Н.Номтойбаяр: Харамсалтай ослын талаар олон нийтэд ташаа мэдээлэл цацагдаж байна

150711020059d4ad382d35cОлон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд авто осол гаргасан хэмээн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт яамны тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан. Өдрийн 15.00 цагийн алдад Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан.

Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирсан ч гэсэн тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас эмч нарийн зөвлөл хуралдаж өвчтөнг хамгийн ойр байрлах тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хүргэх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Эрдэнэт хотод байрлах Япон, Монголын хамтарсан эмнэлэгт хүргэж шинжилгээ өгөөд дараа нь Эрдэнэтийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэхээр ор захиалсан байж. Ингээд эмч нарийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн өвчтөнийг Эрдэнэт рүү тээвэрлэлт хийх явцад нөгөө өвчтөн маань ухаан алдсан тул буцааж эмнэлэгтээ оруулсан. Үүнийг холбогдох эмч нараас нь асууж тодруулахад ясных нь бэртэл Эрдэнэт рүү тээвэрлэх хөдөлгөөний явцад гол артерийн судсыг хагалж, цус алдсаны улмаас зүрх нь зогсож тэр шөнөдөө  өвчтөн нас барсан.

Яагаад энэ мэдээллийг би хийх болсон гэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар намайг шөнө орой согтуугаар машин барьж яваад осол гаргасан гэх гүтгэлэг мэдээллийг өгөхөөр бэлтгэгдээд байгааг олж мэдсэн тул өнөөдөр энэ мэдээллийг өөрийн биеэр хийж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар бидэнд талийгаач Ч нь эхнэр хүүхэдгүй, 1971 оных. Мөн тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, жолооний үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэсэн мэдээллүүд байна. Энэ талаар би хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудснаа “Ноцтой осол гарлаа. 2018 оны төсөвт засмал зам дагуух сум, аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмжүүд олгох төсөв хөрөнгийн асуудлыг суулгах ёстой юм байна” гэж бичиж байсан. Нуугаад байсан юм байхгүй. Би тухайн үед өөрөө цагдаад дуудлага өгч ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн.

Дашрамд хэлэхэд Булган аймгийн эмнэлэг, эмч нарын чадамжийн буруугаас биш гагцхүү шаардлагатай тоног төхөөрөмж нь тус  эмнэлэгт байхгүй учраас талийгаач харамсалтайгаар нас барлаа.

Хэрэг явдалтай холбоотой гагцхүү үнэн зөв мэдээллийг хууль хяналтын байгууллага, эмнэлэг болон надаас тодруулаарай гэж сэтгүүлчдээсээ хүсье” гэлээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.