Үхэгсдийн улс гүрэн-Катакомб

c220656e77c20741greatТасалбар түгээгүүрийн газарт дараалал хүлээн зогсох зуураа “Та элдвийн сонин хачныг тэр тусмаа сүнс, хий үзэгдлийг харсан уу? гэж асуувал Парисын унаган оршин суугч эрхэмсэг франц хүн “Үгүй” гэж инээмсэглэн хариулах биз ээ. Гэхдээ Парис бол Парис. Энэ бол дэлхийн нийслэл гэсэндээ үзэх харах, өгүүлэн хэлэх сонин ихтэй хот шүү дээ. Алдарт Луврын музей, эсвэл Де Орсегийн музей гэх мэт тоо тоймшгүй сонин сайхнаар элбэг энэ хотод үхэл хийгээд үхдэлүүдийн музей гэж бас байдаг гэвэл та хачирхах байх. Харин түүнийг Елисейн талаас юм уу, аль нэг олны сайн мэдэх газраас олно гэвэл бас ч тийм биш ээ. Парисын Монпарнасын дүүргийн гол гудмаар ердөө хориод метр явахад л Үхдэлийн буюу Катакомбын музейд хүрэх болно. Хонгилоор доош уруудаад хэд алхахад Парис хот маань хүний ясан дээр сүндэрлэсэн болохыг та аяндаа харах болно. Гэхдээ ганц нэг бус харин үй түмэн үхдэлүүдийн ясан дээр хот тогтсон гэдгийг мэдэлгүй явжээ. Тодруулбал, Катакомб бол Парис хотын доор оршдог бүүр гурван зуу гаруй километр нүхэн хонгил бүхий эртний агуй юм. Гэхдээ энэ бол байгалийн цогц хонгил бус харин бүүр эрт үеэс, тухайлбал манай эринээс өмнө зургаадугаар зууны үеэс ромчууд анх ухаж нүхэлснээс хойш үе үеийн хүмүүс барилгын материал шавар шохойг эндээс ухаж авсаар энэ их нүхэн хонгил өргөжин тэлжээ.

Манай эриний 1180 онд Филипп-Август ван төрөлх хотынхоо бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ нүхэн хонгилыг бүүр ихээр өргөжүүлсэн гэдэг. Гэвч 18-р зууны дунд үеэс Парисын зарим байшин барилга доош цөмрөн нурах болсноор нүхэн хонгилыг цаашид өргөжүүлж болохгүй нь илт болжээ.

Парисын ханы хувьд бас нэгэн асуудал бол талийгаачдыг хөдөөлүүлэх оршуулгын талбайн асуудал байлаа. Парисын төв оршуулгын газар үнэндээ зай завсаргүй болов. Энд гучин үеийнхэнийг хөдөөлүүлжээ. Дунд зэргийн чинээлэг өрх айлууд сүмийн оршин байх талбайд үхэгсдээ оршуулж байсан бол ядуучуудад энэ асуудал хүнд тусч байлаа. Зарим лам нар хүмүүсээс их, бага хэмжээний хахууль авч тэдний төрөл төрөгсдийг нь нууцаар энд тэндгүй, эмх замбараагүй оршуулсанаас сүүлдээ Парис хотын хаа сайгүй элдвийн үнэр танар ханхийх болжээ. Ядуучууд, гуйлгачид өөрсдийн талийгаач нараа ёс төртэй оршуулах хөрөнгө мөнгөгүй тул тэднийгээ нууцаар хотын доорхи Катакомбод аваачин нутаглуулж байлаа. Парис хот тэр чигээрээ оршуулгын талбайгаар дүүрсэн тул хотын эрүүл ахуйн аюулгүй байдал бас гоо үзэмжийг хангахын тулд зарим нэгэн оршуулгын газруудыг ор мөргүй болгохоор шийдвэр гарав. Ингээд өнөөгийн Денферт-Рочеругийн дэргэдэх оршуулгын газарт байсан талийгаачдын булш бунханыг сэндийчлэн тэднийг газар доорхи Катакомб руу шилжүүлж эхэллээ. Бүүр мянган жилийн өмнөөс үүрд нойрссон талийгаачдыг ийнхүү Парис хотын доорхи хонгил руу шилжүүлж эхэлсэнээр “Катакомб” музей үүссэн түүхтэй. Энэ зоригтой, эрс шийдэмгий ажил 1785 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн Катакомб музейг үзэхийн тулд ямар ч хүн таван евро төлөөд тийшээ явж болно. Мөнгөө төлсөн бол газар доорхи хонгилоор орж, цардмал шатаар доош 130 алхам уруудан харанхуй бүүдгэр гэрэлтүүлэг бүхий Катакомб музейн үүдэнд хүрэх ажээ.

Ханан дээр “Эндээс үхэгсдийн улс гүрэн эхэлнэ” гэсэн бичиг байх үхэгсдийн улс гүрний хилийн дээсийг тийнхүү алхаж ороод цааш хэдхэн алхмагц тэндхийн оршин суугчид биднийг тосон угтах бөлгөө. Оршин суугчид гэж хэнийг хэлж буйг эрхэм та ойлгож байна уу? Энэ бол хүний биеэс үлдэж хоцроод тэнд хөглөрөн хэвтэх зургаан сая араг яс бөлгөө!

