Жуулчны улирал шувтарсан ч ололт хийгээд алдаагаа одоо ярих хэрэгтэй

527-1506998441171613-09102015-1444365299-1904884761-Juulchin_5Дэлхийн эдийн засгийн томоохон мөнгө эргэлдэж байдаг салбар бол яах аргагүй аялал, жуулчлал. Аялал, жуулчлалаараа “амьдарч” байгаа улс орон, ард түмэн олон. Шавхагдашгүй баялаг, улс орны нэгж бүрт эн тэнцүү хүрч тараагддаг онцлогтой гээд аялал, жуулчлалын давуу тал их. Жуулчин орж ирэх визийн хураамжаас эхлээд улс орны төсөвт, үүргийн наймаачнаас худалдан авалт авлаа гэхэд энгийн иргэнд тусгал нь очиж байдгаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнууд хүртэл аялал, жуулчлалын салбараа хөгжүүлж мөнгө олоход ихээхэн анхаарал тавих болов. Олон жилийн туршид Франц аялал, жуулчлалын салбараас олдог мөнгөн дүнгээрээ тэргүүлдэг байлаа. Алдарт Эйфелийн цамхаг, Луврын музей, Мульен Руж, Францын загварын шоу гээд хүмүүсийг татах зүйлс олон. Тэгвэл АНУ энэ салбарт анхаарал ихээхэн тавих болсноор жилд 220 тэрбум ам.доллар олж жагсаалтыг тэргүүлэх болжээ. Вашингтон ДС, Нью-Йорк, Сан Франциско, цаашлаад Альяскийн онгон зэлүүд байгалиа үзүүлнэ гээд жаахан хүч тавихад л энэ тоо тэгтэл өсчихөж байна. Найм, есөн жилийн өмнө жилд 134 тэрбумыг олдог байсан Франц 66.8 тэрбум ам.доллараар удаалж ард нь Франц, Испани, Англи бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд Европт аялж жуулчлах дэлхийн хүмүүсийн сонирхол террорист халдпагууд болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Америк болон Азийн орнууд руу шилжжээ. Манай урд хөрш Хятад энэ салбарт багагүй анхаарах болсноор аялал, жуулчлалаас хамгийн их мөнгө олдог дэлхийн топ таван орны нэг болоод байна. Цагаан хэрэм, Нууц хот, Аватарын зураг авсан үзэсгэлэнт газрыг үзэх гэсэн дэлхийн хүмүүс жилд 56.9 тэрбум ам.долларыг Хятадад үлдээж байна. Хамгийн гол нь үзэх, үзүүлэх газартай гэхээсээ жуулчдад хамгийн ээлтэй, таатай байдал нь тэнд очиж, саатаж мөнгөө үрэх шалтгаан болдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Дэлхий дахинд үүргэвчтэй аялал өргөжиж, насны эцэст тэтгэврийн мөнгөөрөө өндөр үнэтэй жуулчны компанид төлбөр төлж явахаасаа нас залуу байхдаа үүргэвчээ үүрээд аялах хүний сонирхол их болсон. Тэгвэл тэр жуулчдыг хүлээн авахад бид бэлэн байна уу.Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсчээ.

