Д.Бямбасүрэн: Бодлоготой, төлөвлөгөөтэй хүн л Ерөнхий сайд байж чадна

11651

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Засгийн газрын тухай цаг үеийн сэдвээр ярилцъя гэж бодож таныг зорьж ирсэн юм. Гэвч өнөөдөр үүссэн нөхцөл байдал том зургаараа 1990-ээд оноос, ойрчилж үзвэл сүүлийн 10 гаруй жил, тэр дотроо 2016 оны УИХ–ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой. Тэгэхээр ярилцлагаа эндээс эхэлбэл ямар вэ?

-Монгол орны улс төр, эдийн засгийн одоогийн байдлыг төрж үүссэн гарааны үеэс эхлэн  холбож харах юм бол сонин дүр зураг харагдана л даа. 27 жилийн өмнө шинэ нийгэмд, хүмүүнлэг, иргэний нийгэмд оръё  гээд  төр, засгаа  социалист тогтолцооноос нь салгаж, эдийн засгаа хувийн хэвшилд суурилуулж, улс орноо ардчилсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн.Түүнээс хойш ийм л ойлголттой  явж ирлээ. Энэ дотор оносон юм ч, алдсан юм ч их бий.

Ялангуяа сүүлийн 10-аад жил бид буруу замаар их явсан. Юуг нь буруу гээд байна вэ гэвэл, ардчилсан нийгэм гэдэг ард түмэн нь төрөө байгуулж,  хяналтаа тавьдаг, төр нь ард түмэндээ үйлчилдэг ийм л ойлголтыг хэлнэ. Энэ бол суурь ойлголт. Тэгвэл сүүлийн 10-аад жил Монголд баян  чинээлэг хөрөнгөтэй хүмүүс л төр барьдаг,  төр нь тэдний төлөө үйлчилдэг. Ард түмэн  зөвхөн тэднийг тэжээгч объект болж хувирсан. Энэ гажуудал ялангуяа сүүлийн хоёр сонгуульд тод харагдлаа.

Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг харах юм бол сонгогчид нийтдээ нам гэдэг ойлголт биднийг буруу тийш нь хөтлөөд байна, намаар туйлшрахаа болъё. Төрөө, хүнээ харж, нийгмийнхээ эрх ашгийг бодож сонголт хийе гэсэн ойлголттой байсан. Гэтэл сонгуулийн явц дунд АН-ын Ерөнхий сайд нь болчимгүй алхам хийж, сэтгэхүйн долгионоор асуудал шийдсэн нь   Ардын намынхны талд  ашигтай байр суурийг авчирлаа.

–Яриаг чинь тасалсанд уучлаарай, олигарх бүлэглэлийн засаглал тогтсон гэдгийг жаахан тодруулахгүй юу?

–Үүнийг яг он цагтай нь хэлэх юм бол 2006 оны нэгдүгээр сард Засгийн газар солигдож, тэр үед Их Эвслийн Засгийн газар гэж байгуулагдсан. Би “Цоохор Засгийн газар” гэж хэлдэг юм л даа. Учир нь намын даргын тамга халаасалсан хэдэн компанийн эзэн төрд орж ирсэн. Тэр үеэс эхлээд төрийн бодлого улс орны нийтлэг эрх ашгаас хөндийрч зөвхөн төрд байгаа эрх мэдэлтнүүдийн бизнест үйлчилж эхэлсэн. 2007 оныг “Их бүтээн байгуулалтын жил” гэж зарлаад эрх мэдэлтнүүд бүгд барилгын компани байгуулж орон сууцны үнэ өсөж, хамаг  хөрөнгө мөнгөө  барилгын салбар руу хийснээр  эдийн засгийн хямралыг авчирсан.

Түүнээс хойш ерөнхийдөө  зургаа дахь Засгийн газар нь өнөөдөр унаж  байна. Эднийг авч үзэх юм бол, М.Энхболдын засгийн дараа С.Баяр Ерөнхий сайд болсон. С.Баярын засаг  мөн л компанийн захирлуудаас бүрдсэн Эвслийн Засгийн газар нэртэй байж байгаад, Оюутолгойг гаднынханд  өгөхийн төлөө байгуулагдсан  засаг  болж хувирсан. Түүнийгээ өгчхөөд салаад явсны дараа Сү.Батболд гарч ирж Оюутолгойг баталгаажуулах бүх ажлыг хийж, дээр нь алдагдалтай төсөв батлуулж эдийн засгийнхаа тэнцвэрийг алдагдуулчхаад явчихсан.