Зургаан сая хүний энэ их үлдэгдэл яснууд нь бараг хоёр километр шахуу зайд зэрэгцэж, бас овоорч орших ажээ. Тэнд урт богино, өндөр нам, өргөн нарийн янз бүрийн хэмжээ бүхий шилбэ, сээр нуруу, гавлын яснууд байна. Зарим нь шүдтэй байхад нөгөө заримынх нь гавлууд шүдгүй ажээ. Хүүхэд, хөгшид, эрчүүл, эмэгтэйчүүд, харц боол, хаан язгууртан, баян чинээлэг, ядуу гуйлгачин, цэрэг дарга, хайртай хосууд, бас өрсөлдөгч дайснууд хэн ч байсан ер ялгаагүй тийнхүү хамтдаа нэгэн доор газар доорхи Катакомб музейн үзмэр болон оршиж байна.

Энэ олон хүний үлдэгдэл яснууд буюу өнөөгийн Катакомбын үзмэрүүд нь өнгөрсөн цаг үеийн үүх түүхийн бодит гэрчүүд бөлгөө.

Францын их хувьсгалын болоод Дэлхийн нэг, хоёрдугаар дайны ул мөр, үйл явдлуудыг эндээс үзэж болно. Их хувьсгалд оролцож, их дайн тулаанд тулалдаж явсан баатрууд хийгээд тэдгээр дайн самууны улмаас хэлмэгдэн хохирогсдын үлдэл яснууд нь энд ингэж хамтдаа зэрэгцэн оршин байх ажээ. Дэлхийн аливаа улс, орнуудын түүх дурсгал бүхий уран барилгууд, үйл явдлуудыг өгүүлж үзмэрүүдээс дутахгүй тийм л сонин үзэсгэлэн үзмэр, түүхийн эд өлгийн үнэт зүйлс гэвэл Катакомб музейн эдгээр үзмэрүүд болой. Парисын доор тийнхүү зургаан сая оршин суугчидтай бас нэгэн Парис байдаг. Гэхдээ газар дээрхи Парисын оршин суугчдаас эрс ялгарах зүйл газар доорхи Парисынханд бас байдаг гэнэ.

Үхэгсдийн улс гүрэнд “Айлчлан зочилсон” зарим хүмүүст тэндхийн оршин суугчид тийм ч таатай байдаггүй бололтой. Катакомбын тэдгээр үзмэрүүдийг үзэж сонирхох хүмүүст элдвийн хий үзэгдэл, сүнс чөтгөр, аймшигт үзэгдэл юмс харагддаг ажээ. Эргэн тойрон анир нам гүм… Газар доорхи үзмэрүүдийг үзэж сонирхох хүмүүст этгээд дуу авиа, шуугиан үе үе сонсогддог болой. Овоолж тавьсан гавлын яснууд ч заримдаа ямар нэгэн хөдөлгөөнд орж байхыг хүмүүс анзаарчээ.

Ус дуслах, алс холоос хэн нэгний тусламж дэмжлэг хүсэх гансрал харууслын үгс, уйлах ёолох, бас тачигнатал инээх чимээ шуугиан хааяа нэг, заримдаа ээлж дараалан тэдгээр үй олон хүний үлдэл яс буюу шилэн хоргоны цаадах үзмэрүүдийн зүгээс сонсогддог ажээ. Энэ байдалд Катакомб музейн ажилтнууд болон үхэгсдийн улс гүрэнд үе үе сонирхон ирэх хүмүүст бүүр дасал болсон тул тэдний хувьд нэг их аймшигтай биш байлаа. Харин тус музейг анх удаа үзэж сонирхохоор ирсэн хэн нэгэнд тохиолдлоор тэр зүйлс таарвал тун эвгүй гэдэг нь мэдээж хэрэг.

Катакомб музейг үзэж дууссаны дараа хэн хүн өөрийн эрхгүй бодолд автах бөлгөө. Катакомб музейн үзмэрүүд буюу Үхэгсдийн улс гүрний зургаан сая хүний үлдэл яс. Одоо тэднийг үзмэр эсвэл үлдэл яс гэх болжээ. Амьд сэрүүндээ тэд зургаан сая нэртэй зургаан сая хүн байсан.

Үхэгсдийн улс гүрний зургаан сая оршин суугчдын дээр орших Парис хот улам бүр өнгө жавхаагаа нэмсээр байна. Хол ойроос ирсэн хүмүүс Парисын сүр жавхааг гайхан биширч, Парисынхны гоо үзэмж, тансаг хэрэглээ, эрхэмсэг байдлыг өөрийн эрхгүй бишрэх боловч тэдний хөл доор зургаан сая хүний цогцос байдгийг мэддэггүй билээ. Парисын ганган хээнцэр оршин суугчид ч бас энэ талаар төдийлөн мэддэггүй гэнэ. Харин хэдэн үеийн үхэгсдийн үлдэл яснуудыг үзмэр болгосон Катакомб буюу газар доорхи Парисаар “зугаалсаны” эцэст энэ бүгдийг ойлгож мэднэ. Түүгээр ч зогсохгүй газар доорхи Парисаар тийнхүү зугаалахдаа тэндхийн зургаан сая “оршин суугчдын” сүнс сүүдэр, хий үзэгдэлтэй тохиож тэдний үг хэл, дуу хоолойг сонсох боломжтой. Яагаад гэвэл тэнд Үхэгсдийн улс гүрэн-Катакомб оршин тогтнох бөлгөө.
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Хө.Хүчит

URL:

Сэтгэгдэл бичих