“Адгийн шаарууд”-ын хүртсэн Ардын намын ялалт

150595973359c31f350eba8Намрын халуун өдрүүд дуусах болохгүйг шинэ Ерөнхий сайдын томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүн, МАН-ын Бага, Их хурлууд гээд удахгүй өрнөх үйл явдлуудаас таамаглаж болохоор байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ намрыг улс төрийн хувьд хэт халалттай болгож байгаа хүчин зүйл нь УИХ-д 65 суудалтай болсон эрх баригч МАН-ынхан өөрсдөө. Засаг унагах санаачилгыг сөрөг хүчнээсээ урьтаж гаргасан МАН-ын бүлгийн 31 гишүүний тооцоолсон ёсоор Ж.Эрдэнэбатын танхим огцорлоо. Эндээс л улс төрийн хэт халалт эхэлсэн. Энэ халуун удаан үргэлжлэх хандлагатай ч байна. МАН-ын дотоод тэмцэл юм шиг боловч төрийн зовлон болоод байгаа энэ бүх үйл явдлыг гаднаас нь харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэх үг яв цав тохирч байгаа юм. МАН УИХ-д 65 суудалтай болтлоо үнэмлэхүй ялалт байгуулахад хэн голчлон нөлөөлснийг санахыг хүсэх хүн энэ намд өнөөдөр бараг л алга даа.

Одоогоос хоёр жилийн өмнө Ардын намын төв байр нь эзэнгүй, санхүүгийн хувьд уначихсан, намын аппаратаа ч цалинжуулж чадахгүй хэмжээнд дордчихсон байсан тэр үед МАН-ыг авч явсан хүмүүс нь УИХ дахь 26 гишүүн нь л байсан. М.Энхболд, Ө.Энхтүвшин нар намаа, Н.Энхболд, С.Бямбацогт нар УИХ дахь бүлгээ төлөөлж ажиллан намын рейтингээ тогтмол өсгөж байсныг 2012-2016 онд өрнөсөн улс төрийн үйл явдлууд харуулдаг. УИХ-д бүлгээ ч байгуулж чадахгүй болтлоо “хүчиндүүлж”, буйдантай жагсч, сайд нарт шаардлага тавьж, Засгийн газарт хариуцлага тооцож бүх талаар л тэд тэмцсэн.

Ийнхүү улс төрийн хувьд МАН-д нэмэх оноо хэрхэн авчирч байсныг бүгд санаж байгаа болов уу. Ардын нам УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүй болчихсон, Байнгын хороодод гишүүдийг нь оруулахгүй хавчиж, МАН-ын угшилтай болгон төрийн албанаас “хөөгдөж”, цөөнгүй гишүүд нь шоронгийн хаалга татаж байх үед сөрөг хүчний 26 л тэргүүн фронтод явж байсан. Харин өнөөдрийн Засгийн газар огцруулах гарын үсэг зурсан 31 гишүүн, саналаа өгсөн хоёр гишүүн, ил далдаар дэмжсэн У.Хүрэлсүх тэргүүтэн хаана байсан юм бэ?

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн “Титэм үг”-ийг word руу шивдэг байсан гэх Т.Аюурсайхан жишээ нь хаана байв. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулдаг шигээ тэр сөрөг хүчний тэргүүн эгнээнд явж чадсан уу. Парламентын гадна талаас МАН-д ямар дэмжлэг болж байсныг нь мэдэх хүн ер нь байна уу. Бид бүгдийн мэдэхийн тэрээр “Шинэчлэлийн хороо” нэртэй хөдөлгөөн байгуулж, эрх баригчдыг сөрж зогсохын оронд МАН-ыг л  дотоодод нь бужигнуулж явсан хүн шүү дээ. У.Хүрэлсүх ч ялгаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн оронд Австрали руу л явсан байдаг. Хориотой хоч зүүгээд байгаа Д.Гантулга, Банхарын хөшөө бариулсан Б.Батзориг нар бас хаана, юу хийж явсан юм бэ. Жирийн иргэд байтугай улс төр судлаачид хүртэл зүсийг нь хараагүй хүмүүс УИХ-д гишүүнээр сонгогдох хөрс суурийг 2012-2016  оны сөрөг хүчин л бэлдэж өгсөн. Маргах аргагүй үнэн бол энэ. Тиймээс ч тэдний олонхи нь энэ ялалтын үнэ цэнийг, үр дүнд нь бий болсон Засгийн газрын тогтвортой байдлыг юу юунаас илүү хүссэн байх.

Дахиад асууя. Засгийн газраа огцруулах санаачилгын тэргүүн эгнээд явсан 31 гишүүнээс хэн нь сөрөг хүчин байж үзсэн юм бэ. Түүнээс олонхи нь МАН-ын гишүүнчлэлээсээ байтугай намын байраараа орохоос дөлж явсан хүмүүс шүү дээ. Эрх баригчдад хавчигдахаас айсан тэднийг УИХ дахь сөрөг хүчний 26 гишүүн нь л хаацайлж, хамгаалж явсан байдаг. Харин тэр үед энэ 31 хаана байв.  Тухайлбал,  Газрын тосны газрын дарга Амарсайхан агсан мөрдөн байцаалтын явцад “Ганц худагт” амь насаа алдаж байхад Ч.Улаан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар юу хийж явсан юм бэ. Үнэндээ тэд Сангийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монросцветмет” нэгдлийг удирдах эрх өвөрлөчихсөн эрх баригчдын кнопыг бүрдүүлж явсан шүү дээ.

Энэ мэтээс харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэдэг үг Ардын намын өнөөдөрт яг тохироод байгаа юм.

Ж.ЖАРГАЛ


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 September 2017

МАН ОДОО ЗҮГЭЭР ЛУЙВАРДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААН ЭНЭ НАМ УГААСАА Л ЛУЙВАРЧДАА ИДЭГДЭЭД ДУУСАЖ БАЙСАН ЮМ БАЙНА… ОДОО ТЭГЭЭД ИХ ТОМ СОНГОЛТЫН ӨМНӨ ТУЛЖ ИРЭЭД БАЙНА

Нэр: Мөрөн Огноо: 21 September 2017

МАНАН, Энколд, Эбо нарын төгсгөл нэгэнт ирсэн. Ардын хүү Ардыг Засгийг дахин мандуулна. МАНАН саринаж Монголын төрд тэнгэр цэлмэнэ.

Нэр: Зочин Огноо: 21 September 2017

Ардын намын толгойд ардын хүүхдүүд гарсан цагт луйварчид зайлаад өгнөө гайгүй. Хүрэлсүх Нямдорж нар шиг шударга шийртэй хүмүүс хэрэгтэй байна.

Нэр: Зочин Огноо: 21 September 2017

ЛУЙВАРЧДЫГ ДАРАХ АТГ НЬ ХҮРТЭЛ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БАЙХАД УЛС ЯАЖ Ч ШУДАРГА ХҮМҮҮСЭЭР ТӨР ТҮШҮҮЛХЭВ ДЭЭ. БҮР ОВОО ГАЙГҮЙ ХҮН ГАРАХ НЬ ГЭХЭЭР ТЕГ АТГ НТР НЬ БАТИРЧИХДАГ СОНИН УЛС БОЛЖЭЭ,

Нэр: Г. Батнасан Огноо: 21 September 2017

балай оффшорчид ард түмний халааснаас үүссэн мөнгө ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.