Төрийн банкны хувьчлал ойртов уу

527-15059562149491d6_2294_x974-Одоохондоо төрийн өмчлөлд байгаа үнэ цэнэ бүхий объектын жишиг үнэ тогтооход нөлөөлөх зорилгоор нэр хүндийг нь унагаж ч мэдэх арга технологийг ашиглаж эхлэв бололтой. Учир нь энэ долоо хоногийн эхээр олон нийтийн цахим сүлжээнд Төрийн банкны захирлуудын цалин хөлсний талаарх мэдээлэл тавигдаж олны анхаарлыг татсан-

Тэртэй тэргүй үнийг нь төлөөд авахаар шийдсэн атлаа өнөөх бараагаа өөлж голж, газар дор ортол нь миалж, үнийг нь навс унагадаг муухай зан зарим монгол хүнд бий. Эргэн сануулахад, Эрдэнэтийн 49 хувийг Төрийн мэдэлд буцааж авахад тус үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагын багийнхны цалингийн сүлжээ мөн л олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр дэлгэгдэж байсан билээ.
Монгол Улс төрийн мэдэлдээ арилжааны банктай. Ийм жишиг байж болохгүй гэдгийг эдийн засагчид анхнаас нь эсэргүүцэж байсан. Тиймээс анх Төрийн банкийг байгуулахдаа хэсэг хугацааны дараа эргүүлэн хувьд шилжүүлэх нөхцөлийг эрх зүйн холбогдох баримтад тусгаж өгсөн байдаг.Уг банк анх 130 гаруй тэрбум төгрөгийн активтай байсан бол 2012 оны эцсийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн активтай болж, тасралтгүй томорч өсжээ.
Харин 2013 оны долоодугаар сард Хадгаламж банк хүнд байдалд ороход Төрийн банктай нэгтгэсэн юм. Улмаар Төрийн банк Хадгаламж банкийг өөртөө нэгтгэснээр тухайн үед 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан.
Түүнчлэн хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмжийг олгож байсан сүлжээ буюу орон даяар өргөн тархсан салбар нэгжийн байршлын давуу тал дээр дөрөөлөн Төрийн банк энэ бүх гүйлгээг хариуцах болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Төрийн банк хангалттай том банк болсон. Жил бүр л “Төрийн банкийг энэ онд хувьчилна” гэдэг ч хойшилсоор байсан. Нөгөө талаас төр өмчөө эргүүлэн хувьчлахдаа үнэ цэнийг нь аль болох өсгөх, тохиромжтой цагийг хүлээх шаардлага ч байсан биз. Магадгүй энэ шалтгааны улмаас Төрийн банкны хувьчлал хойшлогдсоор ирсэн.
Төрийн өмч, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор энэ оны эхээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Өмнөх УИХ, Засгийн газрын шийдвэрээр нийтдээ 20 гаруй объектыг хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. 2017 оны төсөвт суулгасан хамгийн том хувьчлал бол Төрийн банк. Төрийн банкны хувьчлалын үнэлгээ 300 тэрбумаар байгаагаас 225 тэрбум төгрөгийг банкны үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах үүднээс Монголбанкинд шилжүүлж, үлдсэн 75 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж тооцсон.
Төрийн банкны хувьчлалын хүрээнд Монголбанк, Засгийн газар, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан. Хувьчлалын гол ажлыг Сангийн яам удирдана. Монгол Улсад арилжааны 17 банк байхад төр заавал арилжааны банктай байх шаардлагагүй гэсэн концепцоор хувьчлах нь зөв гэж шийдвэрлэсэн гэсэн. Мөн Төрийн банкийг 300 тэрбумаар хувьчлах нь их, бага гэдэг дээр маргаж байна. Гэтэл энэ үнийн дүн эцсийнх биш жишиг үнэ.
Хувьчлахаас өмнө үнэлгээний компани сонгож, Төрийн банкны бүх талын мэдээллийг цуглуулж эцсийн үнийг гаргана. Тэрхүү үнэлгээг нь хөндлөнгийн аудитаар дахин хянуулдаг. Үнэлгээний компаниуд зөв үнэлсэн үү, буруу үнэлсэн үү гэдгийг шалгуулдаг гэсэн үг, Үүний дараа андрейторын компаниуд хувьчлалын үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэж тайлбарласан юм.
Саяхан өдөр тутмын сонин дээр энэ онд хувьчлахаар шийдвэрлэсэн объектод багтсан “Оргил рашаан сувилал”-ын нээлттэй дуудлага худалдааны зар гарчээ. Араас нь хувьчлагдах хамгийн магадлалтай улсын өмч бол Төрийн банк. Харин уг банкны хувьчлалд өрсөлдөх хүсэлтэй бүлэглэлүүд дээгүүр, доогуур чих тавьсан уу, эсвэл үнэр авчхаад байна уу. Одоохондоо төрийн өмчлөлд байгаа үнэ цэнэ бүхий объектын жишиг үнэ тогтооход нөлөөлөх зорилгоор нэр хүндийг нь унагаж ч мэдэх арга технологийг ашиглаж эхлэв бололтой.
Учир нь энэ долоо хоногийн эхээр олон нийтийн цахим сүлжээнд Төрийн банкны захирлуудын цалин хөлсний талаарх мэдээлэл тавигдаж олны анхаарлыг татсан. Цалин, орлогын тэгш бус байдал нь хэзээд л олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг сэдэв. Өнөөдрийн байдлаар Төрийн банк жилд 17 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа ч тус банкийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн ташаа мэдээлэл тарсан.
Өнгөрсөн жил улсын төсөвт өмч хувьчлалаас 120 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон ч биелээгүй. Учир нь авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэг дээ. Харин Монголд эсрэгээрээ. Өмч хувьчлах схем ямар байдалтай байгааг Төрийн банкны жишээн дээр бэлээхэн харж болно.
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.