Д.Одхүү: Төлбөртэй нийтлэлд хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээх нь буруу

УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлд хэн нэгнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гүтгэн доромжилсон бол тухайн сэтгүүлчийг арван сая, нэр дэвшигчийг нэг сая төгрөгөөр торгох тухай зүйл заалт орсон нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн байр суурийг сонирхлоо.

-Сонгуулийн үеэр хэн нэгнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилсон бол тухайн сэтгүүлчийг арван сая, нэр дэвшигчийг нэг сая төгрөгөөр торгох тухай зүйл заалт шинэ хуулийн төсөлд оржээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэсэн байгаа. Энэ нь 200 мянган төгрөг болно. Энэ бол торгууль биш. Зөрчлөө улам хийгээд байх учраас нийтэд нь бүх зөрчлийн торголтыг өндөр хэмжээнд болгоё гэж зарчмын хувьд үзэж байгаа.

Харин хэвлэл мэдээллийн байгууллагаар дайрч доромжилсон асуудлын тухайд миний байр суурь тодорхой байгаа юм. Одоогийн байгаа хууль дээр байгууллагуудыг торгоно гээд заачихсан байдаг. Хэрэв тухайн байгууллага өөрсдөө санаачлаад нэвтрүүлсэн бол торгоё. Харин төлбөртэй гэдэг байдлаар цаанаасаа орж ирж байгаа бол захиалга өгч байгаа субъект, байгууллагыг нь торгох ёстой.

-Мэдээж цаанаас нь захиалга өгсөн болоод л сэтгүүлч түүнийг нэвтрүүлнэ шүү дээ?

-Цацуулж байгаа хүн нь цацаж байгаа байгууллагаас дутуугүй хариуцлага хүлээх ёстой. Зарим талдаа бүр илүү ч хариуцлага хүлээх ёстой.

Би ажлын хэсэгт байхгүй учраас энэ талаар хөндлөнгөөс санал оруулахаар төлөвлөж байгаа. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд нөгөө талтайгаа маш хатуу байдлаар гэрээ хийх хэрэгтэй. Түүн дотроо манай байгууллага хариуцлага хүлээхгүй, харин танайх мэдээллийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх ёстой гэдэг агуулгаар. Хэрэв тухайн мэдээлэл нь хэн нэгнийг гүтгэн доромжилсон бол Сонгуулийн ерөнхий хороо нь торгуулийг ногдуулдаг байхаар санал оруулах гэж байгаа.

-Та саналаа хэзээ оруулах юм бэ?

-Хэлэлцүүлэг явж байгаа. Хугацаандаа амжиж оруулна даа.

-Сэтгүүлчийг арван саяар торгох заалтыг ажлын хэсгээс оруулж ирсэи юм уу?

-Тийм. Ажлын хэсгээс оруулж ирсэн.

-Ажлын хэсгээс ийм заалт оруулсныг юу гэж тайлбарлаж байгаа вэ?

-Дэлхий нийтийн жишгээр хэвлэн нийтэлж байгаа болон нэвтрүүлж байгаа зүйлийнхээ хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллага нь хариуцдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, юуг хэвлэх вэ гэдгээ мэдэж байх ёстой гэсэн үг юм. Үүнийг ажлын хэсгийнхэн иш татаж байгаа. Гэхдээ энэ нь манай нөхцөлд тохиромжгүй шүү дээ. Өнөөдрийн манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хүн хүчний болон техник технологийн байдлаасаа болж ямар журмаар орж ирсэн, ямар агуулгатай болохыг тэр бүр мэдээд байх бололцоо, хугацаа, чадамж байхгүй. Тиймээс хэвлэн нийтэлсэн байгууллага, сэтгүүлчдийг торгох заалт нь буруу гэж үзэж байгаа.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих