Оффшорчид хэндээ итгэж мөнгөө оруулж ирэх вэ?

675894659c316393221e21Ерөнхийлөгч оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг “сануулсан”.
Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн. Гэтэл одоо оффшорчдод олгосон дээрх хугацаа дууссан бөгөөд байдал хэвээрээ л байна. Оффшорчдын хэн нь ч мөнгөө татаж оруулж ирсэнгүй.

Үүнтэй холбоотойгоор Монголын банкийг онцолж үзье л дээ.

Жирийн иргэд бидний 5, 10 сая төгрөг биш хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй оффшорчдын хөрөнгийг найдвартай хадгалах банк манайд бий юу?

Сонгууль болмогц өрсөлдөгчийнхөө дансны хуулга, гүйлгээ гэх мэт бүх зүйлсийг мэдэж болдог тийм л “нууцлалтай” банктай улс шүү дээ. Манайд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Банк бол хэрэглэгч, харилцагчийнхаа бүх нууцыг чандлан хадгалах үүрэгтэй газар. Тийм учраас л хүмүүс банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг. Гэтэл тэд тэр итгэлцлийг бүрэн дааж чадахгүй байна.

Оффшорчдын хувьд мөнгөө оруулж ирлээ гэж бодоход хэзээ мөдгүй хөрөнгийг нь илчлэх банкинд, хууль бусаар олсон гэх нэр зүүлгэх хууль хяналтынхан, хажуу хавирганаас нь хазах шахдаг улстөрчийн хэнд нь итгэх вэ? Манайхан зүгээр байлгахгүй учир тэд оффшор бүсэд хөрөнгөө хадгалуулдаг биз.

Хөрөнгө оруулагчид Монголын банкинд итгэдэггүй

Монголын банкууд нэр цэвэр биш учир гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөө байршуулах эргэлзээнд оруулж байна. Нэр нь сэвтэй, санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод биш учраас л ОУВС-гийнхан Монголын банкуудад олон улсын аудит оруулна гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдээг банкныхан мэдээж алга ташин хүлээж авахгүй байгаа. Иймд ОУВС-гийн хөтөлбөрийг гацаах нь банкуудад ашигтай учир ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулагчидтай манай банкуудын лобби орлоо гэх нь байж болох л таамаг. Гишүүдийг лоббидож ийм тогтоол гаргуулаад түүнийгээ ОУВС-гийн сонорт хүргэсэн байж болох л хувилбар. Ер нь сонголтгүй учраас монголчууд бид л дотоодын банкууддаа “итгэж” зээлийн өндөр хүүд нь зодуулж яваа болохоос гаднынхан манай банкуудад итгэхгүй байгаа нь үнэн юм.

Иймд хэрвээ буруутан хайж байгаа бол мөнгөө Монголын банкуудаар дамжуулахгүй байгаа хөрөнгө оруулагчид биш, харин тэдний итгэлийг олж чадахгүй байгаа манай банкныхан юм. Монголын Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад ямар ч баялаг бүтээдэггүй, зөвхөн зээлийн хүүгээр амьдардаг, ашиг хийдэг банкныхан тэргүүлж, эхний 10 дотор дөрвөн банк багтсан нь Монголд банк хамгийн ашигтай бизнесийн салбар болохыг нотолно. Харин үйл ажиллагаа нь цэвэр үү, бохир уу гэдгийг ОУВС-гаас оруулах олон улсын аудитын шалгалт л нотлох байх.

Г.Хулан

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.