Сөрөг хүчний сүр хүч

527-1508200201b2c09c8d334864121097750dadfcde3f8d312288- Учир нь тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход замыг нь төдийгүй заяаг нь засаж, улс төрийн том дэмжлэг болсон. Цаашид тогтвортой ажиллах эсэх нь тус бүлгийн байр сууриас тодорхой хэмжээнд хамаарах учраас дургүйцлийг нь хүргэхээс зайлсхийх болов уу. Чухам ийм учраас л энэ удаад Ардчилсан намын бүлэг сүр хүч бүхий сөрөг хүчин болж томорлоо-

Ардчилсан нам парламентын түүхэнд бараг анх удаа сонгодог утгаар сөрөг хүчин болоод байгаа нь энэ удаа юм. Хуульд зааснаар парламентад найм болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй. Хэрэв суудлын тоо нь 39 буюу олонход хүрээгүй бол тухайн бүлэг албан ёсоор сөрөг хүчин.
Туг ч барих, тугал ч хариулах тавилангаа дагаж тус нам төрийн эрх барьж, барилцаж ирсэн, мөн ялагдаж, ядарч ч үзсэн намтартай. УИХ-ын 2000 оны сонгуулиар навс ялагдахдаа бүлэг байгуулах нь байтугай таягтаа тулж ч үзсэн. Түүнчлэн 2004 оны сонгуулиар цөөнх болох үедээ яг өнөөдрийнх шиг дангаараа сөрөг хүчин болж байгаагүй учраас энэ удаагийнх илүү онцлогтой.
УИХ-д олонх болсон үедээ ч, түүнчлэн 2012 оны сонгуулиар олон суудал авч Засгийн газар байгуулах эрхийг авсан он жилүүддээ ч тэд эвлэрч, эвлэлдэж чадаагүй гэдгийг бүгд л харсан. Үүнийхээ горыг ч өөрсдөө хангалттай хүртэж, хашир суувал суухаар болсон билээ. Үнэхээр ч тэд хашир суужээ гэмээр хачин эв нэгдэлтэй сөрөг хүчнийг байгуулчхаад өнөөдөр эрх баригчдын хагарал дээр улс төрийн тоглолт хийгээд сууж байна.
МАН-ын 65 суудалтай олонхын бүлэг хагаралдсанаасаа болоод Засгийн газраа унагахад сөрөг хүчний есөн санал шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж амжсан. Эрх баригч намын бүлэг дотроо 33 ба 32 гэсэн харьцаагаар хуваагдаж, хүч тэнцүү шахам хайнцах болсон өнөөгийнх шиг нөхцөлд “эвдрэлцсэн” 65-ын маргааныг хэнийх нь талд шийдэхийг “эвлэсэн” ес л мэдэх хэрэг. Хэрэв цаашид МАН-ын бүлэг эв нэгдлээ хангаж чадахгүй, өнөөдрийнх шиг хоёр тусдаа удаан явбал тэдний хувь заяаг сөрөг хүчин нь шийддэг болох магадлалтай гэсэн үг.
Шинэ Ерөнхий сайдыг УИХ-аар батламжлах үед МАН-ын бүлгийн “сөрөг” 32 гишүүн чуулганы хуралдааныг ирцээрээ бойкотлоод байх үед АН-ын бүлгийн гишүүд л аминд нь орсныг У.Хүрэлсүх мартана гэж үү. Хэвлэлийнхний бичиж байгаачлан хэрэв АН бүлгээрээ хуралдааны ирцийг хааж боосон бол МАН-ын байдал тун түвэгтэй болж, шинэ Засгийн газар байгуулагдаж чадахгүйд хүрч магадгүй байсан нь үнэн. Энэ “гавьяагаа” тэд үнэ хүргэж, шинээр томилогдсон Ерөнхий сайдад өөрсдийн саналаа саадгүй тулгаж ч чадсан.
Тэд бөхийн барилдаанаар бол баараггүй барьц аваад байгаа хэрэг. Магадгүй тэд энэ засагт намын даргаас нь илүү нөлөөтэй байх шиг…
Уг нь парламентад олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нь тоглоомын дүрэм. Гэхдээ өнөөгийнх шиг сөрөг хүчин нь өөрийн намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй хүч хавсран Засгийн газрын бүрэлдэхүүн, сайдын суудал дээр “тохиролцоо” хийх хэмжээнд хүчтэй яригдаж байгаа нөхцөлд шинэ засаг хоёр намын мөрийн хөтөлбөрийн “холимгоор” хойшид ажиллахад гайхахааргүй боллоо.
Учир нь тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход замыг нь төдийгүй заяаг нь засаж, улс төрийн том дэмжлэг болсон. Цаашид тогтвортой ажиллах эсэх нь тус бүлгийн байр сууриас тодорхой хэмжээнд хамаарах учраас дургүйцлийг нь хүргэхээс зайлсхийх болов уу. Чухам ийм учраас л энэ удаад Ардчилсан намын бүлэг сүр хүч бүхий сөрөг хүчин болж томорлоо.
А.Алиман
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.