Анхдагчдын гаргасан “атмаан” захирамж

1505293862_bulganАнхдагчдын өлгий Булган нутаг 2018 онд 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ингэхдээ баяр наадмын төсвийг Монголдоо мөн л анхдагч байдлаар шийдвэрлэсэн нь орон нутгийн болоод цахим хуудас ашиглагч иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж байна.

Ойн баяр наадмыг дээд түвшинд, чанартай, үр ашигтай зохион байгуулахад төсөв хөрөнгө их шаардлагатай. Үүний тулд аймгийнхаа төсөв хөрөнгөөс илүү гарсан зардлыг орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр цуглуулах явдал байдаг. Гэтэл Булган аймгийн удирдлагууд хандив нэртэй боловч албадлагын шинжтэй үйл ажиллагааг улс даа анх удаагаа зохион байгуулж байна.

Тухайлбал, аймаг ойгоо тэмдэглэх гэж байгаа тул нэр бүхий дансанд байгууллагын дарга удирдлагууд 500 мянга, дэд дарга 300 мянга, хэлтэс тасгийн дарга нар 150 мянга, ажилтан албан хаагчдаас 3 өдрийн цалин, малчин өрх бол малын тооноос хамаарч, 10 саяас, 1 сая хүртэлх төгрөг, бусад өрхүүдээс 10 сая төгрөг гэх зэргээр хандив цуглуулах юм байна.

Тоог нь тухайлан заачихсан байгаа аймгийн Засаг даргын энэ захирамжийг хандив цуглуулах аян гэхээсээ албадлага гээд нэрлэчихвэл тун оновчтой. “Атмаанууд байрны жаалуудаас тамхины мөнгөө татдаг шиг л аймар захирамж байна” гэж бичсэн цахим хэрэглэгчийн зөв ч юм шиг.

Нийслэлд албан тушаалыг 60 тэрбумаар худалддаг шиг Булган аймагт дарга, удирдлагын албан тушаалтай бол 500-300 мянган төгрөгийг аймгийнхаа ойд зориулж хандивлах юм байна л даа. Тэгээд мянгаад малтай өрх бол 10 сая төгрөг хандивлахгүй бол болохгүй болж таарч байна уу? Жирийн ажилтан гуай ч бас энд өртчихсөн явж байгаа нь тун хачирхалтай. Гурван өдрийн цалин гэхээр 60-100 орчим мянган төгрөг байх нь.

Хандив чинь уг нь сайн дурын, сэтгэл зүрхний асуудал байдаг биш билүү. Гэтэл албадаж авчихаад манай аймгийн иргэд мөн ч буянтай шүү гээд яриад явж байх юм байна, тийм үү. Ингэж ойн баяр тэмдэглээд ч яах вэ дээ. Хамаг иргэдийнх нь харамсал, бухимдал шингэсэн мөнгөөр баярлаж наргиад юу олж долоохыг хэлэхэд бэрх юм. За тэгээд анхдагчид хойно хандив нэртэй албадлагаа зогсоох байлгүй дээ.

Тэрний оронд нутгаасаа сонгогдсон улс төрчдөөсөө цалинг нь гуйвал ямар вэ. Тэд чинь төрийн ордонд цалингаасаа татгалзах тухай яриад л сууж байсан шүү дээ.

Шар хүү

Undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих