Албан тушаал эрх мэдлийн ард иргэдийг басамжлах, тохуурхах бүрэн эрх дагалддаг байж болохгүй Б.Ундармаа гишүүн ээ

Орчин цагийн бүсгүйчүүд байхгүй юмгүй болчихоороо өөрийгөө сэхээтэн, өндөр дээд зэрэглэлийн, хэн бүхэнтэй дүйх ёсгүй мэтээр ойлгодог бололтой. Гэхдээ ийм нэг сэхлүүн өнгө арай нэг хэтэвч зузаан бийлэгжүү хүүхнүүдийн дүрд тохирдог болоод удсан. Ийм хэсэг бүлэг бүсгүйчүүдийн нэг “Бишрэлт”-ийн гэгддэг хатагтай Б.Ундармаа. Түүнд одоогоор байхгүй юм гэж алга. Хүн чанар, хүнийг гэсэн халуун сэтгэлээс бусад нь бүгд байна.

Түүний хүн чанар, мөн чанарыг энд дурдсаны учир нь “Бишрэлт” группийн охин компани болох “Wellmart” хүнсний сүлжээ их дэлгүүрийн хохирогчидтой холбоотой асуудал дахин босч байгаа учраас төр түшилцэж буй түүнийг ийн гайхсан хэрэг юм. Тэрбээр хэтэрхий гэмээр хүйтэн сэтгэл гаргаж хүн чанар гаргаж өөрийнх нь үгийг дагаж бизнесийг нь дэмжсэн худалдаа эрхлэгчдээ гомдоожээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 07-ны шөнө тус худалдааны төвийн хоёрдугаар давхрын 40 орчим лангуу бүхэлдээ галд автаж лангууг түрээслэн худалдаа эрхэлдэг байсан 36 хүн 20-100 гаруй сая төгрөгөөр хохирсон байдаг. Гэтэл эдгээр 30 гаруй худалдаачдийн тоолбол 10-аадхан хүнтэй нь тохиролцож тус бүр 2 сая төгрөг өгч хохирол барагдуулсан нэр зүүгээд хоёр сар Wellmart-д түрээсгүй лангуун дээр бараагаа борлуул хэмээн тохиролцож үүнийгээ нотариатаар хүртэл баталгаажуулжээ.  Гэтэл УИХ-ын гишүүн эрхэм хатагтай даварч аманд нь багтсан өнөөх хэдэн наймаачдыг дахин гарах гарц сонгох сонголтгүй болгож байна. Юу гэвэл Хоёр сар түрээсгүй мөнгө олсон учраас ирэх долоо хоногоос эхлэн түрээс төлөөгүй хоёр сарынхаа төлбөрийг төлж барагдуулах зарлиг гаргажээ.

Ийм байж болох уу. Wellmart-ийн ихэнх түрээслэгчид галын улмаас хохирсон хохирлоо өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй байна. Наймаачид бүгд хадгаламж зээлийн хоршоодод болон арилжааны банкны зээлтэй учир сөхөрч унахаа хүлээж байхаар хажууханд нь үйл ажиллагаа явуулж байгаа “Оргил” худалдааны төвд лангуу түрээслэх нь түрээслэсэн бол зарим нь “Нарантуул” худалдааны төвийг бараадаж үлдсэн хэсэг нь арга буюу шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. Тус худалдааны төвийг зориод очиход эль хуль. Энд тэнд ганц нэгхэн настай эмэгтэй хүн тонголзон бараагаа өрж ганц нэг хүний хөлийн чимээнээр лангуу руугаа урин дуудаж ганц ширхэг оймс ч болов борлуулахыг хичээх нь өрөвдөлтэй. Тус төвийг хаалгаа нээж эхэлсэн цагаас нь л түрээсээ сар бүр тасралтгүй өгч өнөөдрийг хүргэсэн гэх А-тай цөөн хором ярилцлаа.

