Эзэнт гүрний эзэн сүнс

736092d445d7a857great“Эзэнт гүрэн” хэмээх өвөрмөц нэртэй зочид буудлын эзэн ноён Жорж Лонг харанхуй шатаар уруудаж буухдаа төрсөн охиных нь гарт байсан хайруулын төмөр ширмэн таваг толгой дээр нь буухын чинээ санаагүй болов уу? Аль эсвэл амин сүнс болсон хайртай охин нь араас нь сэмхэн гэтэж мяраасаар дөхөж ирэхийг анзаараагүй ч байж болох юм. Уруудаж буухдаа шатнаас унаж осолдсоноор амь насаа золгүйгээр тийнхүү алдсан гэдэг яриа хөөрөө байдаг ч үнэндээ энэ үндэслэл багатай юм. Юу ч л гэсэн “Эзэнт гүрний” эзэн эрхэмсэг ноён Жорж Лонг золгүй тохиолдлоор нас нөхцсөнөөс үүдэн эл түүх бий болсон болохоор уншигч танаа энэ бүгдийг дэлгүүрлэн сонордуулъя.

1890 онд Боб Уомак гэгч нэгэн овжин эр энд эрдэнэс баялагтай болохыг нээгээгүй бол Колорадо муж улсын Шуугиант Крипл хот байхгүй л байх байсан гэдэг. Гол төлөв бод малтай хорин таван мянган оршин суугчидтай энэ бяцхан хот Америкийн бусад хотуудтай үүсэл түүхээрээ адилхан. Алтны арвин ордтой байсан энэ газар тийнхүү дороо хот суурин бий болж бүүр 600 сая долларын ашиг орлого олсон болохоор зочид буудлууд, зугаа цэнгээ, мөрийтэй тоглоомын газрууд дорхиноо байгуулагдаж бас шар айрагны хийгээд театр үзвэр гээд олон ч юм аяндаа нэмэгдсэн юм. Аллага гэмт хэргүүд, золгүй явдлууд шүүх цагдаа ч бас энэ хотод ар араасаа бий болсон нь мэдээж хэрэг. Дуу шуугиан, хөл хөгжөөнд бүүр дарагдсан болохоор Шуугиант-Крипл гэдэг нэртэй. Энэ нэр нь ч бүүр ихээр зохисон бололтой. “Эзэнт гүрэн” буудал анх 1896 онд сууриа тавьсан бол төдөлгүй газрын хөрснөөс арчигдах шахжээ. Шуугиант-Крипл хот их түймэрт өртөж таван мянган хүн орох оронгүй болсоны дотор зургаан хүн амь үрэгдсэн юм. Тухайн үед хоёр сая долларын хохирол хүлээсний дотор тус зочид буудал ч бас орох ажээ.

Зочид буудлыг анхлан хатагтай Коллинз эзэмшиж байсан тул “Коллинз” нэртэй байснаа улмаар засвар хийн тохижуулсаны дараа “Шинэ Коллинз” хэмээх болжээ. Харин 1905 оноос Жорж Лонг гэдэг англи эр эндхийн шинэ эзэн болсноор тус буудал “Эзэнт гүрэн” хэмээн нэрээ шинэчилсэн аж.

Лонг бол уг нь Английн угсаа гарвалтны гэр бүлд төрж өссөн боловч түүний төрөлхийн дүлий байдлаас болж гэрийнхэн нь хөлөг онгоцонд суулган Америк руу илгээсэн гэдэг боловч үнэндээ огт өөрөө бас нэгэн эх сурвалж байдаг. Англи болон Европынхоны сурвалж язгууртнуудын дунд хэдэн үеийн уламжлал бүхий хоцрогдсон бурангуй явдал бий. Зэрэг зиндаа зааж гэр бүл болдог энэ бурангуй явдлаас үүдэн Английн язгууртнууд өөр хоорондоо сууж улмаар цус ойртдог. Жорж Лонг ч бас тэдний нэгэн адил өөрийнхөө үеэл дүү хүүхэнтэй сууснаас үүдэж олны хэл амаас зугатаан Америкт ирцгээсэн гэдэг ортой бололтой. Жорж Лонг тийнхүү зочид буудлыг худалдан авсанаас хойш “Эзэнт гүрэн” буудал их л цэцэглэн өргөжив. Лонг охинтой бас хүүтэй нэгэн боловч нөгөө л англи өвчний ул мөр тэдний гэр бүлд мэдэгдэж эхлэв. Охин нь өсч том болох хэдий ч цус ойртсоноос ухаан санаа нь эмгэгтэй, мэдрэл муутай ажээ. Гэвч мэдрэл муутай охин бусдад гэм хоргүй бөгөөд зочид ирвээс түүнийг бусдаас тусгаарлан эм тан уулган байлгадаг ажээ. Гэвч 1930-аад оны үеэс охин эцэг рүүгээ хэд хэдэн удаа дайрсан боловч хор хөнөөл хийж чадсангүй. Олон хавар нэгэндээ гэгчээр нэгэн удаа Жорж Лонг охиныхоо гарт тийнхүү эмгэнэлтэйгээр нас барсан болохоор охиныг нийгэмд аюултай хор уршиг тарихаас сэрэмжилсэн сэтгэцийн эмнэлгийнхэн түүнийг галзуугийн эмнэлэгт байнга хэвтүүлэхээр авч одсон ажээ.

1946 онд Лонгийн бэлэвсэн эхнэрээс Макины гэр бүлийнхэн “Эзэнт гүрэн”-ийг худалдан авснаар бас нэгэн түүх эхэлжээ. 1953 онд Макины гэр бүлийнхэн зочид буудлаа бага хэмжэний тайз бүхий театр болгон засч тохижуулснаар хүмүүсийн хөл хөдөлгөөн дахин сэргэсэн аж. Жорж Лонг хэдийнээ нас эцэслэсэн боловч “Эзэнт гүрэн”-ийнхээ эзэн гэдгээ харуулж байлаа. Түүний хий үзэгдэл болон үлдсэн сүнстэй Стивен Макин хэд хэдэн удаа тохиох болжээ. Хорвоогоос хүн халин одох боловч сүнс нь хий үзэгдэл болон үлддэг болохыг Стивен Макин тийнхүү өөрийн нүдээр үзсэний эцэст хүний амьдрал, үйл хөдлөлийн тухай төрөл бүрийн зураг зурах болсон юм. Жорж Лонг амьд сэрүүндээ олон тооны зураг зурж байсны зарим нь зочид буудалдаа үлдсэн ажээ. “Эзэнт гүрэн” зочид буудлаас нэлээд хол алсад Макины танил хатагтай Линда Гудман аж төрдөг байв. Зохиол бичдэг, одон орон судалдаг энэ эмэгтэй далд ертөнцийн тайлагдашгүй нууцууд, тэр тусмаа сүнсний ертөнц, хий үзэгдлийн талаар маш их судалж шинжилдэг нэгэн тул Стивен Макин түүнтэй ойр танилцсаны үрээр элдвийн зүйлсийн талаар хууч хөөрөнгөө хуучин эзнийх нь сүнс үзэгдэж харагдах болсоны учрыг мэдэхээр мэрийжээ.

Гэвч тэр талаар олигтой зүйл мэдэж авч чадсангүй. Жорж Лонгийн сүнс хий үзэгдэл болон эзэнт гүрэндээ хоргодон үлдсэн нууцыг Макин өөртөө чандлан хадгалахыг хүсэвч түүний санаснаар болсонгүй. 1980 оны эхээр Макины театрт ажилладаг Пэт Сойер гэдэг залууд Жорж Лонгийн сүнс үзэгджээ.

Театрын дэргэдэх баарыг нээх цаг нь болсон тул Пэт Сойер гэдэг тэр залуу шатаар доош уруудан үүдэнд дөхөж очоод үл таних нэгэн эрэгтэй хүн өөр лүү нь ширтэж зогсохыг анзаарчээ. Тэр эрэгтэй хэсэгхэн зуур тийнхүү үзэгдээд замхран алга болсонд гайхсан Пэт Сойер энэ тухай Макинд хэлсэн гэнэ. Тэр эрэгтэй яг чухам ямар дүр төрхтэй байсныг Пэтээс тодруулахад ямар ч үсгүй халзан толгойтой, цэвэрхэн хувцастай дунд насны эр хүн гэдгийг батлан хэлснээр урьд өмнө Макинд өөрт нь үзэгдэж байсан Жорж Лонгийн сүнс мөн болох нь батлагдлаа. Макины гэр бүлийнхэн айж жихүүцэх нь улам ихэсчээ. Жорж Лонгийн хий үзэгдэл болсон сүнс сүүлдээ энэ тэрүүгээр тэнүүчлэн үзэгдэх нь улам улмаар ихэсч байлаа. Алс хэтээ бодсон Стивен Макин “Эзэнт гүрнийг” 1992 онд худалдсанаар шинэ эзэд нь түүнийг мөрийтэй тоглоомын газар болгон өөрчилсөн байна.

Харин шинэ эзэд нь Эзэнт гүрнийг их засварт оруулсанаар хуучны өрөө тасалгаа, эд юмсын байрлал ихээр өөрчлөгдсөнд хуучин эзнийх нь сүнс ихээр догширчээ. Энэ явдал 1994-1997 онуудын хооронд тэнд төрөл бүрийн ажил үүрэг эрхэлж байсан Ричард Дьюв хэмээх эрхэмд ихээр ажиглагдсан болой. Ричард Дьюв хаалгач, хамгаалагч, автомат тоглоомын ажилтнаар ажиллахдаа дээрх явдлуудтай тохиосон аж. Эзэнт гүрэнд шинээр үүдээ нээсэн мөрийтэй тоглоомын газар шөнийн хоёр цагаас өглөөний найман цаг хүртэл хаадаг байж. Шөнийн хоёр цагт сүүлийн зочноо үдэн гаргасан мөрийтэй тоглоомын газар үүдээ хаагаад бүх зүйл жин тан ёсоороо болсноос хойш үүр шөнийн алдад гэнэт автомат тоглоомын цоож харжигнан нээгдэж зоосон мөнгөнүүд шажигнан дуугарсанд Ричард Дьюв бусад хамгаалагч, хаалгач нарын хамт яаран орж ирэхэд танхимд хэн ч байгаагүй байжээ. Энэ явдал дараа дараагийн шөнүүдэд байсхийгээд давтагдах болсон тул Ричард Дьюв Стивен Макинтай уулзахдаа гомдоллон мэдүүлсэнд цаадхи нь түүнд Жорж Лонгийн түүх, түүний хоргодон үлдсэн сүнсний учрыг тайлбарлан хэлсэн гэдэг.

Түүнээс хойш шөнө орой, тэс тусмаа үүр шөнийн заагаар үймүүлж анир тайван байдлыг алдагдуулах бүрийд Ричард Дьюв аль хэдийнээ Жорж! Больж үзээч! гэж унтууцан хашгирахад бүх зүйл хэвийн болдог байлаа.
Түүнээс гадна шөнө орой ажиллах бусад хүмүүстэй Жорж Лонгийн сүнс байнга тохиох болсон ажгуу. Харин өнөөдөр “Эзэнт гүрэн” буудлыг элдвийн далд ертөнцийн нууцыг эрэлхийлэгчдийн ирж сонирхох дуртай аялал зуугаалгын зориулалтанд ашиглаж байна. Жорж Лонгийн сүнс өнөө хүртэл тэндээ хоргодон үлджээ.

“Эзэнт гүрэн” хэмээх өвөрмөц нэртэй мөртлөө чөтгөртэй, гүйдэлтэй, хий үзэгдэлтэй хэмээн тодотгол бүхий айдас хүйдсийн түүх бүхий нэгэн байшин Шуугиант-Крипл хотноо эдүгээ оршсоор байна. Цааш хэдий хүртэл оршиж хичнээн хүмүүсийн жихүүдэс айдас болохыг цаг хугацаа хийгээд Эзэнт гүрний эзэн сүнс хоёр л мэдэх буй заа!
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих