Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл буюу мөнгөний доор сөхөрсөн төр

215664-04102017-1507086246-1566094823-buuntsagaan - Манай нийтлэлийн дараа: “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоолоо –

 Үргэлжлэл.

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Их дугуйд алт олборлохоор очсон “Тулга жаргалант” компанийнхны балмад үйлдэл, тэдэнтэй хийж буй иргэдийн тэмцэл, уг уурхай ажиллавал Өлзийт, Байдраг гол, Бөөнцагаан нуур, цаашлаад говийн болон Төв Азийн экосистемд учруулах хохирлын талаар цуврал сурвалжилга бэлтгэж, алтны эрэлчдийн хууль бус үйлдлийг албаны хүмүүсийн яриагаар баталгаажуулснаа өмнөх дугааруудад нийтэлсэн билээ. Рамсарын конвенцод бүртгэлтэй Бөөнцагаан нуурын ганц амин тэжээл Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай савд алт олборлохыг эсэргүүцсэн манай нийтлэл холбогдох хүмүүсийн анхааралд хүрчээ.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол өчигдөр “Баянхонгор аймгийн Галуут суманд Өлзийт голын сав дагуу Их тойруу гэдэг газар хууль бусаар алт олборлох гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУЯ, АМГТГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөнцагаан, Орог нуурын экосистемд аюул учрах эрсдэл үүсэх тул уул уурхайн олборлолтыг таслан зогсоох ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

БӨӨНЦАГААНД НҮҮРЛЭСЭН АЮУЛ 2: “БУХ”-НЫ ЭРЭЛ

Бидний очсон дараагийн газар Бөмбөгөр сум. Бөмбөгөр бол уул уурхайнхны хөлд хамгийн их сүйдсэн нутаг. Тэнд өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний газарт, хэдэн хүн, компани алт олборлосныг бүү мэд. Хаашаа л харна ухсан нүх, овоолсон шороо. Нутгийн иргэд алтгүйгээр амьдралаа төсөөлөхөө нэгэнт больжээ. Бодлого, шийдвэр гаргагчид ч үүнийг нь андахаа байж. Сонгуульд нэр дэвшигчид Бөмбөгөрт очихдоо “Бичил уурхайг дэмжинэ” гэсэн амлалт өгөхгүй бол санал авахгүй гэж биднийг замчилсан залуу хэлсэн.

Бөмбөгөр бол уул уурхайнхны хөлд хамгийн их сүйдсэн нутаг

Айл бүр унагалдай (жижиг оврын экскаватор), хуурай аргаар алт ялгагч, алт хайгч, түүнээ ачих машинтай гэж замын хүнээс сонссон минь арай л дэгс аж. Харин 3-4 айл дундаа алт олборлох иж бүрдэл техниктэй байдаг тухай нутгийнхан хэлэв. Хамаатан садан, танил талаараа нийлээд ийм иж бүрэн текниктэй болчихвол тэдний хувьд амьдралын баталгаатай болж, зорилгодоо хүрсэн хэрэг гэнэ билээ. Тэгээд “бух”-ны эрэлд гарна даа.

Тэднийг ийм байлгах нь тодорхой хүмүүсийн эрх ашигт нийцдэг ч юм шиг сэтгэгдэл төрсөн. Алт хайгч барьж, унагалдай “хөтөлсөн” нутгийн иргэд дуртай газраа ухаж, түүгээр нь далимдуулан нөхөн сэргээлт нэрээр алт олборлох нь зарим нэгний амар хялбар аргаар ахиухан мөнгө олох арга болжээ.

БӨӨНЦАГААНД НҮҮРЛЭСЭН АЮУЛ 3: МЭДЭН БУДИЛЖ ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД

Өлзийт гол дагасан уул уурхайг сурвалжлахаар яваагаа хэлж, сумын Залуучуудын холбооны залуусаар газарчлуулсан юм. Сумын төвөөс гол хүртэлх 10-аад км замд хэчнээн ч ухсан нүх, овоолсон шороо таарав. Малчид үнэхээр уул уурхайд шахагджээ. Алтны эрэлчдийн сэндийлээд орхисон нүх, овоолсон шороон дээр буусан айл ч байв. Зам заасан залуу “Энэ түүний ухсан газар, тэр үүний ухсан газар” гэж зогсоо зайгүй тайлбарласаар Бөмбөгөр сумын Улаансайрын I багийн нутаг, Гүний аманд ирэв. Тэнд ямар ч бичиг баримтгүй, ашигт малтмал ашиглах нь бүү хэл, нөхөн сэргээлт хийх ч зөвшөөрөлгүй, “Памбагын уурхай” гэхээс өөр нэргүй уурхай Өлзийт голоос усаа шууд татан, хүрзний ир хүрээгүй эрүүл дэнжийг хайр найргүй ухаж байв.

Сэтгүүлчид, сумын залуус ирсэн сургаар нутгийн иргэд ч цуглаж, бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад уурхайн даамал Мөнхсайхан “Та нар хэзээ Өлзийт ээж минь гэж боддог байсан юм бэ. Та нарын дунд алт ухдаггүй хүн байна уу. Өөрсдөө биш юм гэхэд ах, дүү нар чинь ухаж л байгаа шүү дээ. Бид бүгдийг чинь мэднэ” хэмээн загнаад ам ангайлгасангүй. Харин сэтгүүлчдэд “Манайх “Одод гоулд” компанийн охин компани. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газраа олборлож байна. Бичиг баримт зургаан км-ийн цаана “Одод гоулд”-ын уурхайд байгаа” гэв. Заасан газарт нь очиход компанийн ажилтан “Тэднийх манайхтай ямар ч хамаагүй.

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газраа олборлож байна

Харин аймгийн Засаг даргатай холбоотой гэсэн шүү” хэмээн ам таглаад гаргалаа. Баянхонгороос хот руу буцах замдаа хэрэг болгож аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай уулзахад “Гүний аманд ажиллаж буй компани манайхтай ямар ч гэрээ байгуулаагүй. “Одод гоулд” гэдэг компанийн туслан гүйцэтгэгч гэсэн. “Одод гоулд” Өлзийт гол дагуу, эргээс 50 метрээс багагүй зайд таван газарт олборлолт явуулна гээд бичиг баримтаа бүрдүүлж яваа. БОАЖЯ болон манай аймаг гарын үсэг зурчихвал таван талт гэрээ нь батлагдана.

Тэгээд Гүний амны компанитай гэрээ байгуулж, хамтран ажиллах юм гэнэ билээ” хэмээлээ. Ингээд Гүний ам хэмээх эрүүл сайхан дэнжийг орвонгоор нь эргүүлж буй компани “Одод гоулд”-ын туслан гүйцэтгэгч мөн үү, биш үү гэдгийг мэдэж чадсангүй хоцров. Мөн байлаа ч, толгой компани нь бичиг баримтаа бүрдүүлээгүй байхад туслан гүйцэтгэгч нь бүхэл бүтэн дэнжийг ухаад дуусгаж буй нь гарцаагүй хууль зөрчсөн үйлдэл. Өөр нэг зүйл гэвэл, толгой компани бичиг баримтаа бүрдүүлээгүй, хамтран ажиллах гэрээ ч байгуулаагүй байж газраа ухуулаад дуусгана гэж үү. Иймэрхүү мэдэн будилсан, нэгнээ өмгөөлж хамгаалсан, үүгээрээ хууль бус үйлдлээ халхавчлагчид Өлзийт голоор дүүрэн.

БӨӨНЦАГААНД НҮҮРЭЛСЭН АЮУЛ 4: НӨХӨН СЭРГЭЭЛТ НЭРТЭЙ НЭМЭН СҮЙТГЭЛ

Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл гэгчийг аймгийн Засаг дарга өгдөг. Уг зөвшөөрлийг аймгийн өмнөх Засаг дарга Д.Жаргалсайхан 2012 оноос өгч эхэлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн учраас энэ ажлыг АТГ хоёр ч удаа зогсоож байж.

Гэтэл шинэ Засаг дарга Г.Батжаргал ажлаа авангуутаа хууль бус зөвшөөрлийг үргэлжлүүлж, энэ онд 28 компанид олгожээ. Орон нутаг хөгжүүлэх санд доод тал нь 100 сая төгрөг тушаахаас өөр шалгуур эдгээр компанид тавиагүй учраас нөхөн сэргээлт хийх туршлагагүй, дараа нь хариуцлага хүлээх чадваргүй, амар хялбар аргаар, илүү зардал гаргахгүйгээр голын ай саваас алт олборлох гэсэн этгээдүүдэд боломж олгов.

Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авсан компаниудаас хоёр нь эрүүл газар сүйтгэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулж, дөрөв нь мөнгөө төлж чадаагүйн улмаас үйл ажиллагаа явуулаагүй. Үлдсэн 22 нь Өлзийт гол дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт нэрийн дор голын ай савд, ашигт малтмал, байгаль орчны болон усны тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчин, алт олборлож, нөхөн сэргээх бус нэмэн сүйтгэж буй хэрэг. Тэд ухсан нүхээ буцааж булснаа нөхөн сэргээлт гэнэ. Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авахад төлөх босго төлбөр 100 сая төгрөг. Сонгон шалгаруулалтад өндөр үнэ хэлсэн нь зөвшөөрөл авдаг бөгөөд 600 сая төгрөг өгсөн компани ч бий гэсэн.

Ингэж мөнгөө төлөөд юу ч хийж болно гэж ойлгосон алтны эрэлчид эрүүл газар сүйтгэх нь хэрээс хэтэрсний нэг нь Өлзийт голын Сүүдэрт хэмээх үзэсгэлэнт тохойд алт олборлож буй “Сайхан байгаль” компани. Багийн даргатай хуйвалдан, Иргэдийн нийтийн хурал хуралдаагүй байхад хуралдсан гэсэн хуурамч тогтоол гаргуулсан уг компани нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй хэрнээ эрүүл газар ухаж байна билээ. Тэгэхдээ мөн л голын ай савд, онцгой хамгаалалтын бүсэд шүү.

БӨӨНЦАГААНД НҮҮРЛЭСЭН АЮУЛ 5: БОХИРДОЛ, ХИМИЙН ХОРТ БОДИС

Хууль хяналтын байгууллага мөнгөтэй талд нь үйлчилж, тэдний хийсэн хууль бус үйлдлийг нутгийн иргэдийн буруу болгож өөрчилдөг арга Баянхонгорт газар авчээ. Хутга барьж, хүний амь насанд заналхийлсэн этгээдийг эмнэлэгт хэвтүүлж, нутгийн иргэдийг цагдаагийн үүд сахиулж буй талаар өмнөх дугаарт мэдээлсэн. Үүнтэй төстэй явдал өнгөрсөн хавар Бөмбөгөр суманд гарч. Тус сумын III багийн иргэн Төрсайхан мөнгөн ус ашигласан уурхайн талаар цагдаад гомдол гаргасныхаа хариуд өөрөө хэрэгтэн болох шахсан байна.

Тэрбээр “Өлзийт голын хөвөө Эцгийн усны ам гэдэг газар ажиллаж байсан “Т энд Т юникс” компанийн уурхайн усан бууны шламыг нутгийнхан авч угаасан юм. Тэгэхэд манай эхнэр хүмүүс дагаж очоод хэсэг шороо авчирснаас төмөр шиг зэвхий өнгөтэй алт гарав. Түүнийг алт авдаг хүмүүст үзүүлэхэд “Мөнгөн устай юм байна” гэхээр нь аймгаас цагдаа дуудчихсан чинь өөрөө буруудах шахсан. Уурхайн дарга Ганбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст дарга нь юм шиг нэг өрөө эзэгнээд суудаг юм билээ. Тэр намайг мөнгөн ус асгасан гэж гүтгээд, “Чамайг манай манаач харсан байна билээ” гэсэн. “Та нар явж бид нутагтаа үлдэнэ.

Би тэгж нутаг орноо, өөрийгөө, үр хүүхдээ хорлохгүй” гэхэд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ганзориг “Чи аймгийн дарга нараас уучлалт гуйж “Мөнгөн ус барьж яваад бүдэрч унаад асгачихлаа” гээд хэлчих. Торгууль шийтгэлийг нь компанийнхан зохицуулна” гэсэн. Тэгэхэд нь би “Хийгээгүй хэрэг хүлээж, нутаг усныхныхаа өмнө буруутан болж, нэр төрөө алдмааргүй байна” гээд зөвшөөрөөгүй. Миний утсыг хурааж аваад, ийш тийш нь холбоо бариулахгүй, хоол ундгүй өдөржин зогсоосон. Сүүлд Бууцагааны хэдэн залуу шламыг нь авахад усан бууных нь доор зөндөө их мөнгөн ус мэлтэгнэж байсан гэсэн” хэмээв.

Аж төрдөг газар нутаг, уудаг усанд нь үхлийн хортой мөнгөн ус шингээж буйд эмзэглэсэн нутгийн иргэд өнгөрсөн хаваржин аймгийн удирдлага, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг нь олуулах гэж хөөцөлджээ. Химийн хорт бодисоор нутаг усыг нь хордуулж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулсан, тэгээд өөрсдийг нь гүтгэсэн компанийг эсэргүүцэж, нутгийн 100-гаад хүн цуглахад уурхайн дарга Ганбаатар “Бид жаахан мөнгөн ус цацчихсан юм” хэмээн ам алджээ. Компаниас мөнгө нэхэхийн тулд санаатайгаар химийн хорт бодис асгасан хэрэгт гүтгүүлсэн нутгийн иргэд энэ талаараа аймгийн Засаг даргад гомдоллоход “Буруутай хүнийг нь олсон. Бууцагааны хүн хийсэн байна билээ” гэсэн бол хэд хоногийн дараа аймгаас ирсэн цагдаа “Эндээс авсан дээжээс мөнгөн ус илрээгүй” хэмээснээр энэ хэрэг замхарчээ. Нутгийг иргэд ч хэл ам хийж хөөцөлдвөл өөрсдөө шоронд орох нь гэж эмээн дуугаа хураасан байна.

Мөн өнгөрсөн хавар “Т энд Т юникс” компанийн уурхайн ойролцоох айлуудын малын үс халцарч, цөөнгүй мал хордсон шинжтэй үхэхэд уурхайнхан “Бид 4-5 кг угаалгын нунтаг хэрэглэж, машин техникээ цэвэрлэдэг. Түүнээс хордсон байх” гэжээ. Мөнгөн ус, мал хордуулж үхүүлдэг үл мэдэх бодис хэрэглэдэг уг компани энэ зун буурь сэлгэн Жугамын ам хэмээх газрыг ухаж байна билээ. Визийн зөвшөөрөлгүй хятад ажилчид авчирсан, голоос шууд усаа татдаг, эрэгт тулгаж олборлолт хийдэг гээд байж болох бүх л зөрчил гаргасан уг компанийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрынхны хамгаалалтад байдаг гэж нутгийнхан хэлнэ лээ.

Мөнгөн ус, мал хордуулж үхүүлдэг үл мэдэх бодис хэрэглэдэг уг компани энэ зун буурь сэлгэн Жугамын ам хэмээх газрыг ухаж байна билээ

Энэ мэтээр хуулийг гууль болгож, алт л олж байвал яахаас ч буцахаа больсон цэвдэг сэтгэлтнүүд Өлзийт голын хөвөөгөөр дүүрчээ. Гол дагаад хоорондоо 4-5-хан км-ийн зайтай байрласан алтны уурхайнууд бүгд голоос ус соруулан шороогоо угаах бөгөөд шламны нуур нь яг голын эрэгт. Заримынх нь шламны нуураас гол хүртэл бохир ус урссаар, зам татуулсан харагдав. Нутгийн иргэдийн амнаас “Уурхайнхан харанхуй болохоор шламны нуураа сэтэлж, бохир усаа гол руу урсгаад, гэгээ орохоос өмнө экскаватороор түрэн нуураа битүүлж, ул мөрөө балладаг” гэх үг нэг бус удаа сонссон.

Уг нь уурхай шламаа тунгааж, бохир усаа хэдэн дамжлага дамжуулан цэвэршүүлж, дахин ашиглах ёстой бол Өлзийт гол дагасан уурхайнуудад тэгж дамжуулан цэвэршүүлэх нуур байхгүй. Усаа дахин ашиглахгүй, цэвэр ус голоос татаад, тэр их бохир усыг ганц жижиг нуурт хэрхэн багтаадгийг сонирхоход “Газрын хөрс рүү шингэж байгаа” гэсэн хариулт өгөх хүн ч байв. Голын онцгой хамгаалалтын бүсэд нуур байгуулчихаад шүү.

Ийм 25 уурхай (нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй 22, ашиглалтын зөвшөөрөлтэй гурав) Өлзийт голын ай савд бий гээд бод доо.

Үргэлжлэл бий.

Х.Уянга

Өнөөдөр сонин


URL:

Нэр: best essay writing service australia Огноо: 21 July 2018

Dans sa peau mourra le loup (ou le renard).

Сэтгэгдэл бичих