэрэглэсэн хүүхдүүдэд яг тийм цэвэрхэн сайхан номнууд өгдөг. Муухай ном хураалгасан хүүхдэд мөн л тийм ном ногддог. Тийм болохоор номоо хураалгах болохоор цэгцэлж наах, баллуурдах, хавтаслах их ажил хүүхдүүдийн дунд өрнөдөг байна. Хэн л ноорхой ном тэврэхийг хүсэх билээ дээ. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай, эмх цэгцтэй болгодог төдийгүй алив зүйлд өөриймсөг хандах хандлагыг суулгадаг. Цаашлаад нийгэмд өөрийгөө зөв авч явах хүмүүжлийн суурь болдог төдийгүй адаглаад л гудамжны сандлыг эвдэхгүй, ханан дээр эрээчихгүй амьдралын жирийн хэвшилд сургаж байдаг.

Манай зарим нэг сургууль хавар хичээл тарахад хүүхдүүдээсээ сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг сайхан уламжлал байдаг юм билээ. Үүнийг бүх сургуулиуд ягштал мөрддөг, бүр тодруулбал ийм журам гаргачихвал бидний цамаан зангаасаа болж үрдэг мөнгөний нэг хэсэг нь хэмнэгдэх учиртай.

Тайваньд сургуульд сурахаар очсон манай нэгэн танил бичсэн байсан. Азийн цахиурын хөндий гэгддэг Тайвань бол дэлхийн цахим орчин, компьютерийн эд ангийн ахиухан хувийг үйлдвэрлэж гаргадаг газар. Их сургуулийн номын санд нь ороод мэл гайхсан гэдэг.

Учир нь бид аль хэдийнэ хэрэглээнээсээ хассан Пентиум компьютерийн эхний загварууд өрөөстэй, ид ажиллаж байжээ. Гайхсан мань эр багшаасаа “Танайх ийм өндөр хөгжилтэй байж яагаад ийм компьютер ашигладаг юм бэ” гэхэд “Бид хэрэглээндээ тааруулж амьдардаг” гэжээ. Үнэндээ номын сангийн тэр компьютерүүд гацаж унтрахгүй, ямар ч асуудалгүй ажиллаж байсан бөгөөд түүнээс өндөр хүчин чадалтайг авах ямар ч шаардлага байсангүй.

Тэгвэл манайхан яадаг билээ. Яам тамгын газрын дарга нар албатай юм шиг DELL, Ap­ple MACBook гээд хамгийн сүүлийн үед гарсан өндөр үзүүлэлттэйг нь өөрийнхөө ширээн дээр залдаг. Ойр зуур мэйл бичих, интернэт ашиглах зэрэгт түүнийгээ нээх төдий ашигладаг. Дараагийн дарга нь өндөр хүчин чадалтайг дахиад шинээр авдаг. Ийм л цамаан хүмүүс дээ, бид.

Ер нь дэлхий дахинаа энгийн хялбар амьдралыг чухалчилдаг болоод удаж байна. Гял цалыг биш бөх батыг, ганган хээнцрийг биш байгаль болоод хүний биед ээлтэйг, хэмжээ хязгааргүй ихийг биш өөртөө яг таарч тохирсныг сонгож хэрэглэдэг болсон. Ийм энгийн амьдралаас таашаал авч, аз жаргалтай амьдарч байна. Үүнтэй харьцуулахад бидний амьдрал хэтэрхий хэлбэр хөөсөн, хөнгөн хялбар, хэврэг гялгар бүхнээр хүрээлүүлжээ. Ялангуяа төрийн албанд энэ байдал хамгийн ихээр илэрдэг. Номыг сурагчдаас сурагчдад дамжуулан хэрэглэдэг болбол хэн нэгэн даргын хэвлэлийн бизнес дампуурах учраас хэн ч үүнийг ярьдаггүй. Харин ч номын хүртээмж бага байна, хүүхдүүд сурах бичиггүй боллоо хэмээн улиглан дуулсаар байгаад илүү ихийг хэвлэхээ бодно.

Хэмнэх, хэрэглээндээ тааруулах гэдэг үг бидний амьдралаас хасагдаа юу гэмээр. Юм болгоноос ашиг унагах, хонжоо харах сэтгэлгээтэй болж, тэрийг нь тойрсон бизнес цэцэглэж байдаг юм чинь, аргагүй биз ээ. Бидний хувийн амьдрал дээр ч энэ байдал ажиглагддаг. Бусдаас дутахгүй гээд лизингээр том жип авчихдаг. Хүнээс дор яваагаа харуулахгүй гээд нэг биендээ өмсөж зүүж барахгүй хувцас, гоёл авдаг. Хэзээ ч ид хавыг нь гаргахгүй том компьютер дээр тоглоом тоглож суудаг хүмүүс бол бид.

Юмгүй хэрнээ цамаан, цатгалан зантай бидний энэ байдал засагдаж гэмээнэ хаана хаанаа амьдрал дээрдэнэ. Сэтгэлгээний ийм гажуудал хэр удаан үргэлжилж, хичнээн хол замыг ингэж туулж байж засралыг олох юм бол.

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих