Нийгмийн салбарынхан цалингаа нэмүүлэхээр НЭМЭГДСЭЭР байх уу?

527-1506648855520870559a90ac0eec9271-У.Хүрэлсүхийн танхимыг “гал” гарсан хоёр салбар хүлээж байна-

Өнгөрсөн сард эрх баригч МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдан улс төрд тогтворгүй байдал үүсэх үеэр “дайны хажуугаар дажин” гэгч болж СӨБ, ЕБС-ийн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Ж.Эрдэнэбатын танхим боловсролын салбарт гарсан галыг унтрааж чадалгүй огцорсон. Харин одоо Ерөнхий сайд болох У.Хүрэлсүхийн танхимыг гал алдсан хоёр салбар хүлээж байна.
Учир нь эрүүл мэндийн салбарын “тэсэрч” цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардаж, түр хороогоо байгуулаад авлаа. Уг нь мягмар гарагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Тэр үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлын талаар ярилцсан юм.
Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан тэдний хүсэлтийн хариуд “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна.
Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм. Төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний тэмдэг. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэг нь MRI байхгүй.
Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсны буруу нь эмч нарынх бус бидний л муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болоод суухгүй. Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах.
Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкнуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцөлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн.
Үүсээд буй уг нөхцөл байдалтай холбогдуулан манай сонин эмч болон багш нарын түр хорооны удирдлагатай уулзаж, тодруулга авлаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хорооны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа.
-Боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаад харилцан тохиролцолд хүрч амжаагүй байтал танай салбарынхан “тэсрээд” эхэллээ. Эмч нар багш нартай барьцаж байна гэх хүмүүс ч байна?
-Манай салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн нь багш нартай ямар ч хамааралгүй. Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны гурван талт хэлэлцээрт орсон цалин нэмэх асуудлыг улсын хэлэлцээрт оруулж, хамтарч хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөсөн ажлын дагуу болж буй үйл явдал. Тодруулбал, ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарын ажиллагсдын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хамтран хүргүүлж, салбарын төсөвт суулгаж шийдвэрлэнэ гэсэн байгаа.
Энэ хүрээнд салбар яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, УИХ шаардлага хэлбэрээр хүргүүлсэн. Энэ сарын 15-нд жагсаал цуглаан хийх мэдэгдэл нийслэл рүү явуулсан ч хариу өгөөгүй. Тэгээд 29-нд (өнөөдөр) жагсаал цуглаан хийе гэхэд Сүхбаатарын талбайд хоёр арга хэмжээ болно. Тиймээс боломжгүй гэсэн. Ирэх сарын 4-нд жагсана.
-Танай түр хороонд хэчнээн эмч, ажиллагсад нэгдсэн бэ?
-Бид энэ сарын эхээр нэгдэн нийлж, 26-нд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хороо байгуулсан. Түр хорооны удирдлага 13 хүний бүрэлдэхүүнтэй. Эрүүл мэндийн салбарын 20 гаруй мянган ажилтан, ажилчдаас 20 мянган хүний гарын үсэг цугласан. Эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч нар багштай адил бага хэмжээний цалин авч байна. Үндсэн цалин 558-634 мянган төгрөг. Жижүүрлэж, эрүүл мэндээрээ хохирч байж илүү цалин авдаг.
-Цалин нэмэхээс өөр шаардлага тавьж байгаа юу?
-Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмүүлэх нэн тэргүүний шаардлага дээрээ хамгийн түрүүнд зогсоно. Төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөх зэрэг шат дараалсан тэмцлийн арга хэмжээ жагсаал цуглаан хийгээд суулт цаашлаад ажил хаялт хийх.
-Ирэх онд Монгол Улс хоёр бондын эргэн төлөлт хийнэ. Эдийн засаг хүнд танай салбарынхан буулт хийх үү?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтын маргаан үүсгэхээр мэдэгдсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага олонхын саналаа дагадаг. Тиймээс түр хороонд нэгдсэн эрүүл мэндийн салбарынхан шийдвэр гаргана.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан багш нарын төлөөлөлтэй уулзана гэсэн. Шийдтэй хариу авч чадсан уу?
-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан биднийг өчигдөр (уржигдар) 14 цагаас хүлээн авч уулзах байсан. Төрийн ордонд 1,000 ахмад багш нарыг хүлээж авах арга хэмжээтэй давхацсан хэмээн хойшлуулсан. Хэзээг хүртэл хойшлуулсан гэдэг тодорхой хугацаа хэлээгүй.
-Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад нэг сарын хугацаа өнгөрлөе. Яагаад тохиролцоонд хүрч чадахгүй байна вэ?
-Бид өнгөрсөн сарын 30-нд жагсаал зохион байгуулж шаардлага хүргүүлсэн. Энэ сарын 15-нд шаардлагын хариуг өгөх ёстой байсан ч 19-нд хариу өгсөн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хүртэл хувь үе шаттай нэмнэ гэсэн. Тодруулбал, эхлээд таван хувь нэлээд хугацааны дараа 10 хувь болно гэсэн үг. Харин бид багш нарын цалинг нэг сая 600 мянга болгохгүй юмаа гэхэд энэ ондоо багтааж 50 хувь.
Он гаргаад тухайн цалинг мөн 50 хувь нэмэх шаардлага тавьж байна. Бид сануулах ажил хаялтаа энэ сарын 21, 26-нд хийсэн. Эхний ажил хаялтад нийт багш нарын 70 хувь оролцсон бол дараагийн удаад 90 хувь нь оролцсон. Уг нь хоёр дахь удаагийн ажил хаялтад багш нар 100 хувь биднийг дэмжсэн ч 10 хувь сургуулийн захиргаа болон захирлын дарамтад орсон тул ажил хаялтад оролцоогүй гэдгээ мэдэгдсэн.
-Үйлдвэрчний эвлэл хамтын маргаан эхлүүлсэн гэж сонссон?
-Бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух үеийг хүлээж байна. Хэрвээ Засгийн газар Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороотой хэлэлцээрт хүрч чадахгүй бол бид Үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж хугацаагүй ажил хаяна. Хэрвээ асуудал иймдээ хүрвэл хоёр тал аль аль нь хожихгүй. Хамтын маргаан зуучлагчийг томилно. Зуучлагч аль нэг талд буулт хийхийг зөвлөх байх. Ийн тохиролцоонд хүрэхгүй бол багш нарт хугацаагүй ажил хаях эрх үүснэ. Бид цалинг үе шаттай 30 хүртэл хувь нэмэхийг зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байгаа.
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.