Энэ жил 6000 айлын орон сууц шинээр ашиглалтад оржээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс шаардлагатай хуулиудыг Засгийн газраас өргөн барьж баталсаар байна.

Өнөөдрийн чуулганаар тус хөтөлбөртэй холбоотойгоор 14 хуулийг одоо байгаа дээр нь нэмэлт өөрчлөлт байдлаар явах “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж хэлэлцэхийг дэмжлээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас олон зүйл асууж тодрууллаа.

Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах тал дээр нэлээд зүйл тодруулсан юм. ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын мэдээлснээр, энэ онд 6000 айлын шинэ орон сууц ашиглалтад ороод байгаа аж.

Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тендер зарлагдаад 160 мянган айлын орон сууц шинээр баригдах төлөвлөгөө бэлэн болсон ч санхүүгийн асуудал шийдэгдээгүй байгаа учир ажил гацаад байгаа аж. Санхүүгийн асуудлыг Хөгжлийн банк шийдэх ёстой. Гэвч Хөгжлийн банкны санхүүжилт өнөөдөр тодорхойгүй байгаа.

Түүнчлэн одоо яригдаж байгаа долоодугаар хорооллын асуудлыг хувийн компаниуд айл, өрхүүдтэй тохиролцож чадахгүй байгаагаас ажил урагшлахгүй байгаа учир хууль, эрх зүйн асуудалтай зууралдахаас өөр аргагүй байдалд хүрээд байгааг салбарын сайд нь онцлон ярьж байлаа.

Ч.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих