Эх орондоо “саатуулагдсан” элчин сайд нар

page1-img5-124123-662162898ТАВАН ЭЛЧИН САЙД ЯАГААД МОНГОЛДОО ТАГ СУУГААД БАЙНА ВЭ

Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах шийдвэр гаргасан.

Тэдний оронд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулсан билээ.

Тавдугаар сарын 25-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ё.Отгонбаярыг 100, Л.Пүрэвсүрэнг 60.4, Д.Ганбатыг 78.4, А.Баттөрийг 88.2, Н.Чимгүүндарийг 96, Г.Тэнгэрийг 96.1 хувийн саналаар томилохдоо УИХ-ын гишүүд “Манай оронтой нягт холбоотой ажилладаг гуравдагч хөршийн статустай орнуудад суух Элчин сайд нар томилогдлоо. Эдгээр оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаарай” хэмээн захиж байв.

Гэтэл Элчин сайдууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь бүү хэл томилогдсон орондоо ч очиж чадалгүй сураг тасраад таван сар шахам хугацааг үдэж байна. Дээр дурдсан зургаагаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон бөгөөд бусаднь хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээж сууна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт голлох байр суурь эзэлдэг, манай улс гадаад бодлогодоо гуравдагч хөрш хэмээн тодорхойлдог АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц зэрэг оронд Монгол Улсыг төлөөлөх, тэнд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах хүнгүй зун, намрыг үдээд, өвөлтэй золгож байна гэсэн үг.

Элчин сайдуудыг томилогдсон орон руу нь илгээж, ажилд нь яагаад оруулахгүй өдий хүргэсэн талаар сураглахад “Элчин сайдыг томилсны дараа Гадаад харилцааны яамнаас тухайн орон руу албан ёсоор агреман (Элчин сайдаар томилсон хүнээ танилцуулж, хүлээж авах, эсэхийг нь асуун, зөвшөөрөл хүсэх бичиг) илгээдэг. Манайхаас илгээсэн агреманы хариуд АНУ, Япон, ХБНГУ, Канад, Швейцарь, Франц манай улсаас томилсон Элчин сайдыг хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдэж, зөвшөөрсөн агреман ирүүлсэн. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байгаа” гэсэн мэдээлэл олдов.

“ТОМИЛОГДСОН ОРОНДОО ОЧИЖ Ч АМЖААГҮЙ ЭЛЧИН САЙДАА СОЛИХ НЬ МАНАЙ УЛСЫГ ГАДААД ЕРТӨНЦӨД ЭВГҮЙ ХАРАГДУУЛНА”

Таван Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй гацааж буй шалтгаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлаагүй ч Канад улсад суух Элчин сайдаар томилогдсон Н.Чимгүүндарийг өөрчлөх саналтай байгаа гэх албан бус мэдээлэл бий. Парламентаараа хэлэлцэн Элчин сайдаар томилж, түүнийгээ хүлээж авах, эсэхийг нь харилцагч орноосоо асуучихаад, цаад улс нь зөвшөөрөөд байхад итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй удаах, томилсон хүнээ дахин солих явдал өмнө нь гарч байсан, эсэх, ингэх нь Монгол Улсын гадаад харилцаанд ямар нөлөөтэй талаар үе дамжсан, туршлагатай дипломатч Жаргалсайханы Энхсайханаас тодрууллаа.

Монголын орчин цагийн гадаад харилцааны түүхийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг тэрбээр “Ийм явдал манай гадаад харилцааны түүхэнд өмнө нь гараагүй. Олон улсын практикт ч ийм зүйл гарсныг сонсож байсангүй. Хэрэв Ерөнхийлөгч тухайн хүнийг солих шаардлагатай гэвэл хууль, эрх зүйн талаасаа болохгүй зүйлгүй. Элчин сайдыг эргүүлэн татах, томилох нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ томилоод, явуулж ч амжаагүй Элчин сайдаа эргүүлэн татах нь манай улсыг гадаад ертөнцөд тун эвгүй харагдуулна” гэв.

“Харилцагч улсууд агреманаа ирүүлчихээд байхад Элчин сайдаа явуулахгүй ингэж удаасан түүх олон улсын дипломат харилцааны түүхэнд байхгүй. Энэ бол бүдүүлэг, ичгэвтэр явдал” гэж ахмад, туршлагатай дипломатчид хэлж байна.

ЭЛЧИН САЙД ГЭЖ ХЭН БЭ

“Улсаа төлөөлөн гадаад оронд сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цол бүхий албан тушаалтан юм. Монгол Улсад хуулийн дагуу Элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эргүүлэн татдаг.

Элчин сайдын үндсэн зорилго, үйл ажиллагаа бол албан ёсоор өөрийн улсын эрх ашгийг хамгаалж, удирдлагыг төлөөлөх юм. Мөн Элчин сайд нь суугаа оронтой улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тухайн улсад буй өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаална. Албан үүргээ ямарваа саад бэрхшээлгүй биелүүлэхийн тулд суугаа орныхоо төрийн байгууллагуудтай харилцахаас гадна тухайн орны улс төрийн сөрөг хүчин, олон нийтийн байгууллагуудтай харилцах эрхтэй байдаг” хэмээн чиг үүрэг, хариуцлагыг нь тодорхойлжээ. АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц зэрэг улсад энэ чиг үүргийг хэрэгжүүлж, Монгол Улсыг төлөөлөх хүнгүй байх нь зүгээр үү, Ерөнхийлөгч өө.

Х.Уянга

 Өнөөдөр сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 October 2017

наад томилогдсон хүмүүс дотор чинь томилогдсон улсдаа өмнө нь хар ажил хийж байсан, аль эхнэрээ дагуулж явахаа мэдэхгүй байгаа хүн байхад юун дипломат архичин тамхины наймачин хүртэл байгаа тул Баттулга ерөнхийлөгч явуулахгүй байгаа биз

Нэр: Zochin Огноо: 13 October 2017

Chimguundari gedeg ni hen be? Godgonoson ohin duuldanalee, ter butehgui baihaa,

Нэр: Anonymous Огноо: 14 October 2017

уул нь яаж ч бодсон шинээр томилогдсон ерөнхийлөгч томилж явуулбал Монголд хэрэгтэй баймаар юм. Элбэгдорж буухын хооронд юун хүний өмнөөс элчин сайд томилдог юм. өөрийгөө дахиад ерөнхийлөгч болно гэж бодоогүй л байлтай. авилгал л аьаа биз дээ. бүгдийг нь дахиад томил

Нэр: Ts Огноо: 14 October 2017

Erunhilugchin buren erh, Undsen huuliin daguu iamarch ued eguulen tatah erhtei

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.