Тэрбээр “Худалдааны төв хотын захад болоод ч тэр үү, худалдан авагч муутай. Ихэвчлэн яаруу сандруу яваа ганц нэг хүн үйлчлүүлээд гардаг. Тэтгэвэрт гарсан учраас зүгээр сууснаас арай дээр юм болов уу гэж бодож удирдах шатныхантай нь тохиролцоод дахин орж ирсэн. Худалдааны төв шатсанаас хойш үйлчлүүлэгчдийн болон түрээслэгчдийн тоо маш их багассан. Энд тэнд 10 хүрэхгүй лангуу л онгойж байгааг харж байгаа биз. Эгч нь охиныхоо хамт хоёр лангуу түрээслэдэг. Гал гарсан орой 2 сая гаруй төгрөгийн бараагаа авч гарч чадсан учраас хохирол барагдуулж байгаа гэх 2 сая төгрөгийг нь аваад түрээсийнхээ хэлбэр дээр тохироод орж ирсэн. 2 сая бүү хэл 20 мянган төгрөгний ч бараа авч гарч чадаагүй түрээслэгчид олон бий. Тэдний ихэнх нь 2-3 лангуу эзэмшдэг. Нэлээд их хэмжээний бараатай байсан. Тийм хүмүүс 2 сая төгрөг аваад тохирох боломжгүй. Гэтэл одоо болтол шүүхээр асуудал нь шийдэгдэхгүй явсаар л байна. Миний хувьд өмнө нь мөн “Бөмбөгөр” худалдааны төвд гарсан галд бараа материалаа алдаж байсан. Хохирлоо барагдуулах гэж ямар их цагдаа шүүхийн үүд хаалга сахьдаг, ямар олон өдөр хоног алддаг вэ, банкны өр зээлтэй хүмүүс хэрхэн хохирдог вэ гэдгийг махандаа тултал ойлгосон учраас өгч байгаа мөнгийг нь үг дуугүй аваад ажлаа үргэлжлүүлэх нь чухал гэж бодсон. Бид чинь бүгд банкны зээлтэй. Байрны төлбөр төлдөг хүмүүс. Амьжиргаагаа залгадаг энэ ажил галд үнс болбол үр хүүхэд, хань ижилтэйгээ гудамжинд гарснаас ялгаагүй болдог. Уг нь бол цагдаагийн байгууллагааас худалдааны төвийн  норм нормотив нь Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл яагаад одоог хүртэл ахиц гарахгүй байна вэ гэдэг нь ч хачирхалтай. Цөөн хэдэн тохиролцож орсон түрээслэгчдээ мөн өнөөдрөөс эхэлж дарамталж гарцаагүй байдалд оруулж эхэллээ. “Хоёр сар түрээсгүй суу” хэмээн маргааныг дарчихаад одоо хоёр сарынхаа түрээсийн мөнгийг нөхөж авна гэх юм. Эхний шийдвэр чинь зөвхөн гал унтраах асуудлыг намжаах, түрээслэгчдийг төөрөгдүүлэх гэсэн башир арга байсан юм уу” гэсэн юм. Мөн тэрбээр “Худалдааны төвийн тааз бүхэлдээ шатсан учраас засвар үйлчилгээ хийхэд бэрх байсан байх. Таазыг бүхэлд нь хараар будчихсан учраас ямар ч гэрэл гэгээ, өнгө үзэмжгүй. Тийм болохоор хэдий гэр хорооллын дунд байдаг худалдааны төв ч гэлээ хүмүүс гоё ганган, тансаг зүйлд дуртай болсон. Харанхуй газар руу орох сонирхолгүй байдаг юм байна. Түрээсгүй хоёр сар наймаа хийсэн ч борлуулалт зогссон. Мэдээж худалдааны төвийн барилгын хувьд хоёр давхар нь бүхэлдээ шатсан ч иргэд шиг амин зуулгаараа хохироогүй. Хэдэн сав будаг, шохой л зарцуулсан байх. Одоо харин түрээслэгчдээ бодвол сайхан л байна” хэмээсэн юм.

Б.Ундармаа гишүүн ээ, 30 гаруй түрээслэгчдийнхээ зовлонг үүрэлцэж хариуцлагаа ойлгож ухамсарлаагүй бизнесмэн танд төрийг түшилцэх эрх байна уу. Иргэнээ бодсон ухамсарт шийдвэр таниас гарах уу. Галд байдгаа алдчихсан 40 хүний амьдралыг бодохгүй яваа танд УИХ-гишүүн байх эрх бий юу.  Албан тушаал эрх мэдлийн ард иргэдийг басамжлах, тохуурхах бүрэн эрх дагалддаг байж болохгүй Б.Ундармаа гишүүн ээ.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих