Дараагийн 60 тэрбумыг Ц.Дашдорж гаргах уу?

11549

-Сонгуулийн санхүүжилтын шинэ схем-

Эрэлхэг “тагнуулч” Г.Доржзодовын түйвээсэн 60 тэрбумын хэргийн тоос намжаагүй байна. Эрх баригч МАН энэ балмад хэргийг хуулийнхнаар юу ч биш болгох ажиллагааг амжилттай явуулж байгаа ч дараагийн 60 тэрбумын хэрэг Ц.Дашдоржоор дамжин дэгдэх нөхцөл үүссэнд анхаарал хандуулъя. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 60 тэрбумыг яаж босгохоор сэтгэв гэдэг сонихон агаад зэвүүн.

Даашкагийн даацтай хийсэн мэх

Дараагийн 60 тэрбумын хэрэг маш сэмээрхэн, маш цэвэрхэн өрнөж байна. Оны зааг дээр Засгийн газар улсын төсөв юу ч үгүй шавхарч, Монгол Улс сөнөх мөнөх дээрээ тулчихсан байгаа гэх шуугианыг дэгдээснийг бүгд санаж байгаа. Энэ шуугианы зорилго нь ОУВС-гийн stand by хөтөлбөрт хамрагдах аргаа олох гэсэн хэрэг байсныг улс төр сонирхогчид төвөггүй таамаглаж байлаа. Засгийн газар байдаг боломжоороо халаглаж, шогширсны дүнд олон нийт валютын санд улсынхаа эдийн засгийг тушаахад нь төдийлөн саад болохооргүй сэтгэл зүйн төлөвт ороод иржээ. Харин аврагчийн дүрд тоглох ёстой ОУВС нь учиргүй гэдийж, “танайхыг stand by хөтөлбөр бус Extended fund facility гэх хамгийн чанга хөтөлбөрт хамруулбал хамруулах юм даа” хэмээв. Ингээд Засгийн газарт авралд багтахыг хүсвэл төсвийн алдагдлыг бууруулах төслөө танилцуул хэмээн үүрэгдчихээд алга болжээ.

Үйлтэйгээрээ өнөөх Чойжоо тооны машинаа балбан өнжин хонон суух үест Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өрөөгөөр нь үе үе орж гаран, үргэлж шахуу тааралдах маяг оров. Удалгүй ОУВС-гийнхан Монголоор ахин шагайх үест Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдлыг бууруулах мэргэн арга олсноо танилцуулсан нь дордуулахын 7 төрлийн татварын нэмэлт байлаа. Энэ үест Ц.Дашдорж ямар бусармаг зүйл сэдсэн нь ил болж эхэлсэн юм.

60 тэрбум төгрөгөөр сонгуулийн санхүүжилт бүрдүүлдэг Ц.Сандуйгийн схем илчлэгдэж олон нийтийн анхааралд орсон тул өөр схем гаргаж мөнгө босгоё гэдэг нь Ц.Дашдоржийн гол мэх байсан бололтой.

Тэрээр намынхныгаа болон Засгийн газраа ятгаж байгаад Импортын тамхины гаалийн албан татварыг 30% -иар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж дөнгөсөн байна. Ингэхдээ өөрийнхөө өмчлөлд байдаг “Монгол тамхи Со” компанийн (хятадууд 64 хувийг нь эзэмшдэг) импортоор оруулж ирдэг тамхинд 5 хувийн татвар ногдуулах зохицуулалт хийчихсэн байгаа юм.

Мэдээж, захын хүн л гайхаж таарна. Тэр үед өгөх бэлэн хариултыг ч гаргаж өгөв. Энэ нь “дотоодын үйлдвэрлэлийг дэмжих” юм. Үнэн хэрэгтээ “Монгол тамхи Со” компани Хятадаас нунтаг тамхи, шүүлтүүр, ороох цаас, савлах хайрцаг гээд дан бэлэн бэлдэц оруулж ирэн Монголд зөвхөн ороож, савладаг ажээ. “Улаан шонхор”, “Цагаан өргөө” гэх хамгийн хямд, хамгийн чанаргүй тамхи ийн “үйлдвэрлэгддэг”. Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан тодорхойлолтоор бол тухайн бүтээгдэхүүний өртгийн 70 хувь дотоодод үйлдвэрлэгдэж байвал Үндэсний үйлдвэрлэл гэж үздэг номтой. Тэгвэл Ц.Дашдоржийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 94 хувь нь Хятадад бүтэж байхад Үндэсний үйлдвэрлэл болж чадах уу? Ц.Дашдоржийн тамхи ганцаар эрүүл мэндэд тустай учраас гэдэг тайлбар арай хийхгүй байлгүй дээ.
Ямартай ч Даашка сайд мэхээ даацтай хийснээр “Монгол тамхи Со” компани энэ жил 20 тэрбумын татвараас сугарч үлдэх нь тодорхой боллоо. 2020 оны сонгууль хүртэл Ц.Дашдорж багаар бодоход 60 тэрбум төгрөг татвараас зугтаалгаж авч үлдэх тул намынхан нь энэ их мөнгийг түүнд зүгээр л машид итгээд “орхичихсон” байх магадлал муу.

Ц.Дашдорж татвараас бултуулсан 60 тэрбумаа намдаа өргөчихөд хотойхгүй ээ. Яагаад гэвэл 30 хувийн импортын татварын ачаар өрсөлдөгчдийнх нь нэгж бүтээгдэхүүний үнэ 500-980 төгрөгөөр өсчихсөн. Харин Ц.Дашдоржийн тамхинууд хямд хэвээр торойн үлдсэн тул борлуулалтын орлого нь суга өсч байна. Зах зээлийн 30 хувийг эзэлж байсан “Монгол тамхи Со” компани энэ жил гэхэд 43 хувь, ирэх жилээс 50 хувь, сонгуулийн өмнөх жил 60 хувьд хүртэл зах зээлээ тэлэх алтан боломжийг ийнхүү ОУВС-гийн “шахалтаар” олж авчээ. Уг нь ОУВС-гийн зүгээс татвар нэм, халамжаа хас гэсэн даалгавар огт өгөөгүй болох нь тодорсон ч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг Ц.Дашдорж мэт сонсоогүй, мэдээгүй мэт аашласаар импортын татварт тэгш бус нөхцөл үүсгэн ашиг унагаж сууна.

Дараагийн 60 тэрбумын угсраа цохилтууд МАН-д яаж тусах вэ?

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын балагт өртөн муужралтын байдалд байгаа МАН-ын нэр хүнд сонгогчдын дунд сэхэхээргүй болтол унах нөхцөлийг Ц.Дашдоржийн дараагийн 60 тэрбумын угсраа цохилт өгөх болно.
Хэчнээн шүүмжилж, буруутгаж байлаа ч өнөөдөр Монголын насанд хүрсэн хүн амын буюу сонгогчдын 28 хувь нь тамхины хэрэглэгч! Тэд хармааг нь гаалийн татварын нэмэгдлээр хоослож буй МАН-д хайр зарлахгүй нь тодорхой. Импортлогч компаниуд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн албан тушаалын давуу талаа ашиглан өөрийнхөө компанид давуу байдал үүсгэж байгааг тэсвэрлэхгүй заргалдах нь ойлгомжтой. Тэд Үндсэн хуулийн Цэцэд хандан төрийн өндөр албан тушаалтан тэгш бус татварын нөхцөл үүсгэх замаар өөртөө ашиг олж байгаа асуудлыг хөндөхөөр бэлтгэж байгаа аж. Энэ бол яалт ч үгүй ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл.
Нийгмийн хараа одооноос Ц.Дашдорж дээр төвлөрөн түүний байнга шахуу сайд дарга хийж ирсэн намтар нь авлига, албан тушаалын наймааны үр дүн байсан юм биш биз гэх хардлага хүч түрэн гарч ирнэ. Учир нь Ц.Дашдорж бол улс төрийн манлайлагч, үзэл санааны индэр, шударга ёсны төлөө тэмцэгч, шинэ онол, бодлого боловсруулагч аль нь ч биш шүү дээ. Тэр ямар аргаар, яаж сайдын суудлыг амархан аваад байсны учрыг хийж дадсан мэхнээс нь сэжүүр гарган хөөхөд юу гарч ирэх болоо! бурхан минь.

Дараагийн 60 тэрбумын хэргийн дуулиан чимээнээр иргэд сонгогчид МАН сонгуулийн санхүүжилтээ цаг үргэлж бусармаг аргаар бүрдүүлдэг гэдэгт бат итгэх бөгөөд нийгмийн шударга бус байдал, бизнесийн тэгш бус нөхцөлийг бий болгогч, хөгжүүлэгч нь өөр хэн ч биш МАН болох нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа бухимдлыг гааруулах хүчин зүйл болох нь дамжиггүй. Энэ бүх угсраа цохилтын дараагаар МАН сонгуульд навс ялагдаж, харин Ц.Дашдорж хармаа түнтгэр, ашиг дүүрэн суух юм. Мөнгөө олчихсон түүнд намын явдал хамаагүй ч болох биз ээ. Дараагийн 60 тэрбмуын хэрэг олон нийтийг цочроох, түйвээх цаг айсуй. Олон бүгдээр бэлтгэгтүн.

Судалдаггүй Д.Ганхуяг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.