Юун АТГ-ын дэд дарга бэ, Б.Хурцыг “хүн хулгайлсан” хэрэгт нь шалгаачээ

Ерөнхийлөгчийн тамгын газраас  Н.Ганболдыг АТГ-ын даргаар, Б.Хурцыг дэд даргаар томилох санал оруулж Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар “ногоон гэрлээр” дэмжлээ.

Бараг жил шахам удирдлагагүй байсан АТГ сая нэг даргатайгаа золгов.

Хурандаа Н.Ганболд, Б.Хурц нар нь хийж байсан ажлынх нь туршлагын хувьд яривал  АТГ-ыг удирдаад явчих туршлагатай эрс гэдгийг нуух юун.

Н.Ганболд  нь Тагнуулын ерөнхий газрын дарга,  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга,  ОХУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдын зөвлөх гэх мэт томоохон албыг хашиж байсан нөлөө бүхий, хат суусан нэгэн юм байна. Б.Хурцын хувьд ч мөн ялгаагүй  ТЕГ-ын Сөрөг тагнуулын албаны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын алба хашдаг.

Ажлын туршлага, аль аль талаасаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй зангарагтай эрчүүд хойно өөлөх арга алга.

Гэвч АТГ-ын дэд даргын албан тушаалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг томилох санал оруулж шийдвэрлэсэн нь олны хачирхлыг төрүүллээ. Энэ шийдвэрт олон нийт, улс төрчид, хуулийнхан шүүмжлэлтэй хандав.

Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Батын Хурц гэх дуулиант эрийг юуны учир АТГ-ын дэд даргаар гэнэт томилох шийдвэр гаргасан нь сонин байна. Хүн хулгайлсан хэргээр бүтэн жилийн турш Англи, Германд хоригдож байсан, эрүүгийн гэмт хэрэг татагдан шалгагдах учиртай нэгэн гэж үзэхээс өөр аргагүй нэгэн. АТГ-ын дэд даргын албан тушаалд түүнээс өөр томилох хүн олдмооргүй гэж үү…гээд асуултын хариултыг ар араас нь тавимаар санагдав.

Угтаа хүн хулгайлсан, олон улсын хүний эрхийн тухай хууль зөрчсөн гээд эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байсан нь саяхан биш үү. Сайхан төр, сайн Засгийн буянаар мань эрийг Германаас “суга татан” чөлөөлүүлсэн биш бил үү.

Б.Хурц “гэмт хэрэгтэн”, түүнийг яагаад албан тушаалд томилов

Түүний хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй нь Монгол Улсад төдийгүй, олон улсад ил болсон. Талийгаач С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр Д.Энхбатыг Францаас баривчилж ирсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан нь илт юм.

Үүнийгээ Монголын төр, төрийн даалгавар хэмээн Б.Хурцыг өмөөрч буй. Ямартай ч гэм зэмгүй иргэнээ хил дамнуулан хулгайлж авчирсан гэм буруутай этгүүдийг Монголын хуулийн байгууллага шалган тогтоох учиртай.

Түүний эхлэл нь АТГ-ын дэд даргаар тохоон томилогдоод буй Б.Хурцыг энэ тэргүүнд шалгаж эхлэх ёстой биш гэж үү.

Түүнийг шалгаснаар хамт гүйцэтгэх ажилд оролцсон хамсаатнууд, үүрэг өгсөн албан тушаалтнуудыг тогтоох учиртай байлаа. Б.Хурцыг Германаас суллагдан ирсэн даруйд нь дотоодын хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой байсан хэмээн учир мэдэх хуулийнхан өгүүлдэг. Энэ нь ч зөв биз.

Талийгаач Д.Энхбатыг хүний эрх зөрчин, хулгайлж авчирсан гэмт хэрэг  нь ил болсон атал хуулийн байгууллага шалгахгүй байгаа нь юуны учир вэ. Бүр эрүүгийн гэмт хэрэгт татагдан шалгагдах ёстой мань эрийг АТГ-ын дэд даргын албан тушаалд томилсон нь олныг гайхшруулав. Хүн хулгайлсан эрүүгийн хэрэг нь олон улсад ил болсон ч Германы хуулийн байгууллага суллаж явуулсан явдал нь одоо хүртэл учир битүүлэг, тодорхой бус байна. Б.Хурцаар далимдуулж, Германы тал Монголоос том эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж буй гэсэн манайхны хардлага ч үнэн байж мэдэх.

Харин Б.Хурцыг ямар учраас АТГ-ын даргад Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас санал болгон томилох болов. Б.Хурцад үүрэг өгч, хүн хулгайлуулах гэмт хэрэг рүү түлхсэн хүн нь арай томилгоо хийж буй эрх мэдэлтнүүд биш биз. Б.Хурцад өрөө төлж буй нэг хэлбэр ч байж мэдэхээр хар төрөөд буй юм. Угтаа Батын Хурц бол “хүн хулгайлсан” гэх хэргийн том гэрч нь. Түүний ам нээгдвэл олон хүнийг араасаа эрүүгийн ертөнц рүү түлхэх аюултай ч байж мэдэх.

Албан бус эх сурвалжаас үзэхэд тэрээр Англид баривчлагдахаас өмнө эрүүгийн гэмт хэрэгт татагдаж байсан гэдэг. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа авилга авсан хэрэгт шалгагдаж байсан гэх. Мөн  2006 онд хээл хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.

Авилгын эсрэг эрх мэдэлтнүүдтэй тэмцэх ёстой Б.Хурц, өөрөө эрүүгийн гэмт хэрэгт татагдаж, бусдаас авилга авсан хэргээр шалгагдаж байсан, “нээнтэг” ихтэй энэ хүн бусдыг шалгах эрх байна гэж үү.

Харин түүнд,  хамсаатнуудад нь, хүн хулгайлах үрэг өгсөн албан тушаалтнуудыг шалгах, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой бус уу.

Т.Амур


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.