Шонхорын наймаа дахин эхлэв үү, сайд аа

a7e347f344a0c9670047169bfa3626d3Монгол Улсын үндэсний бахархалт шувууг барих гэсэн харийнхан үзэгдэж эхэлсэн гэв үү

Шонхорыг Үндэсний бахархалт шувуу болгон арилжааны зориулалтаар харийнханд худалдахыг таван жилээр хориглосон шийдвэрийг 2013 оны нэгдүгээр сарын 12-нд гаргаж байв. Өөрөөр хэлбэл, дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа дээрх шийдвэрийн хүчин төгөлдөр үйлчлэх хуга­цаа дуусна.

Үндэсний бахар­халт шувуугаа ашгийн зориу­лалтаар хилээр гаргахыг нь дахин хориглохгүй бол шон­хор шувуу ахиад л бизнес болно гэдгийг Д.Оюунхорол сайдад даймаар байна. БОАЖЯ хийгээд орон нутгийн төлөөллүүд, шонхор шувууг мөнгө болгож амташ­сан зуучлагчид дахиад л идэвх­жинэ. Хэдэн зуугаар нь хил дамнуулан Арабын орнууд руу зөөж эхэлнэ. Үүнээс гадна өнгөрсөн таван жилийн хуга­цаанд хориглоогүй байс­наасаа дутахааргүй тооны шон­хо­рыг харийнханд өгсөн байдаг.

Үүнээс гадна өнгөрсөн таван жилийн хугацаанд хориглоогүй байснаасаа дутахааргүй тооны шонхорыг харийнханд өгсөн байдаг. Үүний хамгийн сүүлийн бөгөөд олон нийтэд ил болж, Засгийн газар нь Үндэсний бахархалт шувуугаа харийнханд “зарах” нууц тогтоол баталж, салбар яам, холбогдох албадаас наймаалснаа хүлээн зөвшөөрсөн жишээ бол 2015 оны 200 идлэг шонхор хилээр гаргах тухай Засгийн газрын нууц тогтоол. Энэ талаар эргэн сануулбал, Тухайн үед БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “БОАЖ-ын сайд хилээр нэг ч шонхор гаргах эрхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлдэг. 2013 онд Засгийн газраас идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортод гаргахыг хориглох шийдвэр гарсан. Харин Ойрхи Дорнодын бүс нутгаас ирэх төрийн өндөр, дээд айлчлалын үеэр бэлэглэлийн журмаар олгодог. Энэ жил Засгийн газрын хуралдаанаар идлэг шонхор бэлэглэх талаар нууц тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалаар ирж буй хүний аюулгүй байдлыг хангах үүднээс ирэх болон буцах өдөр, төлөөлөгчдийн тоо, хөтөлбөр зэрэг нь нууц байдаг. Үүнтэй холбоотой бэлэглэлийн шонхорын тоог ч нууцладаг. 2016 онд Ойрхи Дорнодын бүс нутгаас дөрвөн албан тушаалтан айлчлал хийсэн. Тус бүс нутгийн өндөр албан тушаалтан 50-150 хүнтэй, 2-3 онгоцоор ирдэг. Ирээд онгоцны буудлын төлбөр, зочид буудал, үйлчилгээ зэрэгт их хэмжээний орлого оруулдаг. Энэ оны 8-9 дүгээр сард  гэхэд 15 тэрбум төгрөгийн орлого орсон. Мөн зочид бэлэглэлээр өгч байгаа шонхор шувууг хилээр авч гарахын тулд сумын болон орон нутгийн төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Нөгөө талаас сүүлийн 10 гаруй жилд Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц барихад 13 сая ам.доллар, “Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.доллар, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 360 сая ам.долларын тоног төхөөрөмж олгосон зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн Түлэнхийн төв барихад зориулж, долоон сая ам.доллар, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудал барихад 12 сая ам.долларын хөрөнгийг шийдвэрлэсэн. Тиймээс хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын зөрчлөөс болж Ойрхи Дорнодын бүс нутгаас өндөр, дээд хэмжээний айлчлал хийж буй албан тушаалтнуудыг гүтгэж болохгүй” гэж байв. Өөрөөр хэлбэл, зээл тусламж, хандивын төлөө Засгийн газар гаргасан тогтоолоо зөрчиж, нууц тогтоол гаргасныг ийн хэлж байв.

ШОНХОР ШУВУУГ ХАРИЙНХНААС ЯАГААД ХАРАМЛАХ ЁСТОЙ ВЭ

Шонхор шувуу махан идэштэн бөгөөд хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурдтай. Дэлхий дээр 60 зүйл байдгаас манай орон цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман зэрэг 10 зүйлийн шонхортой.  Шонхор шувуу нүүдлийн бөгөөд манайд зусч өндөглөдөг. Зүйлүүд дотроос идлэг шонхор нь маш хурдтай, дайчин. Цагт 320 км хурдтай нисдэг, нүдний хараа нь хүнийхээс 2.6 дахин нарийвчлалтай учраас “Тэнгэрийн ирвэс” гэгддэг. Монголд 8000 орчим үржлийн хос шонхор байдаг. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар хиймэл үрэнд 2013 онд 800, 2014 онд 2000 орчим ангаахай амжилттай бойжиж ниссэнийг тогтоосон байдаг. Идлэг шонхор манай оронд түгээмэл ч зүүн аймгуудын нутгаар голдуу нүүдэлтэй. Шонхрыг зөвхөн манай улс л экспортолдог. Бусад улс орон экспортлохыг хориглосон хуультай. Казахстан гэхэд нэг шонхрыг 22 мянган ам.доллараар түрээслүүлдэг хуультай гэнэ. Ийм л учраас арабууд Монголоос идлэг шонхор авахын тулд мөнгөө хайрладаггүй гэдэг. Энэ нь эргээд  хууль бус наймааны эхлэл болдог. Үүний тодорхой жишээ бол өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Катар улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгчийн отгоос 61 шонхрыг илрүүлсэн явдал юм. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгаж таван шонхор хилээр гаргасан, 25 шонхор зөвшөөрөлтэй, 31 нь зөвшөөрөлгүй байгааг тогтоож байв. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар уг хэрэг эрүүгийн гэмт хэрэг болохгүй учир Ан амьтны тухай хуулиар шонхрын экологи эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийг хоёр дахин нэмж торгожээ. Өөрөөр хэлбэл, 31 шонхор зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан катаруудад 992 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Гэвч тэд “Зөвшөөрлөө нөхөж авсан” хэмээн гомдоллож, торгуулиа төлөхгүй хэмээн хуулийн байгууллагад мэдүүлж байв.
Шонхорын дээрх бизнесийн улмаас тоо толгой нь эрс цөөрч 5000 орчим хос болсон тухай мэргэжлийн байгууллагынхан анхааруулж эхэлсэн. Гэвч манайх  өнгөрсөн хугацаанд албан ёсны тоогоор 4000 гаруй тооны шонхорыг булангийн орнуудын сонирхогчдод худалдсан гэх. Үүний цаана хууль бусаар хил давуулсан хэчнээн мянга байгааг бидний хэн ч мэдэхгүй. Хэдийгээр өдгөө 8000 орчим хос шонхор Монголд бий гэх тоон мэдээлэл байгаа ч үүнийг хэн, хэзээ, ямар аргаар судалж, тогтоосон нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл, шонхорын наймаатай холбоотой ард түмний хэл амыг намжаах гэсэн таамаг төдий хоосон тоо байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ингэж хэлэх шалтгаан нь 2011 онд Тусгай зориулалтаар агнах, барих, агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай тогтоолоос шонхорыг хассан байдаг. Энэ нь тухайн онд хэчнээн шонхор агнах нь тодорхойгүй болж, зөвхөн эрх мэдэл бүхий хүмүүсийн шийдвэрээр, ихэвчлэн нууц хэлбэрээр зөвшөөрөл олгогдож эхэлсний баримт мөн.
БОАЖЯ-наас шонхор экспортлохыг хориглосон тогтоолыг хүчингүй болгуулах санал хүргүүлж байжээ.


2015 он буюу тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт албан тоот илгээсэн байдаг. Тус албан тоотод “Монгол Улсын Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилээр хоригложээ. Гэвч өнгөрсөн хугацаанд 40 идлэг шонхорыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль тогтоомжоор уг шувуу нь түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг болно. Эдгээрийг үндэслэхийн сацуу шонхор сонирхогч гадаад улс орны дипломат хамтын ажиллагаанд тааламжтай бус төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд төдийлөн зохицсон шийдвэр биш гэж үзэн таван жилээр хориглосон тогтоолыг хүчингүй болгон 100 толгой идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргах санал оруулж байна” гэсэн байжээ. Уг тоотод Засгийн газар зөвшөөрсөн хариу өгөөгүй нь тодорхой юм. Хэрвээ зөвшөөрч, дээрх тогтоолыг хүчингүй болгосон бол тус яамнаас тэр даруй мэдээлэл хийж, шонхрын наймаа өдгөө цэцэглэж байх байсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчин хариуцсан яаманд нь экспортолж болох амьтан, ургамал бүхнийг экспортлох сонирхол маш байдгийн нэг жишээ энэ яах аргагүй мөн.

ТОГТООСОН ҮНЭЭСЭЭ ХЭД ДАХИН ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАЖ ИРЖЭЭ

 Шонхорын гадаад зах зээл дэх жишиг үнийг тогтоосон Засгийн газрын 112 дугаар тогтоолыг хамгийн сүүлд 2009 онд баталсан байдаг. Тус тогтоолд зааснаар арабууд нэг шонхор барихад 11760 ам.доллар буюу 24 орчим сая төгрөг Монголд тушаах ёстой. Тэгвэл яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д заасан “Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар хөнгөвчилнө” гэсэн заалтаар шонхороо наймаалсаар ирснийг эх сурвалжууд онцолж байна. Тодруулбал, дээрх заалтаар шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийн 40 хувь буюу 6.4 сая төгрөг авахаар болж байгаа юм. 24 орчим сая төгрөгөөр зарах зүйлийг 6.4 саяар өгчихөөд “Орон нутгийн төсөвт их хэмжээний орлого оруулдаг” хэмээн өөрсдийгөө өмөөрч суудаг байна.

ЭНЭ ОНД ДАХИН НУУЦ ТОГТООЛ ГАРГАВ УУ

Эх сурвалжийн мэдээлснээр энэ онд Засгийн газар шонхор шувууг Араб, Кувейт, Катарын иргэдэд бэлэглэх бэлэглэлийн нууц тогтоол дахин гаргасан байж болзошгүй гэнэ. Ийм тогтоол гаргах саналыг БОАЖЯ-наас хүргүүлсэн байж болзошгүй гэдгийг ч хэлж байсан юм. Учир нь дээрх орнуудаас өдгөө манай орны хэд хэдэн газар томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, хөрөнгө оруулалт хийж, дахин өөр зүйлд хөрөнгө гаргах эсэхээ ярилцаж байгаа аж. Хөрөнгө оруулахын өмнө тэдний манайд тавьдаг ганц хүсэлт бол  яах аргагүй шонхор. Үүнээс гадна шонхор барих ажил эрчимжиж, Дорнодын нутгаар тоноглосон машинтай хүмүүс шонхор барьж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй ул мөр цөөнгүй байгааг эх сурвалж онцолсон юм. Тэрбээр “Та нар шонхор барихыг завдаж байгаа хүмүүстэй таарвал тэд юу гэж хэлнэ гээч. Шинжлэх ухааны зориулалтаар ашиглахаар тандалт, судалгаа хийж байна” гэнэ. Байгаль орчны сайд, шонхроор Араб, Кувейт зэрэг орноос мөнгө босгогчид нийлж арилжааны зориулалтаар хилээр гаргахыг хориглох тогтоолыг Засгийн газраар гаргуулсан. Үүний цаана өөрсдийнх нь бизнес явж байгаа. Тэд орон нутагт, төсөвт үлдэх мөнгийг өөрсдөө авахын тулд Засгийн газарт бүрэн итгүүлж, ийм тогтоол гаргуулсан. Тэгсэн атлаа 2015, 2016 онд хоёр удаа нууц тогтоолоор нийт 400 орчим идлэг шонхор бэлэглэлийн гэрээ гэх нэрийн дор гаргасан. Энэ онд түүнээс ч олон байхыг үгүйсгэх аргагүй” гэсэн юм. Мөн “Залуу, эрэмгий, цог зальтай шонхорын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүсийг нь нэр бүхий компанийнхан гар хөлөөрөө олуулдаг. Мөн ирэхэд шонхор бариад бэлдчихсэн, барааны зах шиг сонголттойгоор бариад сууж байдаг хэд хэдэн нууц газар бий. Араб, Кувейтын баячууд хуваарьт онгоцоор бус хувийн онгоцоороо нисэж ирээд л ачаад явчихдаг шүү дээ. Тэрийг нь манай сайд түшээд маш сайн мэдэж байгаа. Ирэхэд нь угтаж, явахад нь үдэж өгдөг сайд ч бий. Шонхортой холбоотой хууль бус наймаа байгаа эсэхийг холбогдох газруудаар шалгуулах хүсэлт өгдөг ч нэгнээс нь ч үнэн бодит хариу ирдэггүй” гэсэн юм.
Олон нийтэд үндэсний бахархалт шувуу хэмээн зарлаж, итгүүлчихээд өөрсдөө жил бүр нууц тогтоол гаргаж, бэлэглэл нэрийн дор нүдийг нь хар даавуугаар боож, хөлийг нь төмөрт уяж нууцаар харьд илгээсээр байх юм бол монголчууд тийм зовлонтой, бахархалт шувуутай байгаад хэрэггүй. Үүнийг салбарын сайд Д.Оюунхорол та мэдэж л баймаар. Арилжааны зориулалтаар харийн оронд экспорлохыг нь хориглосон тогтоол хүчин төгөлдөр байсаар атал түүнийгээ удаа дараа зөр­чин нууц тогтоол үйлддэг Засгийн газар, салбарын сайд манайхаас өөр оронд байхгүй биз ээ.

“Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих