ХӨВСГӨЛИЙН АЛДАРТ ТУВААНЫ БАЛЖИР УДГАН БӨӨ МӨРГӨЛ бол ТОГЛООМ БИШ

11983

БӨӨ – ЛАМ хоёрыг зөрчилдүүлэх хүмүүс АЛДААГАА УХААР.
Энэ бол Хүн гүрнээс улбаатай ардын ГҮН УХААН
Доромжилж үл болно. Буруугаар бусдыг айлгаж ҮЛ болно.
Буруудуулж ЗЭВСЭГ болгож үл болно.
Дархадын алдарт Тувааны Балжир удганы ярилцлагыг орууллаа.
- Бөө удам дагадаг гэдэг. Ингэхэд таны удамд….
-Би залуудаа бөө, ламд дургүй, тэднийгээ аальтай элэглэж явсан юм билээ. Хорин наймтайдаа гэнэт элийрээд бие муудаж эхэллээ. Хэвтэрт орж, яр шаваад эдгэдэггүй. Бөөлвөл эдгэнэ гэхээр нь муухай юмыг би бөөлөхгүй хэвтэж байх. Ах дүү нар маань намайг ухаангүй хэвтэж байхад барж аваачаад хүчээр бөөлүүлсэн. Тэгээд гурав хоногийн дотор эдгэчихсэн юм. 30 насан дээрээ анх энгэж бөөлсөн.Үүнээс хойш 60 жил онгод, тэнгэрийг тахилаа.
-Тэр цагт таныг бөөлөхийг хориглож байв уу?
-Би шашинтай төрд хүн болсон хүн. 25 настай байхад, хувьсгалт төрийн үед, бөө нарыг цөмийг нь бариад явчихсан. Харин намайг хориглоогүй. Би бодохдоо, түүхийг “юм” дагадаг байх, би түүх болж үлдсэн юм болов уу л гэж боддог.
-Та залуудаа аль хэр бөөлж байв ?
- Үхэх гэж буй хүнд арга засал хийж бөөлнө, бөөлөхөд ясны онгод өнөө хүнийг чинь үзээд, энэ жил үхэх байсан бол хойд жил болтол, тэгээд улам цаашлуулж уламжлаад л нөгөө хүнийг чинь үхүүлэхгүй давуулж орхино доо. Гарз гарч байгаа айлын гарзны талын учрыг нь олоод үүдийг хааж орхино.
-Бөө нар хүчээ сорьдог уу?
- Тайгаас урианхай нар манайд ирсэн. Урианхайн онгод, хүн хоролдог юм гэсэн гэж бодоод л баахан айж, хүчээ үзэх гээд бөөлөв. Тэгсэн худал юм. Урианхай нар чинь онгодгүй, тайгын савдгууд, эзэд, лус тийм юмаар л аргалж явдаг бөөгүй улс юм билээ. Би бол хангай дэлхийн аль ч савдагтай элэглэж наадаж явдаг удган хүн, хаанахын ч савдгийг түүгээд л бөөлнө. Халхууд онгодтой, бөөгүй юм шүү дээ. Тэд одоо атаа таван тэнгэр гэж ганц “юмтай” бид гэдэг юм. Тэр яахав, амьд амьтанд байх ёстой л юмны нэг. Онгод ч гэж, бурхан ч гэж зүйрлэж хэлж болшгүй тийм л нэг байгаа юм.
-Та багшийнхаа талаар….
-Сандиг зайран гэж хүн байсан. Маш олон хүнийг мэргэлж, үзэхэд төлөг нь таарч байж энэ хүний шавь болсон. Багш минь эх юм зааж өгсөн дөө. Гурван жил багшаар өөрийн онгодоо тахиулж, гурван жил багшийн онгодыг тахисны дараа багш маань “Чи гараас гарлаа, хүнд арга засал хийж яваарай, тууг битгий хийгээрэй, дандаа сайхан цагаан санаагаар ач тус хийж яваарай” гэж захисан юм. Тэрнээс хойш 3 жилийн дараа багш минь баригдаж яваад эргэж эрээгүй. Алагдсан гэрэг л дээ.
-Багш тань таны онгодыг яаж амилуулж өгөв?
-Ядарч байж л оруулсан даа. Тэгээд гурван жилдээ л хүнийг шууд хараад таньдаг болсон. Ер нь яая л гэвэл яаж болно. Онгодын надад хэлсэн юм туйлын үнэн байдаг юм. Ердөө худал хэлдэггүй юм.
-Онгод гэж ер нь юу юм бэ?
-Дүрсэлбэл шуурга шиг, хуй салхи шиг тэнгэрийн луу гэдэг л юм. Бодит талдаа бол ханын толгойд өлгөөстэй даавуугаар хийсэн тэр зүйл юм. Надад бүтээсэн зөндөө олон онгод авдраар дүүрэн бий. Тэрийгээ тахиж явдаг юм. Онгод орохлоор зэрэг өвч хуяг, дээл хувцас өмссөн юм шиг бүх биеэр битүү хуяглаж, бүх мах ясаар дүүрээд ирдэг.
-Онгод ирж байгаа нь мэдэгддэг үү?
-Мэдэгдэлгүй яахав. Аяндаа орж эрээд л, хэлэх юмаа хэлээд л бөөлж байх үед ухаан улам саруул сайхан болдог. Би одоо нас ная гараад, бөөлж чадахаа байгаад байна. Энэ хэрэглэл чинь маш хүнд эд юм шүү дээ. Одоо цаашаа харж сууж байгаад манжгаараа бөөлдөг болсон. Онгод намайг захирхаас биш, би онгодоо захирч чадахгүй болжээ. Онгод худлаа хэлсэн хүнийг битий худлаа хэл гэж хэлээд л байдаг юм. Цаад хүнийх нь хорлол хатуу, нүүр таагүй хүнд бөөлөхөд өөрийн ясны онгодоороо хуяглаж чадахгүй бол өөрийгөө ч хорлож орхин шүү дээ.
-Та шавьтай юу?
-Байхгүй, Тэр тийм амар юм биш.
-Одоо алдартай том бөө би юу?
-Өөдтэй бөө байхгүй болж дээ. Худал бөө нар тун олон болсон.
-Яагаад? бөөгийн удам тасарч…
-Хувьсгалт төрийн үед лам, бөө хоёрыг үгүй хийсэн юм шүү дээ.
-Та юугаар мэргэлж үздэг вэ?
-Би дал түлж мэргэлдэг. Дал ч мэргэн дээ. Хүний санаа хүртэл ил байдаг юм.
Т.Балжир удганы тамлага:
Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчлахыг үзнэ хө
Хэлсэн санасныхаа төлөө
Хэмжээгүй муухай тарчилж
Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
Хааяа намайг дуудаж хашиграарай !
Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
Сайн зангаж хяргаарай /Хутгаараа/
Хар санаатныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгөө дууд! Хадгаараа
Ангайх хэлийг тасал! Хутгаараа
Халзан цагаан хонинд сайн мөргүүл
Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ!

https://www.facebook.com/boomorgols/posts/847145638751070:0
Зурагт. Бөө судлаач О.Пүрэв

11986  11984

11985

 


URL:

Нэр: зочин Огноо: 18 October 2017

Урт наслаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.