Машин худалддаг 50 байгууллагын газрын эрхийг цуцална

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан талаар мэдээлэл хийлээ.

 11599

Замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар УИХ 2013 онд тусгасан байдаг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын албатай хамтран Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж мэдэгдэл хүргүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшээгүй байсан бөгөөд иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байжээ.

Үүнээс үүдэн холбогдож байгууллагууд зориулалтын бус газарт автомашины худалдахыг зогсоож, газраа зориулалтын дагуу эзэмших шаардлага тавихад иргэд авто худалдааны цогцолборт албадан нүүлгэх гэж байгаа хэмээн буруу ойлгуулж ихээхэн эсэргүйцэж байна гэж хуралд оролцогчид мэдэгдлээ. Мөн тус байгууллагаас хүргүүлсэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл нь авто худалдааны цогцолборт нүүлгэх асуудалтай хамааралгүй гэдгийг онцлоод Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу газраа эзэмших хууль ёсны шаардлага тавьсан гэлээ.

Мэдэгдэлийн дагуу автомашин худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлөө арилгасан 19 иргэн, аж ахуйн нэгж байгаа гэнэ.

Харин мэдэгдлийн дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх /Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ заалт, 40.1.6 дахь /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй/ заалтуудын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ.

Р.Дулам

Зориулалтын бус газарт автомашин худалдаалж буй иргэн аж ахуйн нэгж

Дүүрэг Зориулалтын бус газарт автомашин худалдаалж буй иргэн аж ахуйн нэгжийн тоо Мэдэгдлийн дагуу зөрчлөө арилгасан иргэн, аж ахуйн нэгж тоо Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэн аж ахуйн нэгжийн тоо
1 Баянзүрх дүүрэг 49 6 43
2 Баянгол дүүрэг 5 2 3
3 Сүхбаатар дүүрэг 2 0 3
4 Чингэлтэй дүүрэг 3 2 1
5 Сонгинохайрхан дүүрэг 10 9 0
Нийт 69 19 50

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.