Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна

150597026259c3485662c13Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг зохион байгууллаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн Эрнесто Андрес Гранадос Гозалис нарын олон улсын төлөөлөгчид Монголын прокурор, мөрдөн байцаагч, мэргэжилтнүүдэд сургалт явуулсан юм. Уг сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал үг хэлэв. Тэрбээр “Асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ үед аливаа улс орон ганцаараа орших боломжгүйн адил нэг улс дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Тиймээс ямар ч орны авлигатай тэмцэх байгууллага нь олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гаднын улс орны сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлийг олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь чухал юм” хэмээн онцоллоо.

Энэ үеэр олон улсын төлөөлөгчид “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллахтай холбоотой олон улсын стандарт, зарчмууд” сэдвээр илтгэл тавив.

ЖЕНИПЕР БРАЧНЕР: СҮҮЛИЙН ҮЕД “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-Д ОЛОН БОЛСОН

Тэрбээр илтгэлйн үеэр Их Британид тэтгэврийн залилан гэх шинэ төрлийн гэмт хэрэг дэлгэрч байгаа талаар дурдлаа. Түүний хэлснээр Англид тэтгэврийн хадгаламжийн хүү бага учраас иргэд мөнгөө бага хүүгээр хадгалахын оронд хөрөнгө оруулалт хийж өсгөх сэтгэлийг нь ашиглаж байгууллага болон хувь хүн залилан хийж буй үйл явцыг ийнхүү нэрлэдэг байна. Уг хэргийг таслан зогсоохын тулд урьдчилан сэргийлэх зарим ажиллагааг зохион байгуулах ёстой аж. Авлигын гэмт хэргийн тухайд тэрбээр “Сүүлчийн үед компаниудыг илчлэгч “шүгэл үлээгчид” олон болсон. Энэ нь урьд нь эсвэл одоо ажиллаж буй хэн нэгэн нь компанийнхаа авлигын асуудлыг мэдээлэх явдал юм” хэмээн ярилаа. Харин Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн Эрнесто Андрес Гранадос Гозалис байгууллагынхаа тухай товч танилцуулав. Дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн тус байгууллага нь кибер гэмт хэрэг, терроризм, шинээр бий болж буй гэмт хэрэг гэсэн стратегийн тэргүүлэх гурван чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхий нийтийн өмнө тулгамдсан хар тамхи болон хүн худалдаалах, кибер гэмт хэргийн эсрэг эрчимтэйгээр тэмцдэг аж. Энэ үеэр манай улсын төлөөлөгч Монгол Улс 1991 онд ОУЦБ- Интерполд нэгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч эдгээрийн 4-6 улаан шугамд багтсан талаар товч мэдээлэл өглөө. Ноён Эрнестогийн хэлж буйгаар тус байгууллага нь “хамтын ажиллагаа” гэх түлхүүр үгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн мөнгө угаах, авлига, спортын гэмт хэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. Тэрбээр мэргэжилтнүүдэд хандан интерполын өгөгдлийн сангаар дамжуулж богино хугацаанд мэдээлэл олж авах нь давуу талтай гэдгийг онцолсон.

РОЕЛ ЖАНСЕНС: МОНГОЛ УЛС АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД АХИЦ ГАРГАСАН

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх “Манай байгууллага 57 орны гишүүнчлэлтэй. Монгол улстай авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүрээнд ахиц гарсан гэж үздэг. Монгол Улсын хувьд төрийн албан хаагчийн гадаад оронд оффшор данс, компани эзэмшихийг хориглох чиглэлд нэлээд ахицтай ажиллаж байна гэж дүгнэлээ. Цаашлаад залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй явдал. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, Авлигатай тэмцэх газар болон цагдаа, мөн Төвбанкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна” гэсэн юм.

ХЭРГИЙГ НОТЛОХ УР ЧАДВАРЫГ НЬ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ

Сургалтын үеэр УПЕГ- ын Хяналтын прокурор Г.Оюунболдоос цөөн зүйлийг тодрууллаа -Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Шинэ эрүүгийн хууль, холбогдох тогтоомжийг батлаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Авлига, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэргийг уг хуульд шинээр оруулсан. Хуулийн хэрэгжилтийн хувьд дөнгөж эхэлж байгаа учраас хуульч, хууль сахиулагчдыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа мөрдөх ажиллагаа болон бусад мэргэжилтний ур чадварыг сайжруулах ёстой. Эрх зүйн орчны хувьд орчин үеийн гэрээ конвенц, бусад хууль тогтоомж нь нэлээд тодорхой болсон. Энэ онд баталсан эрүүгийн хуулиар хуучин социалист чиг баримжаатай байсан аж ахуйн эсрэг хэрэг гэдэг зүйл эдийн засгийн эсрэг гэмт хэрэг болсон. Тэгэхээр дэлхий дахинд онцлон ярьж буй эдийн засгийн болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй манай мэргэжилтнүүд тэмцэх чадвартай байх ёстой.

-АТГ-ын шалгаж буй зарим хэрэг прокурорын шатанд очоод хүчингүй боллоо гэдэг. Үүнд танай байгууллага ямар байр суурьтай байдаг вэ?

-Тодорхой хэргийн асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хамгийн гол нь уг хэргийг нотлох ур чадварыг нь сайжруулж байж бид нууц далд аргаар үйлддэг эдийн засгийн хэргийг шударга ёсны шүүлтүүрээр оруулна. Наад зах нь мөнгө угаах, терроризм, авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд хаана, хэрхэн ханддаг талаар ойлголттой байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, дам сургаар ярьдаг бус нотолдог ур чадвараа сайжруулах шаардлагатай байна.

-Мэргэжилтнүүдийн ур чадвар ямар төвшинд байна гэж дүгнэдэг вэ?

-Зарим зүйлд ахицтай байгааг үгүйсгэх аргагүй. Ер нь аливаа томоохон хэргийг шалгаж буй хууль сахиулагч ур чадвар, хандлагаа өөрчлөхөөс эхлээд олон зүйлийг хийж байж шинэ төрлийн гэмт хэргийг шүүхийн өмнө хүргэж, хариуцлага хүлээлгүүлнэ. Гол нь мэдээллийн хурдыг онцлох ёстой. Ийм бүсэд төдөн төгрөг байна гээд ярьдаг ч хууль сахиулах байгууллагаас нотолж шалгасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр гаргаж ирж, ярьсан зүйл л гэсэн үг. Олон улсын хэмжээнд мэдээлэл хэрхэн солилцож нотлох ёстой вэ гэдэг ур чадварт суралцах ёстой.

А.Даваахүү

МОНГОЛЫН ҮНЭН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.