3өвхөн Буянт-Ухаа боомтоор гэхэд 2014 онд 89442 жуулчин орж ирсэн бол 2016 онд 100109 болон нэмэгдэж, харин энэ жилийн эхний долоон сарын байдлаар 127585 жуулчин орж ирсэн гэсэн үзүүлэлт байна. Өнөө жилийн хувьд аялал, жуулчлалын улирал ерөнхийдөө дуусч байгаа ч хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа ярих цаг хугацаа магадгүй өнөөдөр байж болох юм. Монголыг сонирхох гадныхан үргэлж байдаг. Энэ салбарынхан ч алхам алхмаар хөгжиж, бас ч нэг үеэ бодвол таатай үйлчилгээг үзүүлэх болжээ. Гэхдээ төрийн бодпогоор, дэмнэж санаачлаад хийх ажил их байна.Монголчууд гаднын улс оронд олноороо аялдаг. Онгоцноос газардмагцаа хамгийн түрүүнд газрын зураг олж аваад боломж бололцоогоороо тухайн газартайгаа танилцахаар гардаг. Европт очсон манайхан нэг машин түрээсэлж аваад хотоос хот, улсаас улсын хооронд аялаад ирлээ гэх нь бий. Хаа хүрэх нь, хэдэн км яваад аль хотод очих нь замын тэмдэг тэмдэглэгээгээр тодорхой. Монголд ирж байгаа жуулчдын хувьд үнэхээр өрөвдөм санагддаг. Албан ёсны компаниар мэргэжлийн хөтөч дагалдахгүй бол Монголын тал хээрээс хаанаас нь юуг ч олж үзмээр юм бүү мэд. Ядахад хөдөөгийн тэр олон замын учрыг өөрсдөө ч олдоггүй. Хөдөө байтугай Улаанбаатар хотод ч хаана юу байгаа нь тодорхойгүй зүйлс их байдаг. Гэхдээ өнөө жилийн хувьд ахиц дэвшил багагүй гарчээ. Хэл аманд ороод асуудал дагуулаад байсан Шөнийн гэрэлт гудамж төсөл монгол ахуй онцлогтой хотын амьдралыг гадныханд харуулахад ихээхэн дэм болсон гэдэг нь жуулчдаас авсан судалгаанаас тодорхой болсон. Гадныхны хувьд хотод оройдоо бүх зүйлээ хаагаад орж гарах газаргүй болчихдог гэсэн гомдол санал гаргадаг байсан жуулчид саатах газартай болсон нь сайн хэрэг. Манай залуус ч ихээхэн сэтгэл хангалуун байсан нь анзаарагдаж байсан.“Нийслэлийн аялал, жуулчлалын газраас гарт баригдахаар хэд хэдэн ажил хийсэн нь бидэнд ихээхэн нэмэр болж байна. Одоо дахиад тодорхой болгох ажлууд ч байна” гэж аялал, жуулчлалын салбарт ажилладаг хэд хэдэн хүн онцолж байсан. Ямартай ч, нийслэлд газардсан жуулчин гартаа барих Улаанбаатар хотын газрын зурагтай болжээ. Нугалбал 18см*9см хэмжээтэй, дэлгэхээрээ АЗ цаасны хэмжээтэй болдог яг л гадны жишигт нийцсэн газрын зураг аж. Хотын аялал, жуулчлалын гол газрууд, Энхтайвны өргөн чөлөө хавийн газруудын зураг, бас Тэрэлжийн бүс нутгийн мэдээллийг бүрэн багтаасан байна. Бас аялал, жуулчлалын бүхий л мэдээллийг багтаасан хөтөч номыг гаргасан байна. Соёл урлагийн үзвэр нь юу байх юм, ЭСЯ-д, түргэн тусламж, цагдаа гээд шаардлагатай утасны дугаар, түүхэн дурсгалт газруудын мэдээлэл, автобусны тасалбар хэрхэн авах зөвлөмж, жуулчдад зориулсан хөтөлбөрийг багтаасан хөтөч ном жуулчдад хэчнээн чухал билээ. Уг нь аялал, жуулчлалаа хөгжүүлэх тухай ярьдаг улс оронд байх ёстой зүйл ч манайд олон жил хаягдаж ирсэн энгийн зүйлс эхнээсээ бий болсон нь сайн хэрэг.Мөн хотын гудамжинд хаашаа явбал хаана хүрэхийг сануулсан тэмдэг тэмдэглэгээ монгол, англи хэлээр бичээд босгочихсоныг зарим хүн анзаараагүй байж болох юм. Явах газраа сайн мэддэг хүмүүсийн хувьд анзаарагдах зүйл биш л дээ. Гэхдээ манай хотод анх удаа ирж буй жуулчдад тун чухал. Гаднын оронд очоод бидний хамгийн түрүүнд хайдаг самбар тэр байдаг болохоор ийм замчтай болсонд олзуурхаад байгаа юм. Уг нь энэ бүхнийг хийхэд тийм их төсөв, хөрөнгө орохгүй, шийдэхэд хэцүү зүйл биш л дээ. Гэхдээ яагаад ч юм аялал, жуулчлалыг хөгжүүлж мөнгө олно гэж 20 гаруй жил ярьсан мөртлөө манайхан хийчихдэггүй л байсан зүйл. Ер нь аливааг хийхэд их хөрөнгө гэхээсээ сэтгэл, хандпагын ялгаа л гараад ирэхэд ихээхэн өөр болдог. Бид гаднын оронд аялж байхдаа иргэдээсээ өөр төлбөр, гадных гээд биднээс өөр төлбөр авбал ямар их эгдүүцэх бол. Гэтэл ичмээр ч манайхан гадныханд тэгж л ханддаг. Байгалийн цогцолбор газар руу нэвтрэхэд авдаг хураамж нь өөр. Жуулчдын фургоныг анаж зогсоогоод хүн тус бүрээс 3000 төгрөгийн хураамж авдаг. Ганданд хүссэн хүн нь орж гараад явдаг ч гадныхан мөнгө төлөх ёстой. Жанрайсэг рүү ороход зураг авбал 7000 төгрөг нэхдэг. Тэгсэн атлаа хажууд нь монголчууд ямар ч хураамжгүй зураг дараад байхаар нөгөө хэд нь гайхсандаа асуудаг гэж байгаа. Хөөрхий хөтөч хэлэх тайлбараа олохгүй. Музейд гэхэд дотоодын иргэн, гадаадын жуулчдын үзэх төлбөр тэнгэр газар шиг зөрүүтэй. Аялал, жуулчлалын салбараа үнэхээр л хөгжүүлье гэвэл энд тэнд очихдоо яадаг билээ, бидэнд яаж хандвал хэрхэх бол гээд бодчихмоор юм билээ. Аялагчид аль ч орноос буцахдаа татварын буцаалтаа авдаг. Их, бага авах нь хамаагүй, нисэх онгоцны буудалд дугаарлаж зогсоод татварын буцаалтаа авдаг нь жуулчлах үйл явцын нэг хэсэг нь болж байдаг. Нөгөө талаасаа татварын буцаалттай улсад худалдан авалт ихэсч үлдэх валютын хэмжээ бүр ч илүү байдаг гэж үздэг. Харин манайх бусдаас ихээхэн өөр болохоороо өгдөггүй. Өөрсдөө бол сүүлийн жилүүдэд НӨАТ-ын татварын буцаалтаа авчихдаг болсон.
Харин гадныханд ялгамжтай хандсан хэвээр. Гэхдээ хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ байдпыг өөрчлөхөөр саналаа хүргүүлсэн нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм билээ. Энэ бол аялал, жуулчлалаа хөгжүүлж, мөнгө босгох гэж байгаа ямар ч улсад нэн түрүүнд шийдэх ёстой асуудал.Энгийн мэт боловч хамгийн эхэнд шийдэх ёстой олон асуудлыг хэзээ ч хөнддөггүй байсан бол одоо бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Үүнд талархмаар байна. Бас шийдэх зүйл олон байгааг сануулмаар байна. Саяхан нэг жуулчин Чингис хаан нисэх онгоцны буудлаас хот руу таксигаар хүргүүлэхдээ 100 мянган төгрөг төлсөн тухай пост сошиал орчинд их тархсан. Ер нь такси үйлчилгээ аялал, жуулчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Аюулгүй байдал, албан ёсны байх, хүссэн үнээ зохиож хэлдэггүй итгэлцэл гээд чухал зүйлс их. Гэтэл манайд захын жолооч хүссэн үнийг нэхдэг. Энэ нь эргээд Улаанбаатарыг, Монголыг тун ч ойлгомжгүй газруудын тоонд оруулж байдгийг сануулах нь илүүц биз ээ. Бас үзвэр, үйлчилгээний газрууд тэр дундаа музей, үйлчилгээний зарим газрууд амралтын өдрөөр зэрэгцээд амарчихдаг тогтолцоог халмаар байна. Жуулчны улирал буцаж байгаа боловч бид юуг хийж амжуулав, юу хийх шаардлагатай байгаагаа ярилцаж төлөвлөх нь чухал болов уу. Цаана чинь дэлхий тэр чигээрээ хавтгай болж, хүмүүс аялж, жуулчилж байна. Аялал, жуулчлалын салбараас мөнгө босгоно гэж бодож байгаа бол энэ эрчээ алдахгүй, шат дараалсан хийх ажил их байна шүү.
Э.Энэрэл
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.