Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүхийн тогтолцоог нэг мөр болгох ёстой

11507

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн Пүрэв гарагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Улсын Дээд шүүхийн шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон юм. Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар зэрэг асуудлаар өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийлж байсан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг улс орон даяар өрнөж байна. Эрдэмтэн, судлаачийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн үзэж байна вэ?

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь тухайн улс, үндэстэнд үүлэн чөлөөний нар шиг тохиолддог ховор үзэгдэл. Энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Хүн болгоны санаа бодол чухал. Ялангуяа хуульчдын карьерын дээд талд сууж байгаа шүүгчдийн санал чухал. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр шүүгчдээс санал авч, бас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төрийн тогтолцооны өмнө тулгарсан, хийхээс өөр аргагүй өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж судлаач хүний хувьд үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дөрвөн зүйл нь шинээр орж байгаа нь хяналтын эрх мэдэл, төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохтой холбоотой. Үндсэн хуулийг судалдаг эрдэмтний хувьд дээрх 20 нэмэлт, өөрчлөлтийн 17-г зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа. УИХ өөртөө маш их эрх мэдэл төвлөрүүлчихсэн байсныгаа буцааж тараах гэж байгаа нь чухал өөрчлөлт.

Харин 2-3 заалт дээр судлаачийн хувьд санал нийлэхгүй, сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал орж байгаа нь буруу юм. Нийт ард түмнээс мандат авч сонгогдсон ганц хүн Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэр хүн хууль санаачлахгүй бол хэн санаачлах вэ гэдэг асуудал яригдана. Үнэн чанартаа жижиг мажоритар системээр явж байгаа одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүн гурван сумын сонгуулийн эрхтэй иргэдийг төлөөлж байгаа. Ийм нөхцөлд нийт ард түмнээс мандаттай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгаа нь буруу.

Хэрвээ Ерөнхийлөгч нийт ард түмнээс биш парламентаас сонгогддог бол асуудал өөрөөр яригдана. Тиймээс ард түмнээс эрх авч сонгогддог цорын ганц субъектын хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгааг эргэж харах нь зүйтэй. Хоёрдугаарт, шүүхийн тогтолцоо буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт оруулж байгаа өөрчлөлт хангалтгүй байна. Энэ заалтыг хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэц, шүүгчид, судлаачид бүгд өөр өөрөөр ойлгодог. Тиймээс нэг мөр болгох ёстой.

-Үндсэн хуулийн энэ заалтаас болж Монголын шүүх хэдэнтээ бужигнасан биз дээ?

-Маш олон удаа хэрүүлийн алим болсон, Монгол Улсын шүүхийн тогтолцоог хэдэн удаа бужигнуулсан. Монгол Улсын шүүгчдийг хөхөө өвөл, халуун зун ийш тийш нүүлгэж зовоосон. Эцэстээ шүүн таслах ажиллагааны үр нөлөөг бууруулсан ийм хувилбараар шийдэгдээд дууссан. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргаад асуудлыг бүр нэрмээд дуусгасан. Дэлхий дахинд шүүхийн тогтолцоо аймгийн шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх гэж засаг захиргааны нэгжээр бичдэг улс байхгүй.

1992 онд бид шүүхийн тогтолцоогоо буруу техникээр бичсэн. Энэ алдааг одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр засахгүй явж байна. Xот гэдэг үгийг л нэмсэн. Үүнээс болоод аймаг аймгийн шүүх, сум нь сумын шүүх байна гэсэн буруу ойлголттой болчхоод аймаг бүрт шүүх байгуулсан, дагнасан шүүхээсээ буцах уу, болих уу гэдэг ээдрээтэй сорилтын өмнө Монголын шүүх байна. Гэтэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх гээд тодорхойлчихсон.

Аймаг нийслэлийн шүүхийг давж заалдах шатны шүүх сум дундын, дүүргийн шүүхээ анхан шатны шүүх гээд органик хуулиараа Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийг тайлбарлачихсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэц асуудлыг тэр талаас нь харалгүй шийдчихсэн. Тиймээс Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлтөөр л шүүхийн тогтолцоогоо нэг мөр болгохгүй бол Монголын шүүх хэзээ ч цэгцрэхгүй байдалд байна.

-Танай байгууллагын зохион байгуулсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг Шүүх эрх мэдэл хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Шүүхийн тогтолцооны талаарх нэмэлт, өөрчлөлттэй та санал нийлэхгүй байгаа юм байна. Харин шүүгчээр томилогдох насны тухайд?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т шүүгчээр томилогдох насны хязгаарыг нь 25 насаар тогтоосон. 25 нас гэдэг шүүгч болоход дэндүү залуу. Шүүгч хүн элээсэн оймсныхоо хэрээр амьдралын туршлага цуглуулсан байх ёстой. Тэгж байж хүний хувь заяаг шийддэг. Амьдралын түүхгүй хүн шүүгч болох бололцоотой байгааг өөрчилье гэдгийг шүүгчид ч бид ч дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хууль, шүүхийн байгууллагад хэтэрхий төвлөрч байна гэж үздэг хүмүүс бий. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ дэмжсэнээр томилдог болох тухай оржээ. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байсан. Үүнийг өргөжүүлээд санал хураалттай болгож байгаа. Өнөөдөр хэрэгтэй мэт боловч маргааш хэрэггүй болох зүйл заалт. Дэлхий дахинд шүүгчийн томилгоонд улстөрчдийг оролцуулах нь буруу гэж үздэг. Улстөрчид шүүгчийн томилгоонд оролцсоноор хараат бус байдлыг нь эвддэг.

Жишээлбэл, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүгчийг парламент нь томилж байгааг дэлхий даяар шүүмжилж сургамж авах хэрэгтэй хэмээн яригдаж байгаа үед бид алдааг нь давтах гэж байна. Шүүгчид ч энэ заалтыг дэмжихгүй байгаа.

-Шүүхийн эдийн засгийн хараат бус байдал жил бүр асуудал дагуулдаг. Үүнийг Үндсэн хуулиараа бататгаад өгчих нь зүйтэй талаар олон хүн саналаа хэллээ.

-Үндсэн хуулийн төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой нэмж тусгах зүйлүүд зөндөө бий. Ийм бололцоо байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хамгийн наад зах нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдал хангагдаагүй. Бусад улсын жишгээр шүүхийн төсвийг бууруулахгүй, улсын төсвийн төчнөөн хувь байна гэх зэрэг чухал заалтууд одоогийн төсөлд хараахан ороогүй байна.

С.УУЛ


URL:

Сэтгэгдэл бичих