Хүчирхэгжиж буй евро

214291-04092017-1504502796-1592408856-euroЕврогийн ханш аажим чангарч байна. Энэ долоо хоногт нэг евро 3000 төгрөгтэй тэнцэх дөхөв. Төв банкнаас зарласан төгрөгтэй харьцах еврогийн албан ханш пүрэв гарагт 2889.33 нэгжтэй тэнцэж байна. Харин энэ долоо хоногийн эхээр уг хослол 2930-ийг давж, еврогийн ханш бүх цаг үеийн дээд цэгт хүрсэн юм. Сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш суларч байгаа ч еврогийн ханш ингэтлээ чангарч байсангүй. Арилжааны банкууд пүрэв гарагт еврог дунджаар 2864-2865 төгрөгөөр худалдан авч, 2928-2935 төгрөгөөр борлуулж байна.

Энэ долоо хоногт нэг евро 3000 төгрөгтэй тэнцэх шахав

Еврогийн ханш сүүлийн дөрвөн жилийн турш өсөлтийг чиглэж байгаа. Төгрөгтэй харьцах еврогийн ханш 2010-2013 онд 1600-1800-д хэлбэлзэж, харьцангуй тогтвортой хадгалагдсан. Үүнээс хойш өсөж, өнгөрсөн онд гэхэд 2500-2600 төгрөгт хүрээд байсан юм. Гэтэл энэ оны зургадугаар сараас эрчтэй цойлж, 2900 төгрөгийг давлаа.

Биднийг “ногоон”-ы ноёрхолтой тэмцэх зуур евро алгуур атлаа чимээгүйхэн өссөөр оргилдоо хүрчихээд байгаа нь энэ. Ялангуяа, өнгөрсөн сарын 25-наас мэдэгдэхүйц чангарсан. Еврогийн энэ өсөлтийг Монголбанкны Валютын газраас тодруулахад дотоодод ам.долларын ханш өсөж буйгаас еврогийн ханш чангарсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, евро ам.долларыг дагаж байгаа аж.

Гэхдээ еврогийн ханш зөвхөн Монголд л өсөөд байгаа юм биш. Олон улсын зах зээлд ч цойлж буй. Энэ долоо хоногт гэхэд ам.доллартай харьцах еврогийн ханш 1.2 нэгж болж, хоёр жилийн дээд цэгт хүрлээ.

Олон улсын зах зээл дэх еврогийн ханшийн өсөлт манайд нөлөөлж, төгрөгтэй харьцах еврогийн ханш чангарсан гэж “Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ тайлбарлав. Гэхдээ пүрэв гарагт еврогийн ханш “ногоон”-ы эсрэг эргэн суларч, 1.1879 нэгжтэй тэнцэв. Олон улсын зах зээлд ам.долларын ханш суларч байгаа нь еврогийн үнэ өсөх үндсэн нөхцөл хийгээд орон зай болж байна гэж шинжээчид дүгнэж байгаа. Хойд Солонгосын хурцадмал байдал гүнзгийрэхийн хэрээр ам.доллар болон Азийн валютын ханш суларч, еврогийнх чангарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтаар еврог сонгож байна. Гэхдээ энэ өсөлт нь евробүсийн бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлж, экспортлогчдод нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Шинжээчдийн тооцоогоор еврогийн ханш өсөхөд тус бүсийн ДНБ-ий өсөлт саарах магадлалтай аж.

Биднийг “ногоон”-ы ноёрхолтой тэмцэх зуур евро алгуур атлаа чимээгүйхэн өссөөр

Үүнээс гадна еврогийн ханшид Европын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр нөлөөлөхөөр байгаа. Тус банкны бодлогын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 7-нд буюу ирэх пүрэв гарагт болох товтой. Энэ үеэр хөгшин тивийн бодлого тодорхойлогчид эдийн засгаа дэмжих арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Европын төв банкны тэргүүн Марио Драги мөнгөний тэлэх бодлого эдийн засгийг илүү тогтвортой болгож байна гэж мэдэгдсэн. Евро бүсийн эдийн засаг хурдацтай сэргэж буй энэ үед хөрөнгө оруулагчид Европын төв банкийг бонд худалдан авах хөтөлбөрөө өөрчлөх, эсэхийг анхааралтай ажиглаж байна.

Манай эдийн засагт эзлэх еврогийн нөлөө ам.доллар, юаньтай харьцуулахад бага байж болох ч Герман, Францыг багтаасан евробүс нь Монгол Улсын худалдааны томоохон холбоотон юм. Монгол Улс евробүсийн орнуудад мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, арьс ширэн түүхий эд, нэхмэл, сүлжмэл экспортолж, хүнс, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл эдлэл, машин тоног төхөөрөмж импортолж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.