Г.Төмөрбаатар шахааны бизнес хийсэн үү?

849eba7bc42f3c4fadad662059b9baae-Өндөр насны тэтгэвэрт суусан 40 ажилчинд өнөөг хүртэл тэтгэмжийг нь өгөөгүй. Бид шүүхэд хандан шүүхийн шийдвэрээр энэ мөнгийг гаргуулан авч байна-

Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатарыг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Тодруулбал, түүнийг ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж олон ч хууль бус үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрсэн тухай Монголын тээвэр холбоо, Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тус газрын ажилчдын төлөөлөл олон нийтэд мэдээлсэн юм.

Тэдний хэлж буйгаар Г.Төмөрбаатар нь тус газрын даргаар томилогдсон цагаасаа эхлэн ажилчдаа хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр үнээр худалдан авч, зөрүү гаргасан гэнэ.

Энэ асуудлыг тэд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр олон нийтэд ил болгон мэдээлсэн ч Г.Төмөрбаатар дарга тэднийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулжээ. Ингээд тэдний өгсөн мэдээлэл бодит үндэслэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон учраас холбогдох дарга нарт албан бичиг илгээж, Г.Төмөрбаатар даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг удаа дараа шаардсан байна. Гэтэл өнөөг хүртэл түүнд ямар ч хариуцлага тооцоогүй аж.

Энэ талаар МТХГТҮЭХ-ны дарга​ Б.Базаррагчаа “Бид 2017 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хүсэлт тавьж, ажлын хэсгийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан өндөр албан тушаалтнуудад их хэмжээний мөнгө хууль бусаар олгосон нь тогтоогдсон. “Хамтын гэрээ”-ний заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт суусан ажилчид ажилласан жилээрээ тооцуулж, 3-13 сая төгрөгийн тэтгэмж авах ёстой. Гэтэл өндөр насны тэтгэвэрт суусан 40 ажилчинд одоог хүртэл тэтгэмжийг нь өгөөгүй. Бид шүүхэд хандан, шүүхийн шийдвэрээр энэ мөнгийг гаргуулан авч байна. Энэ хууль бус үйлдлийн талаар хотын даргад мэдээлсэн ч өнөөдрийг хүртэл хаацайллаа. Тиймээс бид Г.Төмөрбаатар гэдэг хүнийг огцруулахыг шаардаж байна. Хэрвээ эрх мэдэл бүхий албан тушаалтнууд бидний хүргүүлж буй шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гурван хоногийн дараа тус байрны урд суулт хийж, өлсгөлөн зарлана” гэлээ.

Зорчигч тээврийн нэгтгэлийн  дарга нарыг тойрсон мэдээлэл үнэн байсныг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2017 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шалгалт ч нотолжээ. Үүнийг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах хангах нотлох баримт ч гэж үздэг аж.

Худалдаж авсан эд ангийн үнийн дүн бодит уу

Г.Төмөрбаатар нь байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, сэлбэг материалыг хэт өндөр үнээр худалдан авсан гэх мэдээллийн талаар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын Үйлдвэрчний холбооны тэргүүлэгч Г.Болорсүхээс тодруулсан юм. Тэрбээр  “Бид жишээ болгож 25 нэр төрлийн сэлбэг материалын үнийн харьцуулалтыг хийсэн. Тухайлбал, контактын шунт 100 айл барилгын материалын захад 3.000-5.000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Энэ сэлбэгийг Зорчигч тээврийн нэгдэл 280.000 төгрөгөөр худалдан авсан. БНХАУ-аас 2.586.080 төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6.800.000 төгрөгөөр авсан. Мөн 20 сая төгрөгөөр худалдаалагддаг чоперыг 49.500.000 төгрөгөөр худалдан авсан байх жишээтэй. Бид 2016 оны аравдугаар сараас эхлэн энэ асуудлыг холбогдох байгууллагад тавьж ирсэн. Нийслэлийн Засаг даргыг шийдэх байх гэж их хүлээсэн ч, одоог хүртэл шийдээгүй байна. Тиймээс бид одоо зүгээр суухгүй. Тэмцэх болно” гэлээ.

Ямартай ч Г.Төмөрбаатар даргатай холбоотой гэх эдгээр мэдээллийг дээрх нэр бүхий холбоодын хүмүүс хэллээ. Өөрөөр хэлбэл, ажил үйлчилгээний шуурхай байдлыг алдагдуулж, эдийн засгийн үргүй зардлыг бий болгон, хүнд суртлын шат дамжлагыг нэмснийг тэд баримтаар нотолж байна. Тэд тус газрын дарга нарыг сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авах нэрийдлээр үнийн зөрүү гаргаж, хувьдаа ашиг олсон гэж үзэж байгаа аж. Тус газар хуучин орон тоо, бүтцийн хувьд “Автобус  I парк”  45 удирдах ажилтантай, харин “Автобус III парк”  39, “Цахилгаан тээвэр” компани 57 ажилтантай байсан бол Зорчигч тээврийн нэгтгэл болсны дараа энэ орон тоо 172 хүн болтлоо өргөжсөн гэдгийг дээрх хүмүүс батлан хэлж байна. Мөн  тус газар нь 2016 оны есдүгээр сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл хагас жил хүрэхгүй хугацаанд 80 орчим сая төгрөгийг дэд захирал, баазын дарга, ерөнхий нягтлан бодогч, албаны дарга нартаа Хамтын гэрээнээс гадуур тэтгэмж болгон олгосон нь хууль ёсных байсан уу гэдэг асуудал ч гарч иржээ.

Харин одоо энэ бүх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, Г.Төмөрбаатар дарга үнэхээр буруутай юу гэдгийг тогтоох л үлдлээ.

С.Уул

www.erennews.mn


URL:

Нэр: одончимэг Огноо: 21 September 2017

энэ төмөрбаатар баас чинь шуурхай зар сонины байшинг тэнгис кино театрын дэргэд бариулж одоо банкны зээлээ тендерээс мөнгө идэх замаар барагдуулж байгаа. тэр шилэн байшинг нь хураа .

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.