Дараа нь гарч ирсэн Засгийн газар дахиад  Оюутолгойнхонд тал засаж, Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гээч юмыг  гаргаж, Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг  бүрэн нурааж хаяад  сүүлдээ  газар нутгаа хүртэл хувааж худалдах хууль санаачилж явлаа. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарсан. Бас л гадны баячуулд зээл авахад нь тусалж, Монголын баялгийг барьцаанд тавьчхаад түүндээ түүртэж яваад уналаа. Одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар бас л засгийн эрхэнд гарсан баячууд Концессын гэрээ нэрээр өөрсөд рүүгээ баахан мөнгө хөрөнгө татсан асуудалтай огцорлоо.

Ингээд харахад олигарх бүлэглэлийн засаг гэдэг маань угаасаа ард түмнийхээ эрх ашгийн төлөө биш, хүчин төгөлдөр байгаа хуулийн нөхцөлд өөрсдөдөө аль болох ашигтай юм хийх зорилго тавьсан хүмүүсийн л засаглал байдаг юм байна. Энэ байдал 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөллөө. Үүний улмаас нэг талдаа 65 суудал бүхий парламент бүрдлээ. Мөн одоогийн Ерөнхийлөгч сөрөг хүчнээс сонгогдсон. Гэхдээ энэ байдлын уг язгуурыг харах юм бол зөвхөн эдийн засаг нь хямарч, дампуурлын ирмэгт тулаад зогсохгүй, улс төрийн хувьд маш хүнд байдалд орсон юм байна гэдэг нь харагдаж байгаа.

-МАН  түүхэн сонгууль хийлээ, бид үнэмлэхүй ялалт байгууллаа гэсэн атлаа өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг унагасанд, үүнээс улбаалж нийгэмд үүссэн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна? 

–Парламентад 85 хувийн суудал авсан Ардын намынхан улс орныхоо байдлыг бодитойгоор үнэлж чадсангүй. Сонгуулиар өгсөн Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтаа биелүүлсэнгүй уналаа. Үүнээс үзэхэд, улс төрийн хүчнүүд маань үзэл баримтлалын мухардалд орчхож гэдэг нь харагдана. Нөгөө талаас, Ерөнхийлөгчийн сонгууль, түүний дараа болсон үйл явдлуудаас харахад төрийн байгуул­лагууд улс төрийн бохир үйлдэл, наймаанд хутгалдсан юм байна.

60 тэрбумын асуудал яригдаж байгаа нь  төрийн албыг худалдаж авах оролдлогын тухай яриа биш, цаад талдаа төрийн албад маань тодорхой хүчин, тодорхой бүлэглэлд үйлчилдэг, тэдний мэдэлд оржээ  гэдгийг АТГ, прокурор, цагдаа хууль хяналт, тагнуулын байгууллагын үйл ажиллагаа харууллаа. Ийм нөхцөлд засаг солигдлоо. Зөв харах юм бол Монголын улс төр мухардалд орсон нь үүгээр илэрч байна. Үүнийг шийдэх замаар дараагийнхаа Засгийн газрыг байгуулах, мөн үзэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн байдал ажиглагдаж байна.

Ингэхгүйгээр, өнгөрсөн 20 гаруй жил олон засаг өөрчлөгдлөө, ер нь засаг өөрчлөгдөж л байдаг юм гэсэн зуршил болсон талаас харах юм бол онц юм байхгүй мэт харагдаж болох л доо. Гэхдээ монголчуудын хүлээлт бол энэ Засгийн газрыг өөрчлөгдсөний дараа Монголын улс төр цэвэршээсэй, нам нь цэвэрлэгдээсэй, нийгэм зөв чиглэлд алхам хийгээсэй гэсэн ийм л хүлээлттэй байна.

–Дараагийн Ерөнхий сайд, шинэ Засгийн газар МАН-ын бүлэг, фракцуудын дундаас төрөхөөр “дуншиж” байгаа. Гэтэл төрөөгүй байхад нь “огцруулна” гэх үг дуулдах боллоо?

–Энэ нь эрх баригч улс төрийн хүчний доторх зөрчил хурцадсаны илрэл. Ер нь бол засгаа огцруулах асуудал өнгөрсөн тавдугаар сарын үеэс яригдсан. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс   үүнийг “Хоёрдугаар ээлж хоолондоо” гэсэн зарчмаар хандаж байна уу даа гэж харж, засаг нь тогтвортой байвал дээр юм уу даа гэж хэлж байлаа.

Гэтэл сая УИХ-ын чуулганы хуралдаан дээрээ ярьж байхыг нь харахад энэ засаг маань зөвхөн “Мэргэжлийн” Засгийн газар байгаад  зогсохгүй цаашаа юмаа хуваахдаа өндөр мэргэжлийн засаг байсан юм байна гэсэн ойлголт төрсөн. Шинэ Засгийн газрыг байгуулахдаа хуучны завхрал, төрийн албыг мөнгөөр худалддаг зарчмаасаа татгалзана гэсэн байр сууриас хандвал эрүүл засаг гарч ирнэ.

Аль фракц, хэн нь идэх вэ, хэн нь илүү хүчтэй вэ гэдэг байдлаар хандах юм бол хуучнаасаа дор ч засаг гараад ирж болох талтай. Тиймээс одоогийн хүлээлт бол Ардын нам энэ байдалдаа ямар дүгнэлт өгөх вэ. Монгол Улс төрийн хямралд орчихсон байна гэдгээс дүгнэлт хийвэл нэг янз. Зүгээр фракцуудынхаа  хооронд шинэ эв нэгдлийг бий болгох хэрэгтэй юм байна гэвэл огт өөр зүйл бий болно.

-Хэвлэлээр МАН-ын нэр нөлөө бүхий  улстөрчдийн нэр дуулдаж байгаа. Өнөөгийн амаргүй  нөхцөлд Ерөнхий сайд хийчих, юу ч тулгарсан засгаа аваад гарчих хүн хэн байх бол. Та юу гэж бодож байна?

-4-5 хүний нэр гарч байна. Би бодохдоо хэвлэл, мэдээллийнхний бүтээл байх гэж санадаг. МАН-ыхан эхлээд баахан хүний нэр цохдог, тэр нь бүтэхгүй болдог тохиолдол байх юм. Монгол Улсын Засгийн газар гэдэг асар их хариуцлагатай институтийг толгойлоод аваад явчих чадвартай хүн Ардын нам дотор олон бий. Ардчилсан намд ч бий. Гол нь тэр хүмүүсээ гаргаж ирж чадах уу гэдэг л асуудал.

Хэрэв Монголын эдийн засгийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй, улс төрөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэвэл тодорхой мөрийн хөтөлбөртэй, тодорхой зорилтыг шийдвэрлэж чадах хүнээ л гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хамгийн наад зах нь л гэхэд багш нарын цалингийн асуудал хурц яригдаж байна. Монголын ирээдүй болсон үр хүүхдийг бэлтгэж гаргадаг багш нарын маань дундаж цалин 500-гаад мянган төгрөг гэхэд үнэхээр дотор харанхуйлж байна. Төр, засаг юу хийж байсан юм бэ, энэ чинь. Өнөөдөр баян компанийн үйлчлэгч 500 мянгаас дээш цалинтай байгаа шүү дээ.

Гэтэл улсын төсөв асар их данхайлаа, тэр их мөнгийг юунд хуваарилж байна вэ гэдгийг бид харж л байна. Үр ашиггүй маш олон зүйлд улсын төсвийг үрэн таран хийж байна. Үүнийг нийгмийн тодорхой асуудлыг шийдэхэд зарцуулж болно. Тухайлбал, Засгийн газар татварын бодлогоо яаж явуулах вэ, цалингийн бодлогоо яаж шийдэх вэ, мөнгөний бодлогоо яаж барих вэ гэдэг тодорхой хөтөлбөртэй байж гарахаас биш “Энэ сайхан ярьдаг хүн байна”, “тэр хурц шүүмжилдэг хүн байна” гэж шийдвэл оносон шийдэл болохгүй.

Монголын эдийн засаг “Голланд өвчин”-д нэрвэгдлээ гээд бид ярьдаг, үнэндээ бүх юм уул уурхай руу яв­чих­сан. Төгрөгийн ханш унаж байхад хэн хожих вэ. Бүхэл бүтэн бүтээгдэхүүнээ гаргаж байгаа аж ахуй нэгж л хожно, өөрөөр хэлбэл уул уурхай ашигтай болж байна. Бизнес эрхлэгчид уул уурхайн компанийн хувьцаа авах, тийш нь хөрөнгө оруулалт хийхэд анхаарахаа бодохоос хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд, жишээ нь гутлын үйлдвэр  байгуулах юм сан, хувцас үйлдвэрлэх юм сан гэж бодох нь бага. Татвар, инфляцын  бодлого тусдаа байгаа нь энэ урсгалыг зохицуулж чадна.

Жижиг, дунд үйлдвэр гэж манайхан 20-30 жил ярилаа. Банкны зээлийн хүү 24 хувь байхад жижиг, дунд  үйлдвэрүүд хөгжиж чадахгүй. Зээлийн хүүгээ яаж бууруулах вэ. Энэ чиглэлд бодлого гаргасан хүн л Ерөнхий сайдын ажлыг хийж чадна. Одоо цалингийн системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Улсын Ерөнхийлөгч гурван саяын цалинтай байхад, төрийн компанийн захирал 27 сая төгрөгийн цалин авдаг байж болохгүй шүү дээ. Монголд хэн ч Ерөнхийлөгчөөс илүү цалин авдаггүй. Гагцхүү тухайн хүн ажлынхаа үр дүнгээс шагнал авдаг байж болно. Тэр асуудлыг шийдэх хэрэгтэй.

Энэ мэтчилэн бодлогоо оновчтой, тодорхой болгох нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт юм. Өнөөдөр багш нарын асуудлыг шийдлээ гэхэд араас нь эмч нар  асуудал тавиад гараад ирнэ. Түүний араас төрийн бусад албаныхан янз бүрийн асуудал гаргана. Иймд бүгдийг нэгтгэж гаргахгүйгээр нэг асуудлыг тасалж аваад шийдэх нь өрөөсгөл, тийм боломж ч үгүй. Үүнээс харахад Ерөнхий сайд гэдэг маань одоогийн нийгмийн мухардлыг олж харсан, түүнээс гаргах аргыг төлөвлөсөн хөтөлбөртэй хүн байх хэрэгтэй. Ардын намаас нэр гараад байгаа хүмүүсийн хэн нь ч одоогоор ийм хөтөлбөр гаргаж тавиагүй байна.

-Хөтөлбөртэй, бодлоготой хүн Ерөнхий сайд болчихвол цаашид Засгийн газрыг амь бөхтэй, тогтвортой байлгах боломж бүрдэнэ гэсэн үг үү?

-Мэдээж шүү дээ. Тэр хөтөлбөрөөрөө олон түмний дэмжлэгийг авсан тэр хүн засаг толгойлно. Түүнийгээ мөрдлөг болгож, урдах ажлаа хийгээд явахад засаг тогтвортой байх, ирээдүйдээ итгэлтэй байх боломж бүрдэнэ. Тэгж чадахгүй, тэр муу хүн байсан, би сайн хүн гэж ярих юм бол дахиад  л нөгөө “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” гэдэг зам руу орно.

-Одоо сонсоод байх нь ээ, Засгийн газрын гишүүд нь бүгд давхар дээлтэй байя л гээд байна гэлцэх юм?

-Энэ сонин асуудал л даа. Өмнө нь тухайн үеийн МАХН, одоогийн Ардын намынхан УИХ-ын суудлын 95 хувийг аваад байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, давхар дээл гэгч будлианыг тарьсан. “Дордуулсан долоон заалт” дотор хийсэн будлиан нь тэр. Одоо Ардын нам түүнийгээ эргээд яриад сууж байгаа нь улс төрийн хүчний хувьд хаашаа явж байгаагаа харуулж байна. Улс төрийн хүчнүүд өөрсдөдөө том өөрчлөлт хийхгүй бол түүхийн тавцангаас явна.

-Одоо ч гэсэн МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа шүү дээ. Гэнэт ухаарсан юм уу, эсвэл алдаагаа засах нь гэсэн зүйл огт  харагдахгүй  байх шиг?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг харахад, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх тухай асуудал л ярьж байна. Би түрүүнд сүүлийн зургаан Ерөнхий сайд Монголд ямар нүгэл хийснийг товч ярилаа. Одоо  ч гэсэн тэр олигарх бүлэглэлийн өмнө Монголын­хоо баялгийг найрын ширээний тавган дээрх шиг тавьж өгөхийг оролдоод байна шүү дээ.

Ерөнхий сайд  нь намын дарга байна гэдгийг дүрэмдээ биччихсэн байгаа. Гэтэл хэмжээлшгүй эрхтэй Ерөнхий сайд гарч ирэх нь. Ийм зам руу орох гээд байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, луйврын аргаар төрийн эргэлт хийх  гэсэн оролдлого  гэж ойлгож байна.

–Халаагаа өгсөн Ж.Эрдэнэбатын танхимд гадаад өр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудал шүдний өвчин байсан. Дараагийн  Засгийн газарт ч энэ давтагдана. Эдийн засгийн төлөв байдалд жаахан ч гэсэн гэрэл гэгээ авчрах ирээдүй, ийм боломж харагдах юм уу, Монголд?

–Монгол эдийн засгийн асар хүнд байдалд орсон. Гадаад өр л гэхэд  ойрын 20-30 жилд төлж дийлэхээргүй. Өрийн ийм  дарамтад орсон  шүү дээ, бид. Нөгөө талаас, Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо үндсэндээ алдчихсан. Бүх экспорт нь үндсэндээ ганц гүрэн рүү чиглэсэн, эдийн засгийн гол салбар нь зах зээлийн маш их савлагаатай уул уурхайтай холбоотой. Дээр нь гадаад өрийн төлбөр хоолойд тулгасан хутга болчхоод байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар л гэхэд нам нь  өр зээлийг барагдуулна гэсэн мөрийн хөтөлбөр хийж гарч ирсэн.

Одоо эргээд харахад 22 тэрбум ам.долларын зээл 24 тэрбум болж нэмэгдсэн, дахиад зээл авч өрөө төлөхөд хүрч байна. Энэ үнэхээр арчаагүй байдал. Үүний цаана юу байна гэвэл, төр засаг маань эдийн засгийнхаа бодит байдлын учир шалтгааныг олж харахгүй байна. Энд гурван зүйлийг хэлж болох юм. Жишээлбэл, Монголын эдийн засагт асар том нөлөөтэй Оюутолгойн уурхайн зэс, алт, мөнгө гээд баялаг бүгд гадаад руу гарч байна. Түүнээс орж ирэх мөнгө Монголд орж ирээгүй  цагт улс орны амьдрал  хүндрэлтэй хэвээр л байна.

Нөгөө талаас  Монголд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал яригддаг. Газрын тосны үйлдвэр байгуулна гэж сүүлийн 20-оод жил ярилаа. Одоо тэр нь алга. Сонгууль болохоор Ардын нам ч, Ардчилсан нам ч ялгаагүй мөрийн хөтөлбөртөө бичдэг, хийж чаддаггүй. Өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх боломж байхад үүнийгээ олж харж чадахгүй, хийхгүй байна. Бас нэг зүйл нь эдийн засгаа олон тулгууртай болгох, энэ чиглэлд төр, засаг оновчтой бодлого томьёолж явуулж чадахгүй байна. Энэ нөхцөлд эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлыг богино хугацаанд шийдэх боломж байхгүй. Урт хугацааны оновчтой бодлого хэрэгтэй.

–Гэхдээ энэ жил дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ чамгүй өссөн. Даанч байдал дээрдсэнгүй?

–Нүүрс, зэсийн үнээс нэмэгдэж байгаа орлогоо төр, засаг оновчтой зарцуулж чадахгүй байна. Тийм механизм алга. Түүнийгээ өөрчилж байж л цаашаа явах байх.

–Өнөөдөр Монголын улс төрд сөрөг хүчин алга. УИХ дахь АН-ын есөн гишүүн дуугардаггүй, парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөн, ТББ-ууд хүч муутай. Эрх мэдэл нэг намд зангидагдсан энэ нөхцөлд төрийн бас нэг институц болох Ерөнхийлөгч юу хийж чадах бол. Юу хийгээсэй гэж та харж байна?

–Ардын нам 2016 оны сонгуулийн дараа их бярдуу зан гарга­сан, одоо бид шууд Ерөнхийлөгчийн суудлыг авна гээд. Намын дарга нь Засгийн газраа толгойлох нь уу гэтэл тэгэлгүй УИХ–ын дарга болсон. Тэр нь саяын сонгуулиар  бүтсэнгүй. Сөрөг хүчин хэрэгтэй гэдгийг манай­хан эртнээс ярьдаг. Гэхдээ тэр маань чухам ямар сөрөг хүчин байх вэ. Зөв үзэлтэй, зөв гарц, зам олсон сөрөг хүчин байх уу, эсвэл тийм юм байхгүй, улс төр хөөсөн хэдэн хүн байх уу.

Миний ойлгосноор МАН, АН хоёрт Монголоо авч явах, үндэсний эрх ашгаа дээдэлсэн үзэл байхгүй. Өмнө нь энэ хоёр нам С.Баярын Засгийн газрын үед ч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ялгаагүй нэг хөнжилд орж, муудахаараа баахан хараал цувуулж хоёр тийшээ салж явсан. Тэгэхээр одоогийн засаг нам дамжсан бүлэглэлүүдийн  засаг болчхоод байна. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Монголоо орчин үе, олон улстай хөл нийлүүлж яаж авч явах вэ гэдэг өөрийн гэсэн тогтвортой, үндэслэлтэй бодлого, төлөвлөгөөтэй болж байж л энэ асуудал шийдэгдэнэ.

Ерөнхийлөгчийн хувьд саяын сонгуульд нэлээд өвөрмөц мөрийн хөтөлбөртэй орсон. “30 гэр бүлийн төлөө биш, гурван сая Монголынхоо төлөө төрийн бодлого явуулна” гэж гарч ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр энэ дундаас Монголын төрд нүүрлэсэн авлига, хээл хахуулын сүлжээ, мафиоз маягийн олигарх бүлэглэлийн сүлжээг арилгана, өөрчилнө гэсэн  ийм л зорилго тавьж байгаа. Ерөнхийлөгч болгоны өмнө тухайн цаг үеийн зорилт гэж байдаг. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд хамгийн том зорилт нь Монголын төрийг цэвэрлэх асуудал юм.

Жинхэнэ ардчилсан нийгмийн төрийн тогтолцоонд шилжүүлэх гэсэн ийм зорилт юм. Үүнийг Үндсэн хуулийг өөрчилж байж шийднэ. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Одоогийн УИХ-ын төвшинд хэлэлцүүлж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл Ерөнхийлөгчийн саналыг авалгүйгээр явж байгаа. Төрийн тэргүүнийхээ саналыг авахгүй, шинээр сонгогдчихоод байхад нь тэр хүнээ сонсохгүйгээр Ардын намынхан хүч түрээд явж байгаа ийм л зүйл.

Хэлэлцүүлэх үед нь Ерөнхийлөгч үгээ хэлэх байх. Одоогийн байдлыг харахад УИХ нь ч, хууль сахиулах байгууллагуудын зүгээс ч Ерөнхийлөгчийнхөө баримталж буй бодлого, тавьж буй зорилтод сөрөг хандлагатай байна уу даа гэж харж байгаа. Байсхийгээд Ерөнхийлөгч нь нөгөөдүүлийгээ дуудаж уулздаг, үүрэг даалгавар өгдөг.

Эргүүлээд өгч байгаа хариу нь “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр еэвэнгийн талыг идчихээд тал нь хаана байна гэхээр “Энэ байна” гээд нөгөө талыг үзүүлдэг, “Биш ээ,  нөгөө тал нь” гэхээр “Энэ шүү дээ” гээд суугаад байдаг шиг юмыг л АТГ, цагдаа, прокурорынхон яриад сууж байна. Үүнийг давж гарах хэрэгтэй байх. Энэ чиглэлд олон түмний дэмжлэг чухал л даа.

-Монголын улс төр өв залгамжилсан, үе дамжсан байдлаасаа ангижирч,  шинэчлэгдэж чадах болов уу?

-Чадахаас өөр зам байхгүй. Хэрэв шинэчлэгдэж чадахгүй бол Монгол байхгүй болох тийшээгээ, мөхлийнхөө зүгт л явна. Төр нь ялзарч, доройтоход улс орон байхгүй болдгийг бид түүхэндээ үзсэн ард түмэн шүү дээ, XV зуунд. Одоо эрх биш ухаарч, сэхээрч гажуудлаасаа гарах замыг эрэлхийлэх байх, энэ байдлаас гарах байх гэж би дотроо бодож суудаг.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Ч.ҮЛ-ОЛДОХ


URL:

Сэтгэгдэл бичих